Би ахынхаа төлөө онцгой зүйл хийж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Би ахынхаа төлөө онцгой зүйл хийж чадахгүй

ЙЕНГЛАК ЧИНАВАТРА: БИ АХЫНХАА ТӨЛӨӨ ОНЦГОЙ ЗҮЙЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ

Тайланд улс 63 сая хүн амтай. Түүний 47 сая нь бүх нийтийн сонгуульд оролцож, ирэх дөрвөн жилд хэнд итгэж хувь заяагаа даатгахаа шийдэх түүхэн сонголтоо хийлээ.  Тус улсын хувьд, нам хоорондын зөрчилдөөн, авлига, хээл ха­хууль, улс төрийн байдал зэрэг нь төр засаг тогтворгүй байхын гол үндэс болоод байв. Тиймээс ч Тайландын ард иргэд бусад улсын жишгээр шударга ёс, эрх чөлөө, амар тайван амьдралыг төрийн зүгээс хүсэж, шаардаж, түүнийхээ төлөө тэмцдэг. Тайландын парламент 500 гишүүний суудалтай. Энэ жилийн парламентын сонгуульд хоёр нам өрсөлдөж байгаагийн нэг нь одоогийн Ерөнхий сайд Абхисит Ветчачивагийн Ардчилсан нам, нөгөө нь Таксин Чинаватрагийн Пэй Тай нам билээ.  Тайландын ард түмэн 2006 онд төрийн эргэлт хийсэн боловч төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, ард түмэнд үзүүлж буй халамжид сэтгэл хангалуун бус байдаг билээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон парламентын сонгуульд экс Ерөнхий сайд Таксин Чи­наватрагийн охин дүү Йенглак Чинаватра томоохон дэмжлэг авч ялалт байгууллаа. Энэ удаагийн сонгуулиар Пэй Тай намаас 262 гишүүн сонгогдож ийнхүү ялалт байгуулжээ.

CNN агентлагийн сурвалжлагч Тайланд улсаас сонгуулийн үйл явц хэрхэн өрнөсөн талаар мэдээлсэн юм. Өнгөрсөн ням гарагийн өглөөний 08 цагт эхэлсэн санал хураалтын урьдчилсан дүнг 18 цагийн үед танилцуулжээ. Энэ үед ажиглагчид “Ялалт Пэй Тай намын талд эргэсэн” хэмээн таамаглал дэвшүүлж байв. Харин Ардчилсан намын гишүүдийн санал хураалтын ажиллагаа дуустал горьдлого тээсээр байлаа. Түүнчлэн одоогийн Ерөнхий сайд  Абхисит Ветчачива өчигдөр оройн 19 цагийн үед мэдэгдэл хийж, “Ялалт аль талд эргэхийг хэлэх болоогүй байна. Албан ёсны хариу 22 цагт гарна” хэмээж байжээ. BBC агентлагийн мэдээлснээр Пэй Тай намын гишүүдэд санал өгсөн сонгогчдын дийлэнх нь 18 цагаас эхлээд шөнөжин ялалтаа тэмдэглэсэн аж. Хэдийгээр сөрөг хүчнийхэн 238 санал авсан ч дараагийн сонгуулиар  бүх зүйл өөрчлөгдсөн байна гэдэгт итгэж байгаагаа  орон нутгийн хэвлэлийнхэнд илэрхийлжээ.

Сонгуулийн эцсийн дүн гарч Тайланд улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд ард түмэндээ хандан үг хэлсэн юм. Тэрбээр “Юуны өмнө манай намыг сонгосон та бүхэндээ баярлаж байгаагаа илэрхийлье. Бид ард түмнийхээ итгэлийг алдахгүй сайн ажиллах болно. Эхний ээлжинд санхүүгийн бэрхшээлийг ард түмэнтэйгээ хамтдаа даван туулж, эдийн засгийн хувьд томоохон тусламж үзүүлэх болно” гэжээ. Мөн энэ үеэр Таксин Чинаватрагийн зурагтай туг Пэй Тай намын сонгуулийн штабын дээвэр дээр намирч, Йенглак Чинаватрагийн зурагт хувцсаар ижилссэн   сонгогчид баяраа тэм­дэглэцгээж байв.

Йенглакийг үг хэлж байхад түүний ах Таксин Чинаватра Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотоос баяр хүргэж, “Аль-Жазийра” телевизээр үг хэлсэн аж. Тэрбээр “Миний дүү анхны эмэгтэй Ерөнхий сайд болсонд баяртай байна. Би яг одоо эх орондоо эргэн очмоор байгаа ч зөв цаг, мөчийг хүлээж сууна. Цаг нь ирэхээр ард түмэндээ очно” гэсэн нь олныг гайхшруулжээ.

Сонгуулийн үеэр ард түмэн 2006 оны есдүгээр сарын 19-ны хар өдрийг эргэн санаж, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн байна. Энэ өдөр ард түмэн төрийн эсрэг жагсч, улс төрийн эргэлт хийснээр иргэд их хэмжээний хохирол амссан билээ. Харин өнгөрсөн онд Засгийн газрыг огцрохыг шаардсан мөргөлдөөн болж, энэ үеэр 91 хүн амь үрэгдэж, 2000 гаруй хүн бэртэж гэмтсэн юм. Тайландын улс төр судлаачид  энэ удаагийн сонгуулийг “Түүхэн өөрчлөлтийн нэгээхэн хэсэг” хэмээн тайлбарлаж, “Тайланд улсад өнгөрсөн 79 жилийн хугацаанд байгаагүй томоохон өөрчлөлтийг Йенглак Чинаватра авчирлаа” хэмээцгээж байна.

Энэ удаагийн сонгуулийг олон улсын хэвлэл мэдээллийн  хэрэгслүүд “Ард түмний ялалт” хэмээн онцолжээ. Зарим эх сурвалж “Сонгууль шударга болсон уу” гэсэн байр сууринаас хандсан нийтлэлүүд гаргаж байсантай холбогдуулан тус улсын СЕХ-оос “Сонгууль шударга явагдаж, ард түмэн сэтгэл хангалуун байгаа” хэмээн олон нийтэд мэдээлэв.

CNN агентлагийн сэтгүүлч Сара Сиднер  Йенглак Чинаватрад хандан ирээдүйн зорилтынх нь  талаар хэдэн асуулт тавьсан байна.

-Танай нам ялалт байгууллаа. Та ахыгаа эх оронд нь эргүүлэн авчрах арга хэмжээ авах уу?

-Би ахынхаа төлөө ямар ч онцгой зүйл хийж чадахгүй. Бүх зүйл хууль журмын дагуу явагдах болно.

-Та ард түмэндээ хандан юу гэж хэлмээр байна вэ?

-Юуны өмнө надад ийм том хариуцлага хүлээлгэсэнд талархаж байна. Цаашид сайн ажиллана гэдэгт эргэлзэх хэрэггүй гэдгээ ард түмэндээ хэлмээр байна гэжээ.

Тус улсын сөрөг хүчний тэргүүн, одоогийн Ерөнхий сайд Абхисит Ветчачива үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр шийдсэн тухайгаа олон нийтэд мэдэгджээ. Ийнхүү Тайланд улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд сонгогдож, ирэх дөрвөн жил Пэй Тай нам төрийн эрхийг гартаа авах нь тодорхой боллоо.

Б.БААТАР

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж