Хятадын төрийн мэдээллийн агентлаг Синьхуагийн мэдээлснээр 2020 он гэхэд хятадууд спортын салбараас 460 тэрбум ам.доллар буюу гурван их наяд юанийн орлого олохоор төлөвлөж байна. Энэ нь Хятадын спортыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт юм. Энэхүү төлөвлөгөөг Хятадын Спортын асуудал хариуцсан ерөнхий хороо өнгөрсөн долоо хоногт олонд танилцуулжээ.
Энэ нь ДНБ-ий нэг орчим хувь спортын салбар ногдоно гэсэн үг бөгөөд одоо байгаа спортын үйлчилгээг 30 хувь нэмэгдүүлснээр энэ зорилт биелэх учиртай юм. Энэ зорилтот төлөвлөгөөг биелүүлэхэд хөлбөмбөгийн спортод чухал ач холбогдол өгч байна. Хятадын хөлбөмбөгийн үндэсний лигийн тоглолтыг бооцоотой болгоход л энэ салбарын орлого огцом нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Өнгөрсөн сард гаргасан Хятадын хөлбөмбөгийн хөгжлийн дунд болон урт хугацааны төлөвлөгөөнд энэ тухай тусгайлан заажээ. Мөн энэ баримт бичигт 2050 он гэхэд Хятад улс хөлбөмбөгийн дээд ангиллын багтай болно гэсэн зорилт байгаа юм. 2020 он гэхэд Хятадад 20 мянган хөлбөмбөгийн сургууль ажиллаж, эрэгтэй, эмэгтэй багийн аль аль нь Дэлхийн цом, Азийн аварга болон олимпийн тоглолтод үнэлэгдэхүйц амжилт үзүүлнэ гэж заажээ.
Хөлбөмбөгөөс гадна сагсан болон гар бөмбөгийн спортуудад ач холбогдол өгч байна. Нийлүүлээд “Гурван том бөмбөг” хэмээн үүнийгээ нэрлэжээ. Спортыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд өгүүлснээр Хятадын сагсан бөмбөгийн баг ирэх наймдугаар сард Риод болох зуны олимпийн тоглолтод амжилттай оролцож, Азидаа топ багт тооцогдохоор зорьж байна. Цаашлаад 2020 оны Токиогийн олимпод өмнөх амжилтаа ахиулахаар төлөвлөжээ.
Гар бөмбөгийн багийнханд ч мөн ийм зорилт тавьсан байна. “Рио болон Токиогийн олимпод амжилт гаргаж, дэлхийн топ багт тооцогдоно” хэмээн дурджээ.
“Гурван том бөмбөг”-өөс гадна чийрэгжүүлэлтийн болон фитнесс төвүүдийг улс даяар нэмэгдүүлэх зорилт тавьсан байна. Ирэх таван жилийн хугацаанд 500 фитнесс төвийг шинээр ашиглалтад оруулах юм. Үүнээс гадна 10 мянган чийрэгжүүлэлтийн заал танхим ажиллуулахаар заажээ.
А.ШАРАВ