Наадам эхэлснийг сануулж, өчигдөр 1000 морин хуурч Сүхбаатарын талбайд чууллаа. “Хоёрхон сая хүнтэй хэрнээ 1000 нь морин хуурч гэнэ ээ, Цаана нь энд ирээгүй бүр ч олон хуурч байгаа даа” гэлцэн гаднынхан гайхаж хоцров. Түүнчлэн Монгол туургатны соёлын өдрүүдийн нээлтийн ёслол эхэллээ. Монгол гэдэг нэгэн нэрийг өөриймсөн, бидний “тасарсан мах, үсэрсэн цус” хэмээн элэг эмтрэн суудаг олон овог үндэстэн бий. Тэдэнтэйгээ бүлээ нэгтгэхээр “Дэлхий дүүрэн Монгол” болдгийн учир энэ. Өнөөдрөөс эхлэн “1921 оны хувьсгал ба Монголын орчин үеийн түүхийн судлал” нэртэй эрдэм шинжилгээний хурал болох юм байна. Эрдэмтэд хоёр өдрийн турш хуран чуулах энэ үеэр л тусгаар тогтнолын түүх, цаашилбал 90 жилийн ойгоо уралдан тэмдэглээд байгаа МАН, МАХН хоёрын хэн нь ах, дүү болохыг олж мэдэж магад. Харин энэ сарын еснөөс хүүхдийн сурын харваагаар л “Эрийн гурван наадам” эхэлнэ дээ. Наадам эхлэх сайхан. Харин наадмын дараа л өөрийн эрхгүй “Дараа жилийн наадам даанч хол байна даа” гэж шивнэмээр.
Наадам эхэллээ
Наадам өнөөдрөөс эхэлж байна. Хүй цөглөсөн газарт минь Хүннү гүрэн улс байгуулагдаж, гал голомтоо бадраасны 2220 жилийн ой тохиож байна. Урьд хожид дуулдаж байгаагүй түүхт ой өнөө жилийн наадмын хамгийн өндөр цол чимэг төдийгүй хүн төрөлхтөний анхдагчдын нэг нь Монгол юм шүү гэдгийг сануулж буй. Харин Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой хэдийнэ дэлхийн танил тэмдэглэлт өдөр болсон. Сонирхолтой нь Монгол Улсын Тусгаар тогтнолын 100 жилийн ой АНУ-ын Тусгаар тогтнолын баяртай давхцаж буй. Хошигнож хэлэхэд дэлхийн их гүрэн 268 сая иргэнийхээ хамт манай баярыг тэмдэглэж өгөөд ч байгаа юм шиг. Хамгийн отгон ой нь Ардын хувьсгал ялсны 90 жил. Сонин юм шүү. Ийм олон том ой, дэлхийд гайхуулсан түүхээсээ зөвхөн Ардын хувьсгалыг л онцолж, наадаад байж шүү дээ. Бодвол МАН, МАХН хоёрын нэгний л түрүүчийн зуунд хийсэн алдаа байх аа даа.
У.ОРГИЛМАА