Вакциныг амралтын өдрүүдэд хийх үү?

Хуучирсан мэдээ: 2016.05.13-нд нийтлэгдсэн

Вакциныг амралтын өдрүүдэд хийх үү?

Энэ асуултыг 18-30 насныхан асуух боллоо. Учир нь, тавдугаар сарын 12-ноос эхэлсэн улаанбурханы нэмэлт вакцинд дээрх насны залуучуудыг хамруулж байгаа бөгөөд залуучуудын олонх нь ажлын өдрүүдэд хичээл сургуультай байгаагаас амралтын өдрүүдэд вакцин хийлгэх хүсэлтэй байна. Хүн ам олноороо төвлөрсөн нийслэл Улаанбаатар хотод вакцинжуулалтыг хэрхэн зохион байгуулж буй тухай бид НЭМГ-ын мэргэжилтэн Б.Баатарсүхээс тодрууллаа.

-18-30 насны залуучуудын олонх нь Улаанбаатарт аж төрж байгаа. Тэднийг  вакцинд бүрэн хамруулахад хэрхэн анхаарч байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд урьдчилсан байдлаар 18-30 насны 301 мянга гаруй залуучууд нэмэлт вакцинжуулалтад хамрагдана гэсэн урьдчилсан тоо гарсан. Тэднийг вакцинд хамруулахын тулд вакцинжуулалтын байнгын цэг 142, түр цэг 641, явуулын баг 147-г ажиллуулж байна.  Нэмэлт вакцинжуулалтад 2239 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, туслах ажилтан оролцож байгаа. Мөн 722 сайн дурын идэвхтэн иргэн оролцож байна.

-Вакциныг голчлон дүүргийн Эрүүл мэндийн төв болоод хороодын өрхийн эмнэлэгт хийлгэж байгаа болов уу. Эдгээр эмнэлгүүд хагас, бүтэн сайнд ажиллах уу?

-Цэг нэг бүрийн ажиллах хуваарийг хэлэх боломжгүй. Тухайн бүс нутагт хэрхэн зохион байгуулж байгаагаас хамаарна. Өрхийн эмнэлгүүд Бямба гаригт ажилладаг. Харин Нямд амардаг онцлогтой. Тухайн дүүрэг, хорооныхон амрахгүй байхаар зохион байгуулсан байхыг үгүйсгэхгүй. Иймд вакцинд хамрагдах сонирхолтой хүмүүс харъяа дүүрэг, хорооноосоо тодруулан асуух нь зөв юм. Түр цэгүүдийн хувьд их дээд сургууль, олон ажиллагсадтай байгууллага,  аж ахуйн нэгжид очиж газар дээр нь үйлчилж байгаа. Явуулын багийнхан бол  алслагдмал дүүрэг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэхийн дээр Улаанчулуутын хогийн цэгт очиж үйлчилж байгаа.

-Нэмэлт дархлаажуулалт  хэзээ дуусах  вэ?

-Вакцинжуулалт тавдугаар сарын 12-ны өдөр эхэлсэн. Тавдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

-Улаанбурханы эсрэг вакцины нэмэлт тунг хийлгэх нь аюулгүй юу гэсэн асуулт их ирж байна л даа?

-Өмнө нь вакцин хийлгэсэн, хийлгээгүйгээс үл хамааран нэмэлт тунг хийлгэхэд аюулгүй. Гэхдээ улаанбурханы вакциныг сараас нэг сарын дотор хийлгээд байгаа хүнд хийхгүй.  

Яагаад дан улаанбурхан биш улаанбурхан-улаануудын хавсарсан вакцин хийж байгаа юм бэ?

-Монгол Улсад улаанбурхан-улаануудын хавсарсан вакцинаар нэмэлт дархлаажуулалтыг  2012 онд хийж, 3-14 насны хүүхдүүдийг хамруулсан. Тиймээс 1998 оноос хойш төрсөн хүүхдүүд улаануудаас сэргийлэх вакцин хийлгэсэн гэсэн үг. Одоо хийж буй  нэмэлт дархлаажуулалт улаанбурхан-улаануудын хавсарсан вакцин тул 18-30 насныхан  улаануудаар өвчлөх, уг өвчин хожим нь дэгдэх, улаануудаас үүдэлтэй төрөлхийн гажигийн синдромыг бууруулах зэрэг олон давуу талтай тул хавсарч хийж байгаа.

-Вакцин хийлгэж болохгүй сөрөг заалт бий юу?

-Хэдийгээр амьдрал дээр ил нотлогдоогүй ч онолын үүднээс жирэмсэн эхийн урагт төрөлхийн гажиг үүсгэх эрдсдэл бий гэж үздэг тул улаанудын вакциныг жирэмсэн эмэгтэйд хийхээс зайлсхийх хэрэгтэй. Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа эмэгтэйчүүд жирэмслэлтээ улаануудын вакцин хийлгэснээсээ хойш нэг  сарын хугацаагаар хойшлуулахыг зөвлөж байгаа.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж