Загварын ертөнцийн мастерууд хүүхэд насны дурсамжийнхаа тухай, ажлынхаа тухай, бас өрсөлдөгчдийнхөө талаар юу ярьсаныг “Couture Confessions” номоос уншаарай.
Хэвлэлийн Rizzoli компани “Couture Confessions: Fashion Legends in Their Own Words” нэртэй номыг хэвлэн гаргажээ. Номыг бүтээгч Памела Гольбен загварын ертөнцийн агуу мастеруудтай энгийн яриа өрнүүлж байгаагаар зохиожээ.
Эдүгээ ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн загварын 11 суутантай зохиогч амьд ахуй цагт нь ярилцаж амжжээ.
Домогт дизайнерууд амьдралдаа ямар хүмүүс байсныг ном харуулжээ. Тухайлбал, Кристиан Диор ихээхэн яриа хүн байжээ гэж уншигч ойлгох бол Габриэль Шанель амьдралд нухацтай ханддаг, Александр Маккуин илэн далангуй шударга хүн байсныг харж болно. Хатуу хавтастайгаар хэвлэгдсэн энэ номонд кутюрье нар хүүхэд ахуй цагаа болон ажлынхаа тухай өгүүлж, тэдний сонирхолтой хөрөг зургаар чимжээ.
Чанар муутай олон цүнхтэй байснаас нэг сайн цүнхтэй байх нь дээр гэсэн зөвлөгөөг Эльза Скьяпарелли өгчээ. Өрсөлдөгчгүй байх нь илүү хүнд байдаг тухай Шанель яриад Баленсиа бол түүний ганц дуртай дизайнер гэдгийг хэлсэн байна. Мөн Ив Сен-Лораныг мэдрэмж сайтай гэж үнэлдэгээ Шанель хэлжээ. Харин Маккуин айдас бол ажил амьдралын хөдөлгүүр гэж боддогоо өгүүлнэ.
Couture Confessions: Fashion Legends in Their Own Words номыг зургадугаар сарын 7-ноос Amazon сайтаар захиалж болно. Үнэ нь 26 ам.доллар байх ажээ. Одоо бол урьдчилсан захиалга өгч болох гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР