МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг “Ярилцах танхим”-даа урилаа. “Тэрбээр Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнөөс зохион байгуулсан бүх ард түмний санал асуулгын үндэсний хорооны даргаар ажилласан юм.
-”Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнөөс бүх ард түмний хуралдай зарлаж, өчигдөр дүнгээ нэгтгэлээ. Санал асуулгын хариуд ямар үр дүн гарсан бэ?
-Бүх ард түмний хуралдайн үеэр УИХ-д шаардлага хүргүүлж байсан ч тэд “Та бүхэн ард түмэн биш” хэмээн мэдэгдэж, бидний тавьсан шаардлагыг “Хэрэгжих боломжгүй зүйл” гэж үзсэн. Үүгээрээ одоогийн УИХ алдаагаа засах, ард түмнээ сонсох, төлөөлөх чадваргүй гэдгээ баталсан. Тиймээс “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнийхөн Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхэд нь ард түмэнд тусалж, бүх ард түмний санал асуулга явуулах шийдвэрийг тухайн үед гаргасан. Энэ нь ард түмэн төрийн эрх барих эрхээ эдэлж байгаагийн нэг илрэл юм. Ийнхүү Монгол Улсын түүхэнд бүх нийтийн асанл асуулга явуулсан тохиолдол хоёр болж бүртгэгдлээ. Бүх ард түмнээс санал асуулга авсан эхний тохиолдол нь 1945 онд бүртгэгдсэн байдаг.
Тэр үед “Бүгд Найрамдах Монгол Ард Улс тусгаар тогтносон улс мөн үү” гэсэн маш чухал асуулгаар бүх ард түмний санал асуулга явуулж байсан. Энэ удаагийнх ч гэсэн 1945 оныхоос ач холбогдлын хувьд дутахааргүй байлаа. Монгол Улс цаашид оршин тогтнох уу, үгүй юу гэдгийг энэ удаагийн санал асуулгаар тодорхойллоо гэж үзэж байгаа.
-Гэхдээ хуульдаа “Ерөнхийлөгч, Засгийн газар эсвэл УИХ-ын гишүүдийн гуравны нэг хувь нь зөвшөөрсөн тохиолдолд бүх ард түмний санал асуулга явуулах ёстой” гэж заасан байдаг шүү дээ. Тиймээс энэ удаагийн санал асуулгыг хүчингүйд тооцож болох талтай юм биш үү?
-Хуулиараа бол бүх ард түмний санал асуулгыг дээрх гурван субьект зөвшөөрсний үндсэн дээр явуулах ёстой. Харамсалтай нь одоогийн төр засгийг ард түмэн хууль бус гэж үзэж байна. Өөрсдөө л “Бид эрх баригч” гэж байгаа болохоос ард түмний сэтгэл зүрхэнд энэ хүмүүс хууль ёсны төр засаг биш. Ингэж хэлэх эрх нь ард түмэнд байгаа. Зэвсэг хэрэглэж таван хүний амь насыг бүрэлгэн байж, Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан Засгийн газар. Хугацаандаа тангаргаа өргөөгүй УИХ. Эд бол биднийг төлөөлөх эрхтэй хууль ёсны субъект биш. Дандаа хулгай, луйвраар гарч ирсэн шүү дээ. Тиймээс санал асуулгыг хүчингүй болгох эрх тэдэнд байхгүй.
-Тиймээс “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг ард түмний санал асуулгаар шийдэж болохгүй” хэмээн эсэргүүцээд байгаа хэрэг үү?
-Тэд 2008 онд болсон сонгуулийн дүнг зассан шигээ л санал асуулгын дүнг засчихна шүү дээ. Ийм үйлдэл хийж чаддагийг нь батлах олон зүйл бий.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр “2008 оны бүх шатны сонгуульд МАХН нэрийн дор нэр дэвшиж байсан хүмүүсийг одоогийн МАХН-д нэгдэнэ гэдэгт найдаж байгаа” хэмээсэн. Гэтэл харин ч эсрэгээрээ МАХН-тай анхнаасаа цуг байсан хүмүүс нэг нэгээрээ гарах боллоо. Тухайлбал, саяхан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАХН-ын дэд даргын албан тушаалаа хүлээлгэж өгөх тухайгаа мэдэгдсэн. Үүнийг олон янзаар тайлбарлаж байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Дээрх үйл явдлыг олон янзаар тайлбарлаж байгаа нь үнэн. Ялангуяа бидний эсрэг хүчин болох Ардын намын зүгээс “МАХН-ынхан дотроо хагаралтай байснаас ийм зүйл болж байна” гэсэн мэдээлэл цацаж буй. Дотор нь хагаралдуулах гэж их хичээж байгаа. Энэ үүднээсээ МАХН-ыг хагалан бутаргах зорилготойгоор МАХН-д олон хүн шургуулж байсан. Үүнийг нь бид “Алтан шагайтнууд” гэж нэрлэдэг. Ардын намын “Алтан шагайтнууд”-ын үзэгдэл МАХН-ын онц их хуралд бэлдэх үеэс эхлээд одоог хүртэл МАХН-д байсаар байна. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАХН-ын дэд даргын албан тушаалаа өгөх санал гаргасан нь үнэн. Ийм санал гаргах болсон үндэслэл нь “УИХ-ын гишүүнийхээ ажлыг МАХН-ын гишүүн нэр дор хийх” гэж тайлбарласан. Гэхдээ МАХН бол сахилга, хариуцлагатай, хуулийг дээдэлдэг, дүрэм, журамтай нам учир эцсийн шийдээ гаргаагүй байгаа. Намын даргад л энэ асуудлаа тавьсан төдий байна. Энэ сарын 8-нд болох бага хурлаараа энэ асуудлыг нь хэлэлцэнэ. Намын дарга дараагийн дэд даргыг санал болгож, сонгох журамтай юм.
-Улсын бүртгэлийн ерөнхий газарт МАХН хэмээх товчлол Ардын намын гишүүн Д.Идэвхтэний нэр дээр бүртгэлтэй байсан учир уг нэрийг хэрэглэх боломжгүй гэдэг тайлбар хийх болсон шүү дээ. Та бүхэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэрээ шүүлгээгүй юм уу?
-Нэгдүгээрт, Улсын бүртгэлийн ерөнхий газарт МАХН хэмээх товчлолыг 80 гаруй хүн бүртгүүлж биднийг нэрээ авах боломжийг хааж байсан нь саяхан. Харин намын нэрийг Улсын бүртгэлийн газарт бус Улсын дээд шүүхэд бүртгэдэг учир тэгэж яриад одоо ямар ч нэмэр байхгүй. Хоёрдугаарт, манай хуучин нам шүүхийн шийдвэрийг буруу хэмээн хэлэлцдэг архаг хууч өвчтэй юм. Биднийг намын гишүүн байх үед л Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хяналтын хороогоор хэлэлцэнэ гэж хуралдаж байсан удаатай. Тухайн үед “Шүүхийн шийдвэрийг нам хэлэлцэх ёсгүй. Энэ алдаагаа засаж, залруулаач” гэсэн саналыг тавьж байлаа шүү дээ. Тиймээс энэ бол өнөөдөр болж байгаа асуудал биш. Өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэрийг л хүлээн зөвшөөрч, харшилсан шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй хууч нь хөдөлжээ л гэмээр байна. Олон ургальч үзэл, олон намын системийг хүлээн зөвшөөрдөггүй тоталитари дэглэмтэй хэсэг хүмүүс л Ардын намыг үүсгэсэн юм шүү дээ. Харин бусад нь МАХН-д байна. Цаашид МАХН-ынхан МАН-АН-ийн эсрэг МАХН гэсэн үзэл баримтлалаар ажиллахаар уриалга гаргасан. Үүнтэй холбоотойгоор МАХН-ынханд халдах тохиолдлууд гарч байгаа болов уу гэж бодож байна.
-Танай намд зөвлгөө өгч байсан хуульч С.Баасанхүүгийн албан тасалгаанд халдсан тохиолдлыг хэлж байна уу?
-Тийм. Түүнээс гадна МАХН нэрийг авсанаас хойш Архангай аймгийн МАХН-ын түр штабын байранд халдсан тохиолдол гарсан. Юу ч хулгайлаагүй атлаа компьютеруудыг нь хэмхэлж, бичиг баримтыг нь онгичсон байсан гэсэн. Мөн өчигдөр шөнө 23 цагийн үед /уржигдар/ МАХН-ын төв байрны цонхыг нэг залуу хагалсан. Энэ үйлдэл нь камерт бичигдэн үлдсэн байгаа. Одоогоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс хэрэг үүсгээд шалгаж байна. Энэ мэтчилэн айлган сүрдүүлэх, хорлон сүйтгэх, халдлагууд нэлээд эрчимжих юм шиг байна. Энэ бүхнийг Ардын намынхны хийж буй үйлдлийн илрэл л гэж харж байгаа. Түүнээс биш бид өөр хүмүүст хийсэн гэм хор байхгүй.
-Тухайн үед тэр хүнийг цонх хагална гэж хэрхэн мэдээд бичлэг хийж амжсан юм бэ?
-Хамгаалалтын камерт бичлэг нь үлдсэн байсан. Орж, гарч байгаа хүмүүсийн бичлэгийг хийдэг юм билээ. Түүнээс биш бид бичлэг хийгээгүй. Харин уг хэрэг болсны дараа баримтжуулж авсан байгаа.
-МАХН-ын төв байр гэж Түр штабын байрыг хэлээд байна уу?
-Тийм. Бид МАХН хэмээх нэрээ авснаас хойш Түр штабын байраа төв байр болгож, тугаа зоосон байгаа.
-Үүнтэй холбогдуулан асуухад МАХН-ынхан “Blue sky tower”-т төвхнөх гэж байгаа сураг дуулдсан. Танайх хэзээ нүүх гэж байна?
-Ер нь хүмүүс өөрийн хүссэнээр зохиол бичдэг болчихсон шүү дээ. Энэ яриа ч гэсэн тэр зохиолын л нэг хэсэг байх. Одоогоор намын төв байрны асуудлыг хөөцөлдөж л байгаа. Гэхдээ тодорхойгүй байна.
-Та бүхнийг нэрээ аваад үйл ажиллагаагаа идэвхжүүлэхтэй зэрэгцээд Ардын намынхан гадаад харилцаандаа илүү анхаарч, нэр хүндээ дэлхийн тавцнаа баталгаажуулж эхэллээ. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Олон улсын шинж чанартай хурал зохион байгуулж, хуралд нь оролцсоноор нам төлөвшдөггүй. Манай намын даргын хэлснээр цаасан дээр хэддүгээрт бичигдэж байгаа нь чухал биш. Ард түмний сэтгэл зүрхэнд хэддүгээрт байгаа нь чухал гэсэн. Энэ үгийг л давтаж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа
"Улс төрийн тойм" сонин