Тамирчдад физик эмчилгээний багаж хүлээлгэж өглөө

Хуучирсан мэдээ: 2016.05.12-нд нийтлэгдсэн

Тамирчдад физик эмчилгээний багаж хүлээлгэж өглөө

Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны төвд өнөөдөр Сингапурын компаниас “Алтер Жи” олон үйлдэлт физик эмчилгээний багажийг түр хугацаагаар хэрэглүүлэхээр хүлээлгэн өглөө.

“Алтер Жи” эмчилгээ, нөхөн сэргээлтийн тоног төхөөрөмж нь Америкийн NASA байгууллагын патентлагдсан жингүйдлийн технологи дээр суурилсан тоног төхөөрөмж юм. Сэргээн заслын болон спортын анагаах ухааны эмч, хөдөлгөөн засалч нарын хяналтан дор тархи нуруу нугасны гэмтэл, нурууны өвдөлт, үе суулгах хагалгааны дараах эмчилгээ, доод үе мөчдийн гэмтэл бэртэлтэй тамирчид төдийгүй жирийн иргэн ч хэрэглэх боломжтой онцгой тоног төхөөрөмж юм. Тамирчдын гэмтэл бэртлийн сэргээн засал эмчилгээнээс гадна бага ачаалалтайгаар илүү үр ашигтай бэлтгэлээ хангах, бэлтгэлийг богино хугацаанд хийх болон спортын анагаах ухаанд ашиглахаас гадна гэмтэл, харвалтын дараах саажилт, хүүхдийн сэргээн засалын эмчилгээнд ч өргөн ашиглах боломжтой аж.

Өдгөө “Алтер Жи”  төхөөрөмжийг дэлхийн спортын мэргэжлийн баг болох сагс, хөлбөмбөгийн элит клуб, олон улсын орны спортын анагаах ухааны төвд хэрэглэж байна.

Сингапур, Монголын хамтарсан “СМЕТС” ХХК нь олон улсын түвшинд хэрэглэгдэж буй хамгийн орчин үеийн сэргээн засал, спортын анагаах ухааны энэхүү тоног төхөөрөмжийг зуны олимпийн их наадмыг хүртэл Спортын анагаах ухааны төвд үнэ төлбөргүйгээр хэрэглүүлэхээр болж, өнөөдөр хүлээлгэн өглөө.

Дашрамд дуулгахад, “СМЕТС” компани нь 2015 онд Спортын анагаах ухааны албанд SAM /сэйм/ дуут долгионы эмчилгээний зөөврийн тоног төхөөрөмжүүдийг бэлэглэж байжээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж