Сонгуулийн Ерөнхий Хорооноос Нийслэлийн сонгуулийн хороог 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор нийт есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. Энэ хугацаанд хуульд заасан хугацаанд буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 22–ны өдөр анхны хуралдааныг хийж гишүүдийн ажил үүргийн хувиарыг батлан, дүүргийн сонгуулийн хороодыг байгуулсан. Нийслэлийн сонгуулийн хороо нийт таван удаа хуралдаж нийслэлийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулах дараах бэлтгэл ажлыг хийжээ.
Нэрсийн жагсаалтад нийт 924629 сонгогч бүртгэлтэй байна
Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасны дагуу Иргэний бүртгэл мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлд үндэслэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд саналаа өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг дүүрэг, хороо тус бүрээр гарган 2016 оны гуравдугаар сарын 1-нд цахим хуудаст байрлуулсан. Мөн сонгогч нэг бүрийг өөрийн мэдээлэлтэй танилцах зорилгоор УБСЕГ-ын www.burtgel.mn веб сайтад нэрийн жагсаалтыг байршуулсан.
Хуулинд заасны дагуу дөрөвдүгээр сарын 30-нд Засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжих хөдөлгөөнийг зогсоосон байгаа.
Өнөөдрийн байдлаар 2016 оны УИХ-ын болон НИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 924629 сонгогч бүртгэгдсэн байна. Үүнд:
Багануур дүүрэгт – 19,442 буюу нийт сонгогчдын 2.1%
Бага хангай дүүрэгт – 2,798 буюу 0.3%
Баянгол дүүрэгт – 140,846 буюу 15.2%
Баянзүрх дүүрэгт – 220,130 буюу 23.8%
Налайх дүүрэгт – 23,976 буюу 2.5%
Сонгино хайрхан дүүрэг – 205,276 буюу 22.2%
Сүхбаатар дүүрэгт – 96.265 буюу 10.3%
Хан-Уул дүүрэгт – 105.874 буюу 11.5%
Чингэлтэй дүүрэгт – 111.022 буюу 12.0% сонгогч бүртгэгдсэн байна.
Дээрх сонгогчдын саналыг Нийслэлийн хэмжээнд нийт 396 санал авах байранд авна. Одоогоор Нийслэлийн сонгуулийн хороо, дүүргийн сонгуулийн хороогоор дамжуулан санал авах байрны бэлтгэл ажлыг хангуулж байна. Тухайлбал санал авах байрны цахилгааны хангамж, аюулгүй байдал, мэдээлэл харилцаа холбооны найдвартай ажиллагаа зэргийг шалгаж дүгнэлт гаргаж байна.
Нийслэлийн сонгуулийн хороо болон дүүргийн сонгуулийн хорооны дэргэд санал хураалтын автоматжуулсан системийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хариуцан ажиллах Мэдээллийн технологийн багууд байгуулагдан холбогдох сургалтад хамрагдан ажиллаж байна.
Нам эвслээс нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч дууслаа
Сонгуулийн тухай хуулийн 153.1 дэх заалтын дагуу НИТХ-ын сонгуульд оролцохоор 13 нам, хоёр эвсэл дөрөвдүгээр сарын 30-ны дотор хүсэлтээ ирүүлснээс хуулийн дагуу өчигдөр буюу 12-ны өдрийн 17.00 цагаас өмнө 11 нам, хоёр эвсэл нэр дэвшигчдийнхээ материалыг ирүүллээ. Үүнээс :
МАН – 45
АН – 45
ИЗНН – 18
МУНН – 3
БНН – 21
МСДН – 11
ИХН – 44
Хөгжлийн хөтөлбөр нам – 6
МАХН – 45
Хөдөлмөрийн үндэсний нам – 29
Монгол консерватив нам – 10
Эх орончдын нэгдсэн эвсэл – 5
ТТЭН-ийн эвсэл – 32 буюу нийт 314 нэр дэвшигч материалаа ирүүлээд байна. Эдгээр нэр дэвшигчийг хуулийн дагуу 2016 оны тавдугаар сарын 17-ны дотор бүртгэх эсэх шийдвэрийг хороо гаргон нийтэд мэдээлэх юм.
Бие даагч найман хүний материал хүлээн аваад байна
НИТХ-ын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлсэн найман нэр дэвшигчийн материалыг одоогийн байдлаар хүлээн авчээ. Хуульд заасны дагуу дээрх нэр дэвшигчдийн ирүүлсэн сонгогч дэмжигчдийн цуглуулсан гарын үсгийг нягтлан шалгуулахаар Дүүргүүдийн сонгуулийн хороонд хүргүүллээ.
Санал авах байранд ажиллах хүмүүсийн сургалаа
Нийслэлийн хэмжээнд есөн дүүргийн сонгуулийн хороо болон 396 хэсэгт ажиллах сонгуулийн хорооны гишүүд, ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчаар нийт 2772 төрийн албан хаагч энэ удаагийн сонгуулийн зохион байгуулалтын үйл ажиллагаанд оролцох ёстой.
Нийслэлийн сонгуулийн хороо сонгуулийн ажилтны мэдээллийн сан бүрдүүлэх боловсон хүчнээ мэргэшүүлэх зорилгоор 2016 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн 2347 төрийн албан хаагч сургалтад хамрагджээ.
Тавдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Багахангай, Багануур, Налайх дүүргийн нийт 200 төрийн албан хаагчдын сургалтыг тухайн дүүргүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.
ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО