Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын долоо дахь их хурал тавдугаар сарын 6-9-ны өдрүүдэд боллоо. Хойд Солонгосын аугаа удирдагч Ким Ир Сенээс хойш 36 жилийн дараа дахин болсон намын их хурал олон улсын анхааралд байв. Намын их хуралд 3400 гаруй төлөөлөгч оролцож, гадаадын 100 гаруй сэтгүүлч сурвалжилжээ. Хурлын байрны гадна Хөдөлмөрийн намын төлөөлөгчдийн “Мерседес-Бенз” загварын хар өнгийн автомашинууд эгнэсэн байв.
ТАВАН ЖИЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, УЛС ТӨРИЙН БОДЛОГО
Намын хурлаар удирдагч Ким Чен Уны баримтлах Хойд Солонгосын ирэх таван жилийн эдийн засаг, улс төрийн төлөвлөгөөг баталсан байна. Ким Чен Ун гурван цаг үргэлжилсэн урт илтгэлдээ Хойд Солонгосын эдийн засгийг сэргээх амлалт өгсөн боловч дорвитой өөрчлөлтийг дурдаагүй гэнэ. Ким Чен Ун цөмийн зэвсэглэлээ сайжруулахын зэрэгцээ эдийн засгийг хөгжүүлэх “Бёнжин” бодлогоо танилцуулжээ. Хойд Солонгос ирэх таван жилд автомашины үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг механикжуулах, нүүрс, түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх зэрэгт анхаарах гэнэ. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд Хойд Солонгос эрчим хүч үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хэрэгтэйг Ким Чен Ун мэдэгдэв. Хойд Солонгос ирэх таван жилд эрчим хүчний хомсдлыг арилгахын тулд дотоод нөөц бололцоондоо /сэргээгдэх эх үүсвэр ба АЦС/ тулгуурлах аж. Гэвч Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг НҮБ-ын хоригийн хажуугаар Ким Чен Ун хэрхэн эдийн засгаа хөгжүүлэх нь тодорхойгүй байна.
Ким Чен Ун Хойд Солонгосын өөрийнхөө хүчинд тулгуурлах “Жуче” бодлогыг баримтлахын зэрэгцээ гадаад худалдааг нэмэгдүүлэх хүсэлтийг илэрхийлжээ. ЗХУ задарсантай зэрэгцэн Хойд Солонгосын эдийн засаг 1990-ээд оноос хямарсан гэдгийг хүлээн зөвшөөрч, өнгөрсөн хугацаанд хүнд хэцүү замыг туулж ирснийг тэрбээр онцолжээ. Гэсэн ч сүүлийн жилүүдэд Хойд Солонгосын эдийн засаг сэргэж байгааг Пхеньянд сүлжилдэх автомашин, дээд зэрэглэлийн ресторан, хэрэглээний бараа тэр дундаа ухаалаг утас, цахилгаан хэрэгсэл, загварын хувцас зэргээс харж болох гэнэ. Хойд Солонгос нь эдийн засгийн албан ёсны мэдээллээ нийтэлдэггүй. Гэхдээ Өмнөд Солонгосын Төв банкны тооцоолсноор БНАСАУ-ын эдийн засаг өнгөрсөн гурван жилийн хугацаанд жил бүр нэг хувиар өсч иржээ. Хойд Солонгосын хэрэглэгчдийн хүрээлэл тэлж, саарал эдийн засаг нь тогтвортой өсч байгааг олон улсын шинжээчид онцолж байна.
Улс төрийн бодлогын хувьд Ким Чен Ун дайсагнасан өмнөд хөрш БНСУ-тай харилцаагаа сайжруулж, хойгийг энх тайвнаар эргэн нэгтгэхийг уриалжээ. Гэхдээ тэрбээр Өмнөд Солонгос түрүүлж дайн өдөөвөл өршөөлгүй хандахаа анхааруулсан юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд харилцаагаа сайжруулж, эргэн нэгдэхийг нэг бус удаа ярьсан ч дэвшил гарсан нь цөөн. Ким Чен Ун “цөмийн зэвсэгтэй орны үүрэг хариуцлагын хүрээнд БНАСАУ нь үндэсний аюулгүй байдалд заналхийлээгүй нөхцөлд атомын бөмбөг ашиглахгүй” хэмээн дэлхий дахинд хандан хариуцлагатай мэдэгдсэн юм.
АЛБАН ТУШААЛ, ТОМИЛГОО
Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлаар хэд хэдэн томилгоо хийгджээ.
- Эн тэргүүнд Хойд Солонгосын парламентын дарга Ким Ён Нам хурлын үеэр удирдагч Ким Чен Уныг Хөдөлмөрийн намын дарга болсныг албан ёсоор зарласан юм.
