Өлзийгийн галерей: Хөх өнгө ба гадил жимс

Хуучирсан мэдээ: 2016.05.13-нд нийтлэгдсэн

Өлзийгийн галерей: Хөх өнгө ба гадил жимс

Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн нүүр номын хуудастаа бичиж буй зураачдын тухай цуврал өгүүллийг news.mn сайт албан ёсны зөвшөөрөлтэйгээр танд хүргэж байна.

Контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш. Орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгож хүлээн авахын тулд эхлээд ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс ХХ зууны сор бүтээлийн антологи болон дүрслэх урлагийн түүхийн бусад номыг эх үүсвэр болгон, өөрийн сонголтоор, эхний ээлжинд 50 зураачийн бүтээлээр бяцхан бичвэр бэлдлээ. ӨГ-ийн дугаар бүрээс та зураачдын бүтээлийг задалсан товч тайлал, эсвэл бичил эсээ унших бөгөөд үүний заримыг шууд орчуулж, заримыг нь өөрөө бичсэн болно. ӨГ галерейд тавтай морил!


Ө+Г=ӨГ 6

ХӨХ ӨНГӨ БА ГАДИЛ ЖИМС

1964 оны хоёрдугаар сард Шведийн нэгэн галерейд Англи, Австри, Итали, Шведийн авангард зураачдын бүтээлүүд тавигдсан, өвөрмөц үзэсгэлэн дэлгэгдсэн юм. Тэнд хамгийн ихээр анхаарал татсан зураг бол урьд нэр нь огт сонсогдоогүй, франц зураач Пьер Бароссо гэгчийнх байжээ. Урлагийн шүүмжлэгчид, сэтгүүлчид, оюутнууд гартаа хундагатай дарс барин зогсоод Бароссогийн урлагийг шүтэн, чив чимээгүй ширтэцгээнэ. Маргааш нь сонинд “Пьер Бароссо эгээ л балетчин мэт уян налархай, чөлөөт арга барилтай, маш эрч хүчтэй зураасыг маш тодорхой тавьдаг зураач аж” гэсэн шүүмж гарав. Гэтэл мөнөөх шуугиан тарьсан Пьер Бароссо нь үнэн хэрэгтээ Шведийн амьтны хүрээлэнгийн, Петр хэмээх нэртэй, дөрвөн настай сармагчин байсан юм. 

Петр маань бийр багс нийлүүлэх үедээ зарим будгийг шууд л идчихдэг бол зарим өнгийг зөвхөн зурахад ашиглана. Гүн хөх өнгөнд маш дуртай бөгөөд, будгийг маш өтгөн тавьж “уран бүтээлээ туурвидаг” аж. Зурах үедээ нэг гартаа гадил жимс, нөгөө гартаа будгаа барьж, цаасан дээр нялан, бүхий анхаарлаа төвлөрүүлнэ. Онгод нь ороод, ид зураад эхлэхээрээ арван минутад есөн бүтэн гадил жимс иддэг байжээ. Сармагчин зураачийн бүтээл шуугиан дэгдээснээр “Орчин үеийн урлаг сармагчны урлаг хоёрын хооронд ямар ялгаа бий вэ?” гэсэн томоохон хэлэлцүүлэг өрнөн, том судлаачид олон шүүмж бичсэн гэнэ. Түүний хамгийн сайн гэгдсэн дөрвөн ч ажлыг “Кристина” галерей үнэлж авчээ. Мөн нэгэн цуглуулагч өөрт таалагдсан зургаа 600 гаруй доллараар худалдан авсан түүхтэй.

2005 оны 12 дугаар сард Германы нэгэн музейн захирал, урлаг судлаач “Эрнест Вилгельм Нэй хэмээх уран бүтээлчид ӨНГӨНИЙ ӨВӨРМӨЦ ШИЙДЭЛТЭЙ ЗУРААЧ гэсэн ангиллаар Гугенхаймийн шагнал олгох болсныг” зарласан байна. Гэтэл мөнөөхөн Нэй гэгч нь мөн л зоопаркийн амьтан, 31 настай, хөгшин эм сармагчин байжээ.

ЭХ СУРВАЛЖ: ӨЛЗИЙТӨГС ЛУВСАНДОРЖ


ӨМНӨХ БИЧЛЭГҮҮДИЙГ УНШИХЫГ ХҮСВЭЛ

ӨГ-1: АНИР ЧИМЭЭГҮЙН ТУХАЙ ЧАНГААР…

ӨГ-2: МАХ БА ДААШИНЗ

ӨГ-3: СТАЛИН ЛЕНИН РҮҮ ХАРЖ БАЙНА

ӨГ-4: НҮҮР ЦАРАЙГҮЙ ЗУРААЧ

Ө+Г=ӨГ 5: МИНИЙ АСРАГЧ ЭХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж