УИХ-ын чуулганаар сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаан 17.00 цаг өнгөрч байхад эхэлсэн бөгөөд үг хэлэх саналтай гишүүн олон байгаа тул цаг сунган хуралдаж байгаа юм.
УИХ-ын чуулган дээр гишүүдийн илэрхийж буй байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж
-Манай Говь-Алтай бол газар нутгийн хэмжээгээр хоёрдугаарт ордог аймаг. Жижиг аймгуудад нэг мандат нэмж олгох санал гаргасан. Гэвч Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдсэнгүй. Хэнтий аймагт гурван мандат өгч болж байхад Говь-Алтай, Дундговь, Булганд нэг нэг мандат өгч байгаа нь зохимжгүй. Хэнтий аймгийн гурван мандатын нэгийг ганц мандаттай байгаа аймагт өгч болдоггүй юм уу.
–УИХ-ын дарга З.Энхболд: “Хэнтий аймаг бол Чингис хааны нутаг. Тиймээс Хэнтий аймагт гурван мандат өгсөн” хэмээн хошигнов.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Тойрог хувааж байгаа асуудал чинь Ардчилсан намын дотоод зөрчлийг харууллаа. Хүн бүр тойрог авах гэж дотроо зөрчилдсөн болохоор түүнийгээ хуваах гэж “тамаа цайсан” байна, та бүхэн. Хувааж авсан тойрогтоо гарна гэж бодож байна уу. Ингэж эндүүрч болохгүй. Энд сууж байгаа 76 хүн бүгд орж ирж мэднэ, ирэхгүй байж ч мэднэ. Цаашид Ардчилсан нам дотоод зөрчлөө алга болгож, төрийн төлөө гэсэн сэтгэлтэй баймаар байна.
-Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Ардчилсан нам энэ төслийг оруулж ирээгүй. СЕХ-ноос тогтоолын төсөл боловсруулж оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
-Өнөөдөр сонгуулийн газрын зургийг Ардчилсан намын дөрвөн гишүүн зурдаг болжээ. Говь-Алтайн Засаг дарга нь УИХ-ын даргатай нийлээд, Говь-Алтайн мандатыг нэг болгоно гээд зурчихсан байна. Ингэж төрийг басамжилж болохгүй. Сонгуулийн хууль бол ард түмний хууль. Одоо сүүлдээ давраад “Би Ардчилсан намын гишүүн учраас өөрийнхөө тойргийг өөрөө зурна гээд сууж байна”. Төрийг ийм байдлаар зурж болохгүй.
Энэ зуур УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Санал хураалтанд оролцох боломжгүй” гэдгээ илэрхийллээ. Учир нь Булган аймагт нэг мандат олгож байгаа нь хууль бус гэж үзэж байгаа тул тэрбээр “Санал өгөхгүй” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Би Байнгын хороон дээр хэлсэн. Улаанбаатар хотын нэг дүүргийн 3, 4 хороонд нэг мандат өгөх гэж байна. Гэтэл засаг захиргааны нэгж олонтой Говь-Алтайд нэг мандат өгч байна. Шударга байх болов уу гэж бодсон чинь энэ аймаг МАН-д илүү санал өгдөг, энэ аймаг Ардчилсан намд илүү санал өгдөг гэдэг зохицуулалт хийлээ. Яах аргагүй өөрсдийн эрх ашгийг дээдэллээ. Ийм байж болохгүй. СЕХ анхнаасаа захиалга авч, тогтоолын төсөл боловсруулсан гэж хардахаар байна. Зарим дүүргийн мандатыг бүр байхгүй болгочихлоо. Үүнийг ард түмэн ойлгож мэдэрч байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
-Ардчилсан нам эргэж уулзахгүй юм шиг балмад үйлдэл гаргаж байгаад харамсч сууна. Хүний мөсөө ил гаргаж, хэн болохоо сүүлчийн удаа маш тодорхой илчилж байгаад талархаж байна. Тойргоо хэрчиж аваад, ялалт байгуулна гэж бодож байвал хэзээ ч тийм юм байхгүй. “Мөнгөн молиго” амсуулаад гарна гэж бодож байвал их санасан газар есөн шөнө хоног хоосон гэж үг байдаг шүү. Яах гэж ийм юм хийж байгаа юм бэ. Та нарт ичих булчирхай гэж алга уу. Та нар шулам төрхтэй болж байна. Яагаад 76 мянган хүн амтай аймагт Б.Гарамгайбаатарт зориулж нэг тойрог нэмдэг билээ. Б.Гарамгайбаатар чамд унах өвчин бэлэн байна. Чи уна. Танайхаас олон хүн амтай аймаг хоёр мандаттай байж байхад яагаад Б.Гарамгайбаатарт зориулж цөөхөн хүн амтай аймагт нэг мандат нэмэх ёстой юм бэ. Энэ чинь ариун явдал мөн үү. Би та нарт баярлаж байна. Ард түмэн та нарыг зургадугаар сарын 29-нд дийлнэ. Энэ муухай талцал, хуйвилдаан, худал, хуурмаг явдлыг чинь ард түмэн мэдэрч байгаа шүү. Тогтоолын төслийг СЕХ хийсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл Багануурыг гурав хувааж тасалсан явдлыг юу гэж үзэх юм бэ?
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
-Та бүхэн нэг зарчмыг анзаарахгүй байна. Эрх баригчид сонгуулийг шийдэхгүй. Өмнө нь болж байсан жишээг харахад ч мөн адил өөрсдөдөө ашигтай хувилбараар сонгуулийн газрын зураг зурсан явдал бий. Гэхдээ ард түмэн мэдэрдэг шүү. Ингэлээ гээд ялалт байгуулна гэж байхгүй.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Би УИХ-ын дарга З.Энхболдыг зарим асуудалд шударга ханддаг гэдгийг мэдэх юм. Гэтэл ийм маягаар шударга бус, зарчимгүй зүйл оруулж ирж байгаад харамсч байна. Одоо СЕХ бүх аймгуудад ямар маягаар сонгууль явагдах вэ гэдэг зураг гарга. Нэг аймгийг жигд гурав хуваачихсан байхад зарим аймагт энд тэнд, цэг маягаар үсчээд тойрог байгуулчихсан байна. Үнэхээр хариуцлагагүйн дээдээр хариуцлага алга. Цэцэрлэгийн хүүхэд ч гэсэн гэрийн зураг зур гэвэл багцаалаад зурчихна. Гэтэл сонгууль хийх гэж байгаа энэ зураг ямар янзтай юм байна вэ? 72 мянган хүн амтай Хэнтий аймагт гурван мандат, 140 мянган хүн амтай Хөвсгөлд гурван мандат байна. Хоёр дахин илүү тоо байхад тооны зураглал үнэхээр хариуцлагагүй болжээ.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
–Сонгуулийн тухай хууль бол ард түмний эрх ашиг. Гэтэл өнөөдөр Б.Гарамгайбаатар, Ардчилсан намын эрх ашиг нэгдүгээрт бичигджээ. СЕХ-ноос оруулж ирсэн гэж УИХ-ын дарга хэлээд байх юм. СЕХ-ноос оруулж ирэхдээ шал өөр зүйл оруулж ирсэн. Гэтэл та бүхэн өөрсдийн эрх ашигт нийцүүлж зурсан байна. Увс аймгийн газрын зургийг үнэхээр баллажээ. Тойрог хийхдээ цэгэн байдлаар баруунаас зүүн хэсэг хүртэл тасалж авсан байх юм. Налайхыг базаж аваачаад Чингэлтэй дүүрэгт өгчихсөн, Багануурыг дөрөв хуваагаад Сүхбаатар дүүрэгт өгчихсөн байна. Ингэж болохгүй шүү дээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Энэ удаагийн Сонгуулийн тухай хуулиар иргэд тэгш эрх эдэлнэ гэдэг хэцүү боллоо. Сүхбаатар, Дорнод аймгуудын мандат хоёр байг л дээ. Зүүн бүсийн хөгжил Дорнод, Сүхбаатарт чиглэж байгаа. Харамсалтай нь, Ардчилсан намынхан марзан, марзан юм яриад байх юм. Хэнтий аймаг Чингисийн өлгий нутаг болохоор гурван мандат өгсөн ч гэх шиг. Тэгж ярих юм бол Ардчилсан намын үндэслэгч С.Зориг агсан Дорнод аймгийн хүн. Төр нийгмийн зүтгэлтэн харж мандат олгож байгаа юм бол харин ч болно шүү. Зүүн бүсийн тулгуур төв Дорнод шүү дээ. Алслагдсан ангилалд гурван сум ордог. Хэнтий аймгийн мандат гурав болж байгаа юм бол Дорнодынх гурав байг л дээ. Ийм байдлаар асуудалд хандаж байгаа бол харамсалтай байна. Өнөөдөр кнопоо дар, шийд. Тун удахгүй бид үүнийг өөрчилнө.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Булган, Говь-Алтай аймгууд нэг тойрогтой байна. Эдгээр аймагт нэмж мандат олгож болдоггүй юм уу. Тэгээд БЗД болон СХД-ээс мандат хасч болно. Одоо бүр сүүлдээ мандат авахад хүртэл Чингисийн нэрийг барьж байна. Өр зээл тавихдаа ч хүртэл Чингисийн нэрийг барих юм. Би сэтгэл санаагаар унаж байна. Одоо завсарлага аваад буцаж хуралдвал яасан юм бэ?
