Дуулах дуртай учраас л дуулна

Хуучирсан мэдээ: 2016.05.13-нд нийтлэгдсэн

Дуулах дуртай учраас л дуулна

Дуучин Адель шинэ уран бүтээл болон амьдралынхаа талаар Хэмиш Боулзтай ярилцжээ.

Burberry брэндийн энэ даашинз Diorama Précieuse гэх очир эрдэнэ мөн перидот чулуун шигтгээтэй, харин ээмэг нь Dior-ийнх

Ярилцлагын үеэр Адель Бейонсе-ийн “Crazy in Love”, Лана дель Рей-н “Salvatore” дуунуудыг тавихыг хүсэв. “Лана надад их таалагддаг. Дууны үг нь биширмээр. Дууг нь сонсохоор удаашруулсан хөдөлгөөнөөр нисч ертөнцийг харж буй мэтсэтгэгдэл төрдөг. Тэр агшинд цонхоор харахад чиний санаа бодол шидэт ертөнц рүү нисээд орсон мэт болдог” гэж Адель хуучлав. Яагаад өөрийнхөө дуугаа тавихгүй байгаа юм бэ гэхэд “Ёстой үгүй шүү!  Бид ямар сургуулилалт хийж байгаа биш концертон дээр ирээд амьдаар нь сонсоорой” гээд хөхөрлөө.

Аделийн шүтэн бишрэгчид түүний дэгжин контральто хоолой, дуугаа сэтгэлийн уянгаар урсган, амьд, үнэнээсээ байж чаддагт нь дуртай. Эрүүнийхээ хонхорхойг үхрийн гуяны мах шиг, хуруунууд нь бүдүүн зайдас шиг, дух нь профессорынх шиг хэмээн өөрийгөө шоолдог. Бас хувцасны стилээ зайдасны хальсанд машиндсан мах чихэж байгаа  юм  шиг хэмээн шүүмжилдэг.

Ярилцлаганд ирэхдээ Адель богино нэхий дээл, геггинс өмд, спорт шаахай өмсч, Balenciaga цүнхээр гангаран алтан ээмэг, бөгжөөр гоёсон байлаа. “Таны төлөө л би хичээлээ” гэж тэр хэлээд “ердийн үед би гэртээ байгаа ээжүүд шиг л ноосон цамц, жийнстэй байдаг. Хүүхдийн гар тэртэй тэргүй чам дээр ул мөрөө үлдээнэ” гэлээ.

Аделийн хүү Анжел одоо гурван настай. “Алдартай хүний хүүхэд байх нь амар биш хэрэг. Тэдэнд хувийн орон зай байх ёстой. Арван найм хүрээгүй байж архи дарс уусан эсвэл гэнэтхэн гей болоод түүнийгээ надад хэлэхгүй гэвэл би тэр бүгдийг хэвлэлээс мэдэж байх ёстой юм уу? Тийм зүйл гаргаж болохгүй” хэмээн Адель хэллээ. Папарацчид тэднийг ихэд зовоодог бололтой.

Salvatore Ferragamo-гийн торгон даашинзтай

Аделийн нөхөр Саймон Конеки хөрөнгө оруулалтын санхүүч мэргэжилтэй, ундны цэвэр усны “Drop4Drop” компанийг толгойлдог. Тэд 2011 онд танилцжээ. Арван таван настайгаасаа хойш өдөр бүр дуулж ирсэн Аделийн хоолойд асуудал үүсч, “21” цомгоо дэмжих олон тоглолтыг цуцлахад хүрэв. Мэс заслын дараа шаардлагатай байсан нөхөн сэргээх эмчилгээний зургаан долоо хоногийг даван туулахад нь Конекки л түүнд тус болсон гэдэг. “Би Саймонтай танилцсаны дараа ямар нэгэн зүйл болно гэдгийг мэдрээд байсан юм” гэж Адель хэлэв.

Нөхөр, хүү хоёр нь түүний амьдралыг бүрэн өөрчлөв. Юун түрүүн онгод ордог дадал нь өөрчлөгдөв. “Урьдынх шиг толгойгоо элдэв хог новшоор дүүргэхээ больсон. Одоо тэнд зөвхөн Анжело л байна. Ээж болсныхоо дараа л жинхнээрээ амьдарч буйгаа мэдрэх болсон. Өмнө байгаагүй учир утга амьдралд минь гарч ирлээ” хэмээн Адельөгүүлэв.
Гурав дахь цомгийнхоо тухай бодохоосоо өмнө дуучин хэсэг хугацаанд гэр бүлтэйгээ байхаар шийдсэн юм.“Миний хувьд эхлээд эхийн үүрэг, дараа нь ажил болж байгаа. Миний бодлоор, хүмүүс намайг үгүйлтэл хэсэг хугацаагаар алга болох нь чухал юм шиг байгаа юм” гэв. Жүжигчдээс Кейт Бушийг тэрбээр онцолдог. Кейтийг 35 жилийн турш хүмүүсийн нүднээс далд байсны дараа 16 настай хүү нь аялан тоглолт хийхээр ятган зөвшөөрүүлж байжээ.

Ажилдаа эргэн орох шаардлагатайг ойлгосон Адель өөрийн дуртай Мадоннагийн “Ray of Light”, “Play Моби” цомог шиг цомог гаргахыг зорьж байна.