- Ким Чен Уны охин дүү Ким Ё Жон эрх барих намд чухал албан тушаал эзлэх болсон байна. Өдгөө 20 гарч яваа залуу бүсгүй Ким Ё Жон Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны гишүүнээр сонгогджээ. Тэрбээр Хойд Солонгосын суртал ухуулга, нэвтрүүлгийн хорооны дэд даргын албан тушаалыг хашдаг.
- Хүүгээсээ болж Хойд Солонгосын улс төрийн товчооны даргаас огцорсон Чой Рюн Хэ албан тушаалдаа эргэн очжээ. Чой Рюн Хэ хүүгээ Өмнөд Солонгосын олон ангит кино үзэж байсныг өөрөө удирдагч Ким Чен Унд хэлж шийтгэл хүлээснээр үнэнч гэдгээ харуулж, хүүгээ ч хамгаалж чадсан аж. Ким Чен Ун хүргэн ахыгаа цаазалснаас хойш Чой Рюн Хэ Хойд Солонгосын хоёр дахь том албан тушаалтан болжээ.
- Цаазаар авахуулсан хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард Сөүлийн албаныхны мэдээлж байсан генерал Ри Ён Гил намын их хуралд оролцож харагдав. Хойд Солонгосын Ардын армийн генерал Ри Ён Гилийг авлига болон хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутган цаазалсан хэмээн мэдээлж байв. Хэдийгээр тэрбээр намын их хуралд оролцсон ч албан тушаалдаа үлдсэн эсэх нь тодорхойгүй.
ГАДААДЫН ХЭВЛЭЛД ХЭРХЭН ХАНДАВ
Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын их хурал Пхеньяны “дөрөвдүгээр сарын 25-ны соёлын асар” нэртэй танхимд болсон юм. Хурлыг сурвалжлахаар олон улсын 100 гаруй сэтгүүлч очсон ч ердөө 30 орчим хүнд танхимд нэвтрэхийг зөвшөөрч, нээлт хаалтыг сурвалжлах эрх олгожээ. Бусад сэтгүүлч танхимын гадна байрлуулсан дөрвөн талт дэлгэцээр Хойд Солонгосын төв мэдээллийн агентлагийн дамжуулснаар хурлын үйл явцыг сурвалжилсан байна. Намын хурал эхлэхийн өмнө албаныхан сэтгүүлчдийг Пхеньянтай танилцуулах аялал зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ “ВВС” телевизийн сэтгүүлчийг онгоцны буудалд баривчлан саатуулж, албадан гаргасан байв. “ВВС” телевизийн сэтгүүлч Руперт Вингфилд-Гейзийг Хойд Солонгосын дэглэмийг гутаан доромжилсонд буруутган даваа гаригт /V.9/ албадан гаргажээ.
ЦӨМИЙН АМБИЦ
Хойд Солонгос анх 2006 онд цөмийн туршилт хийж байв. Үүнээс хойш энэ оны нэгдүгээр сарын 6-нд дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж, “устөрөгчийн бөмбөг” туршсан гэж Пхеньян мэдээлсэн юм. Хэдийгээр олон улс Хойд Солонгосыг устөрөгчийн бөмбөгтэй болох болоогүй гэж үзэж байгаа ч цөмийн хүчин чадал нь нэмэгдсээр байгааг үгүйсгэсэнгүй. Дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийснээс хойш Хойд Солонгос долоо хоног тутамд пуужин хөөргөх туршилт хийсэн гэхэд хилсдэхгүй. Хөдөлмөрийн намын их хурлын өмнө Хойд Солонгос дунд зайн тусгалын гурван ширхэг “Мусудан” пуужин хөөргөх туршилт хийсэн боловч удаа дараа амжилтгүй болсон юм. Тэр ч бүү хэл эхний туршилтын үеэр пуужин дэлбэрснээс хүний амь эрсдэж, гэмтэж шархтсан тухай мэдээлэл гарч байв.
Гэхдээ Хойд Солонгос шумбагч хөлгөөс баллистик пуужин хөөргөх анхны туршилтыг өнгөрсөн сард амжилттай хийсэн билээ. Мөн 2012 онд сансрын хиймэл дагуул хөөргөж, дэлхийн тойрог замд оруулснаа бахархалтайгаар зарлаж байв. Ирэх жилийн эхээр АНУ-ын шинэ ерөнхийлөгч сонгогдох үед Хойд Солонгос хэдийн 50 цөмийн цэнэгтэй хошуутай болсон байхыг Хятадын шинжээчдийн тооцоолжээ.