УИХ-ын гишүүн Н.Батбаяр
-Энэ бол МАН-ын захиалсан ажил. Өнөөдөр би та нарыг өрөвдөж байна. Сонгууль болоход тав хоног үлдэж байхад бид ялагдах гэж байна гэж яриад сууж байгаадаа ичих хэрэгтэй. СЕХ-ноос оруулж ирсэн 8, 9 тойрог дээр л өөрчлөлт орсон. Бусад нь ороогүй. Та нар өөртөө итгэлтэй бай. СЕХ хуулийн дагуу саналаа оруулж ирсэн. Түүнийг УИХ-ын чуулганаар Дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцэж байна. Юунаас айгаад байгаа юм бэ? Эцсийн дүндээ ард түмэн сонголтоо хийнэ. Я.Содбаатар гишүүн Өвөрхангайг хэлж байна. Өвөрхангай хуучин нэг мандаттай явдаг л байсан. Харин ч одоо гурван мандаттай болж байгаа юм шүү.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Харамсч байна. Өнөөдөр Сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос хоёр сарын өмнө өөрчилчихлөө. Гэтэл одоо бид буруу зүйл хийгээгүй гэж яриад сууж байх юм. СЕХ-ны оруулж ирсэн саналыг хүлээж авахгүйгээр, ганцхан шөнийн дотор дангаараа асуудлыг шийдэж байна. Танай нам үг, үйлдэл хоёрынхоо ялгааг харж чадахгүй байна. Танай нам сандал, суудлын хэрүүл хийж, Засгийн газраа унагаасан. Ардчилсан нам ардчилсан нийгмийн үнэт зүйл гэж ярих дуртай. Тийм л юм бол энэ зургаа дахиад зурчихаж болдоггүй юм уу? Р.Гончигдорж гишүүн та Монголын парламентад бөгсөө хавтайтал суусан. Гэтэл та парламентын ёсыг устгаж байгаа хүмүүсийн нэг болсон байна.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:
-МАН-ынхан хүссэнээ хийж, хүссэнээрээ удирдаж ирсэн. Энэ төслийг СЕХ оруулж ирсэн. Гэтэл намайг зурсан гэж ярьж байна. Надад тийм туршлага байхгүй. Хүн өөрийгөө сонгуулах гэж тойрог зурдаггүй юм. Сонгуульд нэр дэвшээд сонгогдож чадахгүй болчих вий гэж чичирч байгаа нь та нар. Би Хэнтийд очиж өрсөлдөнө. Гэхдээ сонгох, сонгогдох эрх нь ард түмэнд байдаг юм.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:
-Хэн хаана дэвших вэ гэдэг дээр булаацалдаад байх юм. Энэ эхний удаа биш. Эцсийнх нь ч биш. Сонгуулийн асуудал бол чухал биш. Би УИХ-ын гишүүн болж дөрвөн жил та бүхэнтэй хамт суулаа. Эцсийн сонголтыг ард түмэн хийнэ. Бид сонгууль яриад маргаад сууж байхаар, эдийн засгийн үзүүлэлтийг яаж сайжруулах вэ гэдгийг ярилцах нь чухал.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:
-Тойрог байгуулах мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, засаг захиргааны нэгжийг үндэслэж СЕХ мандат хуваарилах санал гаргасан. Чуулган дээр үг хэлж байгаа гишүүд Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Ховд дээр гомдол гаргаж байна. Гэвч энэ дөрвөн аймагт мандат хуваах саналыг байнгын хороогоор хэлэлцүүлэх явцад өөрчилсөн. Хүн амын тооны хувьд өмнө нь хөдөөд 30-40 ямнган сонгогчтой байсан. Хотод 80-90 мянган сонгогчтой явж ирсэн. Энэ хоёрын хооронд асар их ялгаа бий. Тиймээс зарим дүүрэгт мандатын тоог нэмсэн.
Ийнхүү УИХ-ын гишүүд саналаа хэлж байна. Санал хэлэх гишүүд олон байгаа тул чуулган цаг сунган, хуралдаж байна.
Т.НОМИН