Одоо түүний урын санд хүү Анжело, нөхөр Саймондоо зориулсан дуунууд зохи байр суурийг эзэлдэг болсон. Хүүдээ зориулсан “Sweetest Devotion” дууны нэг хэсэгт нь Анжело дуу оруулсан бол “Water under the Bridge”дуу нь Саймонд зориулагдсан гэдэг.  Өнгөрсөн оны сүүлчээр гарсан “25” цомог нь нэг долоо хоногийн дотор 3,5 сая хувиар зарагдсан. Нийтдээ 15 сая хувь борлогдоод байна.

Яагаад тэр цомгуудаа тоогоор нэрлэдэг юм бол? Тайлал их амархан. Энэ түүний насны тоо юм.

Дэлхийг тойрсон аялан тоглолтоо Адель хоёрдугаар сарын сүүлчээр Белфастаас эхлүүлээд байгаа. Есөн сар үргэлжлэх аялан тоглолт хавар, зундаа Европт, намар Мексикт оргил тоглолтоо хийнэ. “Би аялан тоглолтоо шүтэн бишрэгчдэдээ зориулж байгаа юм. Миний хувьд ийм тоглолт хийх шаардлага байхгүй” гэж тэр ярив. Шүтэн бишрэгчдээ амьдаар нь харж сонсох шиг чухал зүйл үгүйг Адель сайн ойлгож байгаа. Бага байхдаа штэн биширдэг байсан “Spice Girls” хамтлагийн тоглолтын тасалбарыг ээж түүнд олж өгч, шүтэн бишрэгчдээ амьдаар нь харсан нь түүний хүүхэд насны хамгийн тоддурсамжийн нэг.

“Намайг долоотой байхад “Spice Girls”алдартай болсон. Би тэдний жишгээр биеэ хэрхэн авч явах, амжилт олох, үнэ цэнээ мэдэрч сурсан юм. Тэр үед бий болсон Girl Power гэх ойлголт охидод хүсэл байгаа цагт хүрч болно гэсэн ойлголтыг суулгаж өгсөн юм” хэмээн Адель өгүүлэв.

Аделийн цомгууд шиг дахин дахин хэвлэгдэж байгаа цомог ховор. Интернэтээс үнэгүй дуу татаад сонсчихдог болсон өнөө үед Аделийн цомгууд дуу бичлэгийн компаниудад амьдрах найдвар төрүүлж байгаа юм.

Адель Шилдэг жүжигчний Грэмми гардан авч байгаа нь, 2009 он

Адель 2009 онд Грэмми авахдаа ёстой нэг балмагджээ. “Шилдэг шинэ жүжигчин” номинацийн дуучин маань тайзнаа хөл нүцгэн гүйн гарахдаа, “Barbara Tfank” брэндийн даашинзныхаа бүсийг сул тавьсан, ам дүүрэн бохьтой байлаа. Тэрбээр урьдын адил тайзан дээр өндөр өсгийтөө тайлаад шидэх дуртай. Гэхдээ л үргэлж дэгжин харагддаг. “Giorgio Armani”, “Valentino” брэндийн хувцсаар гангарч, “Burberry” компанийн  КристоферБейли, “Chloé” ордны Клэр Уэйт Келлерзэрэг дизайнэруултай нөхөрлөдөг.  Хуучин пянзны хавтсан дахь Этта Жеймс, Элла Фицжеральд нарын домогт дуучдын гоёлыг биширнэ. Хуучин пянзуудыг тэрбээр 14 настайгаасаа хойш цуглуулж ирснийг дуулгая. “Бүх зүйл маш хурдтай өөрчлөгдөж байгаа тухай би их боддог болсон. Хэн нэгэн бүх насаараа Барбра Страйзанд байж чадна гэдэгт эргэлзэх боллоо. Гэхдээ би хичээж байгаа. Мадонна, Тейлор Свифт нар шиг хувирч байдаг авьяастнуудыг ихээхэн хүндэтгэдэг ч гэсэн би бол нэг стилээс нөгөө стиль рүү үсэрч байдаг бүлгийн хүн би яавч биш” хэмээн  Адель өгүүлэв.

Дива байх нь түүний орон зай. Италийн diːva гэсэн үгээр дуурийн урлагийн алдартай эмэгтэй дуучдыг нэрлэдгийг дурдаад өнгөрөхөд илүүдэхгүй биз ээ. Нью-Йоркийн асар сүрлэг Радио-сити танхимд ч, ерэн мянган хүний багтаажтай Лондоны Уэмбли  цэнгэлдэх хүрээлэнд ч тэрбээр үзэгчидтэй ярилцан дотно уур амьсгалыг бүрдүүлж чаддаг увидастай. Хоолойдоо мэс засал хийлгэснээс хойш Аделийн дууны өнгө зөөлрөн, хэлбэлзэл нь дөрвөн нотоор нэмэгдэн үзэгчдийн чихэнд илүү аятайхан сонсогдох болов.

“21” цомгийнхаа дараа хэсэг зуур чимээгүй болохдоо, дараагийн цомог ямар байхаас  ирээдүй хамаарна гэдгийг би ойлгож байв. Харин “Hello” дуу гарсаны дараа надад юуг ч батлах шаардлага байхгүйг би мэдэрсэн. Одоо би зүгээр л дуулах хүсэлтэй учраас л  дуулж явах болно. Хэн нэгний шахалтаар биш харин хүссэн цагтаа л дуугаа бичүүлэх болно. Шахалт үзүүлэх гэсэн анхны оролдлоор нь би тэдний будаа болгоно! хэмээн тэр ярьж байхад нүдэнд нь гал цог гэрэлтэх шиг боллоо.

Giambattista Valli-торгон даашинз; Manolo Blahnik-элгэн шаахай

Гэрэл зургуудыг: ANNIE LEIBOVITZ

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж