УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон байсан ч одоо хэр нь ирц бүрдэхгүй байна.
Чуулганы танхимд МАН-ын бүлгийн гишүүд орж ирэхгүй байгаа бөгөөд Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар орж ирсэн байгаа ч картаа уншиуулж, ирцэнд орохгүй байгаа аж. Чуулганы хуралдааныг даргалж байгаа УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж МАН-ын бүлгийн гишүүдийг картаа уншуулж ирцэнд орохыг хүсэв.
Өчигдөр орой баталсан сонгуулийн тойрог, мандатыг тогтоох тухай тогтоолыг Ардчилсан нам хүч түрэн баталсан гэсэн байр суурьтай байгаа учраас олонхийн бүлэг өөрсдөө ирцээ бүрдүүлээд чуулганы нэгдсэн хуралдаанаа эхлүүлэх ёстой гэсэн байр суурь барьж буй аж. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Та нар хүч түрээд явдаг, сонгууль үймүүлэх гэж байна. Ингэж болохгүй” гэсэн тайлбарыг хурал даргалагчид хэлээд мөн л картаа уншуулахгүйгээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг ирцээ бүрдүүлэхийг шаардлаа.
Чуулганы хуралдаан эхэлсэн нөхцөлд Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм.
Г.ДАРЬ