Мөрдөгч Мегрэгийн түүх 500 сая хувиар хэвлэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.05.13-нд нийтлэгдсэн

Мөрдөгч Мегрэгийн түүх 500 сая хувиар хэвлэгджээ

Францын алдарт зохиолч Жорж Сименоны “Халаасан доторх адал явдал” цуврал буюу алдарт мөрдөгч Мегрэгийн тухай гайхамшигт бүтээлүүдийг “Болор судар” хэвлэлийн газар цувралаар уншигчдын хүртээл болгож эхлээд байна. Адал явдалт зохиолын мастер Жорж Сименоны зохиолууд дэлхийн 39 оронд 57 хэлээр орчуулагдан түгжээ. Тэрбээр авьяаслаг мөрдөгч, ариун шударга нэгэн, дахин давтагдашгүй комиссар Мегрэ хэмээх дүрийг зохиолдоо амьдруулан түүнд зориулан 76 роман, 26 өгүүллэг туурвисан байна. Мөрдөгч Мегрэгийн түүх дэлхий даяар 500 сая хувиар хэвлэгдсэн байдаг гэнэ. Бид энэ удаагийнхаа “Шинэ ном” буланд  Жорж Сименоны цувралын “Мегрэ эндүүрсэн нь”, “Мегрэ тэнүүлч хоёр” гэсэн хоёр цуврал бүтээлийн тухай танилцуулж байна.


МЕГРЭ ЭНДҮҮРСЭН НЬ”

 …Угаагчийн охин, өмнө нь биеэ үнэлэгч байсан Луиза Филон аз хийморийн шувуухайг атган авсан мэт санагдаж байлаа. Түүний ивээн тэтгэгч нь хэдий залуу биш ч эгэлгүй баян нэгэн бөгөөд орон даяар нэр алдар нь түгсэн мэс засалч, анагаах ухааны профессор Гуэн гэгч байлаа. Гэвч Луизагийн аз жаргалтай түүх удаан үргэлжилсэнгүй, учир битүүлгээр төгсөж орхино.

Лулуг (Луизаг), ивээн тэтгэгчийнх нь түүнд зориулан хөлсөлж авсан тансаг байранд хэн буудан хороов гэсэн асуултын эрэлд мөрдөгч Мегрэ гарах бөгөөд хэргийн эзэн хэн бэ гэдгийг уншигч та хамтдаа таамаг дэвшүүлж болно. Барбе хороололд үргэлжлүүлэн ажиллаж байгаа атаач нөхдүүд нь үү, Лулуг өвгөн профессортой хардахын зовлонд унасан түүний залуухан нууц амраг Пьеро юу, эсвэл өрсөлдөгчөө үзэн ядагч Гуэний нууц амрагуудын нэг нь үү?  Мегрэ, Лулугийн аль эртнээс түүнд ой нь гутаад байсан Гуэн ч өөрөө түүнийг хороосон байхыг үгүйсгэсэнгүй. Гэвч мөрдөгч алдаа гаргажээ. Комиссар хэрхэн алдаа гаргав! Нөлөө бүхий хүний дэргэд түүний төлөө бохир заваан ажил хийхэд бэлэн хүн цөөн бус байдаг шүү дээ…


“МЕГРЭ, ТЭНҮҮЛЧ ХОЁР”  

Жозеф ван Гут амьдралдаа бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байдаг билээ. Хөлөг онгоцны ачигч хийдэг байсан тэрээр удалгүй хөлгийнхөө эзэн Виллемсийн охинд хайр сэтгэлтэй болов. Тун удалгүй тэрээр аз жаргалтай гэрийн эзэн болсон бөгөөд хайртай бүсгүйгээ төдийгүй хөлөг онгоцыг ч, Виллемсийн гэр бүлийн бүх бизнесийг өвлөн авсан юм. Харин эцэг Виллемс залуусын хайр сэтгэлийг, гэрлэлтийг ч сайшаан дэмжиж байгаагүй нь үнэн. Тэднийг хуримлахаас өмнөхөн архи уун согтсон өвгөн Виллемс  хөлгийнхөө гөлгөр тавцан дээрээс хальтирч, Сенад живж нас нөгчсөн байна. Ван Гут түүн рүү дэгээ чулуудчихаж амжсангүй.

Энэ үнэхээр азгүй тохиолдол байлаа гэж үү, эсвэл санаатай аллага уу? Мегрэд ямар ч нотолгоо байсангүй. Хоёр жил өнгөрсөн байлаа. Энэ хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүн дутуу гэдэг шалтгаанаар хаасан байв. Зөвхөн ганц хүн л үнэнийг мэдэж байгаа. Тэр бол хөлөг зогсож байсан яг тэр гүүрний доор унтаж байсан тэнүүлч эр. Гэвч тэр тун ч тууштайгаар нууцыг хамгаалсан бөгөөд цагдаа нараас аль болох хол байхыг эрмэлзэж байсан юм. Тэгвэл Мегрэ хэрхэн яаж түүнийг ятган итгүүлж бүх зүйлийг яриулсан байх вэ? Алуурчин хэн байв?  

Энэ бүхний хариултыг Мегрэ цувралаас та хайгаарай.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж