Сурагчдыг хордуулсан компанийн үйлдвэрлэлийг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2016.05.13-нд нийтлэгдсэн

Сурагчдыг хордуулсан компанийн үйлдвэрлэлийг зогсоожээ

Нийслэлийн 61 дүгээр сургуулийн 3г ангийн 23 сурагч үдийн цайнд өгсөн хүнснээс хордож эмнэлэгт ханджээ.

Тус сургуулийн хувьд галт тогоо байхгүй учраас “Айплмүүн”, “Хаан сүү” компаниудтай гэрээтэйгээр үдийн цайгаа нийлүүлдэг байсан аж. Улмаар энэ сарын 3-ны өдөр тус сургуулийн өглөөний ээлжийн 1-3 дугаар ангийн зургаан бүлгийн 202 сурагч үдийн цайнд оржээ. Гэтэл үдийн цайнаас 20-30 минутын дараагаас 3г ангийн 14 сурагч халуурч, толгой эргэж, бөөлжиж Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ хүргэгджээ. Улмаар дөрвөн сурагч эмнэлэгт хэвтэхээс аргагүйд хүрсэн байна. Мөн 19 сурагч өрхийн эмчийн хяналтад оржээ.  

Тухайн өдөр үдийн цайнд дээрх хоёр компанийн жимстэй боов, жимсний жүүсийг сурагчдад өгсөн байна. Энэ дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид бүтээгдэхүүний дээжийг лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ. Улмаар бүтээгдэхүүнийг буцааж, устгуулжээ. Одоогоор дээрх хоёр компанийн үйлдвэрүүдэд шалгалт явуулж байгаа гэлээ.

Ямартай ч дээрх хоёр компанийн тухайн чиглэлийн үйлдвэрлэлийн үйл ажиллгааг зогсоожээ. Мөн зөрчлөө арилгах арга хэмжээ, 61 дүгээр сургуультай хийсэн гэрээг цуцалсан байна.

Үүнээс гадна нийслэлд шаардлага хангаагүй хүнснээс үүдэн 155 хүн хордлогонд орсон хэрэг өнгөрсөн сарын 24-нд гарчээ. “Ньюсвийтфүүдс” компанийн үйлдвэрлэсэн эклер нь хадгалалтын шаардлага хангаагүй, нянгийн үржих нөхцөлийг бүрдүүлсний улмаас “Salmonell enteritidis” гэх бодис үүсч улмаар хоолны хордлого үүсгэсэн нь тогтоогджээ.

Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэн 155 хүний 97 нь эмнэлэгт хэвтэхээс аргагүй нөхцөл үүссэн байна. Иймээс тус компанийг “Эрүүл ахуйн тухай” хуулийн дагуу гурван сая төгрөгөөр торгож, холбогдох хэсгийн үйлдвэрлэлийг зогсоожээ. Мөн сая гаруй төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хурааж устгах арга хэмжээ авсан байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж