Монголын тал өөрийн байр суурин дээр хатуу зогсож чадсанаар хөрөнгө оруулагчид манайд 500 сая ам.долларыг буцалтгүйгээр шууд олгож, дахин нэмж 500 сая ам.долларыг урьдчилгаа болгон өгөхөөр болжээ. Түүнчлэн Монгол Улсад төлөх бүх татвар, хураамжаас гадна “Эрдэнэс Тавантолгой” компанид тээврийн зардлыг хассан борлуулалтын орлогоос 5 хувьтай тэнцэх төлбөрийг мөн өгөхөөр тохиролцсон байна.
Хэлэлцээрийн явцад БНХАУ-ын Шинхуа групп 40, АНУ-ын Пибоди 24, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувь /18:18/-ийг хамтран эзэмшихээр болжээ. Засгийн газрын гишүүд гэрээний төсөлтэй танилцаад Ажлын хэсгийг сайн ажилласан гэж үнэллээ. Төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж ирэх лхагва гарагт Улсын Их Хуралд өргөн барихаар болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.