21.10 цаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтээр баталлаа.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, олонхийн саналаар дэмжлээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсэн төсөлд 76 тойргийн 48 мандатыг орон нутагт, 28 мандатыг нийслэлд огноохоор оруулж ирсэн юм. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгээр дээрх тогтоолын төслийг хэлэлцэх шатанд тодорхой саналууд гарсан байна. Үүнийгээ тус бүлгийн нэр бүхий гишүүд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулж санал хураалгахад дараах саналууд дэмжигдлээ. Үүнд:
ХӨВСГӨЛ аймаг дахь гурван тойргийн дугаарыг өөрчилж, тойргийн нутаг дэвсгэрийн хуваарийг дараах байдлаар өөрчлөх.
- 38 дугаар тойрог, Мөрөн сумын 10, 11, 12, 13, 14 дүгээр баг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Ханх, Чандмань-Өндөр сум
- 39 дүгээр тойрог, мөн аймгийн Мөрөн сумын 5, 6, 7, 8, 9 дүгээр баг, Арбулаг, Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Түнэл, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Тариалан сум
- 40 дүгээр тойрог, мөн аймгийн Мөрөн сумын 1, 2, 3, 4, 6 дугаар баг, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сум харьяалуулахыг олонхийн саналаар дэмжлээ.
Дээрх тойрогт мандатын тоо гурваар тогтсон ч дотор нь дээрх өөрчлөлт оруулсан аж. Үүнийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан эсэргүүцэж, “УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Р.Гончигдорж нар тойрог зурдаг болсон юм уу. Ямар үндэслэлээр ийм тойрог зурсан юм бэ. Сонгуулийн ерөнхий хороо саналаа өгсөн байхад Ардчилсан намын бүлгийн дөрвөн гишүүний саналаар тойргийг өөрчилж болдог юм уу. Ичиж амьдраач. Хөвсгөлийн ард түмнийг битгий доромжил. Ямар ичихээ больчихсон юм бэ. Ардчилсан нам дотор шударга ёс байгаа гэж бодож байна” гэж байлаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүдийн гаргасан дараах санал байнгын хорооноос дэмжлэг хүлээлээ. Үүнд:
СҮХБААТАР аймгийн тойргийн тоог нэг болгон өөрчлөх.
ХАН-УУЛ дүүрэг дэх 57 дугаар тойргийн нутаг дэвсгэрт Багахангай дүүргийг нэмэх.
СҮХБААТАР дүүргийн тойргийн тоо 3 байсныг 4 болгож, тойргийн нутаг дэвсгэрийн хуваарийг дараах байдлаар өөрчлөх.
- 60 дугаар тойрог, Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо, Багануур дүүргийн 2 ба 4 дүгээр хороо
- 61 дүгээр тойрог, Сүхбаатар дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороо, Багануур дүүргийн нэгдүгээр хороо.
- 62 дугаар тойрог, Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14 дүгээр хороо, Багануур дүүргийн 5 дугаар хороо
- 63 дугаар тойрог, Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороо, Багануур дүүргийн 3 дугаар хороо.
ЧИНГЭЛТЭЙ дүүрэг дэх 64 дүгээр тойргийн нутаг дэвсгэрт Налайх дүүргийг нэмэх санал гаргасан нь тус бүр байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээсэн юм.
ЗАВХАН аймгийн 17 дугаар тойргоос Эрдэнэхайрхан сумыг хасч, 18 дугаар тойрогт шилжүүлэх, мөн тойргоос Яруу сумыг хасч, 17 дугаар тойрогт шилжүүлэх.
ӨВӨРХАНГАЙ аймаг дахь тойргийн нутаг дэвсгэрийг дараах байдлаар өөрчлөх.
- 19 дүгээр тойрог, Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий, Хархорин сум
- 20 дугаар тойрог Арвайхээр, Тарагт сум
- 21 дүгээр тойрог Бүрд, Есөн зүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхан дулаан сум
УВС аймгийн тойргийн тоог гурав болгож, тойргийн нутаг дэвсгэрийн хуваарийг дараах байдлаар өөрчлөх.
- 32 дугаар тойрог, Тэс, Зүүнговь, Баруун туруун, Цагаанхайрхан, Давст, Сагил, Улаангом сумын 3, 7, 8, 12 дугаар баг,
- 33 дугаар тойрог мөн аймгийн Малчин, Хяргас, Завхан, Наранбулаг, Тариалан, Ховд сум, Улаангом сумын 4, 9, 10, 11 дүгээр баг,
- 34 дүгээр тойрог мөн аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Өлгий, Өмнөговь, Бөхмөрөн, Түргэн, Улаангом сумын 1, 2, 5, 6 дугаар баг байх саналууд олонхийн дэмжлэг хүлээлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх шатанд Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжлэг авсан дээрх санал дэмжлэг авсан нөхцөлд хууль болж, хэрэгжинэ.
Г.ДАРЬ