Зүүн Өмнөд Ази халж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.13-нд нийтлэгдсэн

Зүүн Өмнөд Ази халж байна

Зүүн Өмнөд Азид хэт халалтын улмаас ган гачиг, усны хомсдол үүсч, сургууль цэцэрлэгүүд хаагдан, ан амьтад үхэж байна. Тайланд, Лаос, Кампуч улсад агаарын температур 44.6°C хүрч халж байгааг цаг уурын хүрээлэнгүүд мэдээлэв. Хэт халалтын улмаас цагаан будааны ургац муудаж, улмаар  хүнсний хомсдол, үнийн өсөлт үүсэхийг эдийн засагчид анхааруулжээ. Цагаан будааны хамгийн том экспортлогч орон Тайландад хэт халуун, бороо хур багатай буйгаас ургацынхаа талыг алдахад хүрээд байгаа аж. Мөн Вьетнам улс энэ жил их хэмжээний үр тарианы ургац алдаж байгааг хөдөө аж ахуйн албаныхан мэдээлэв. Хэрэв Тайланд, Вьетнам хангалттай цагаан будааны ургац авч чадахгүй бол Филиппин, Индонез шиг импортлогч орнууд хомсдолд орж үнэ өсөх нь тодорхой байна.

Сингапур, Малайзад агаарын температур дээд амжилт тогтоох хэмжээнд хүрээгүй ч халуун байна. Кампуч улсад олон тооны худаг ширгэж, ундны усны хомсдол үүсч эхлээд байгаа аж. Кампучийн Засгийн газраас сургуулийн хичээлийн цагийг багасгаж, үдийн халууны үеэр завсарлага авах заавар гаргажээ. Малайзад сурагчдын эрүүл мэндийг хамгаалахын тулд хэт халалтын бүс дэх 250 сургуулийг хаасан аж. Ган гачгийн улмаас хүнсний ногооны ургац муудаж, экспортоо танаснаар Сингапурт үнэ нь 40 хувиар өсөөд байгаа аж. Хаа саагүй ган гачиг, усны хомсдлын улмаас ан амьтад үхэж хорогдсоор байна. Тухайлбал, Вьетнамд хоёр заан үхсэн байна. Мөн Кампучид хэт халуун наранд усгүй удаан явснаас нэгэн хөгшин заан жуулчдыг суулгаж яваад үхжээ. Үүнээс үүдэн жуулчдад заан унуулахыг зогсоохыг шаардан жагссан юм. Индонезийн ойд түймэр гарснаас олон тооны ан амьтад үхсэн байна.

Зүүн Өмнөд Азийн хамгийн том мөрөн Меконгийн усны түвшин эрс дундарсан байна. Вьетнамын Засгийн газрын мэдээлснээр Меконг мөрний усны түвшин 1923 оноос хойш хамгийн бага хэмжээнд хүрчээ.

Эх сурвалж: CNN

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж