Пүрэв гариг болгон “Сайдын цаг” уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл өнөөдрийн “Сайдын цаг”-т хотын мэр Э.Бат-Үүл оролцож, “Сайн хашаа” хөтөлбөрөө танилцуулсан юм. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс Панамын дуулианд холбогдож оффшор данс нээсэн асуудалд холбогдоод байгаа хүүгийнх нь талаар тодруулахад “Энэ талаарх мэдээллийг хэвлэлээс олж харсан. Тэр даруйдаа хүүтэйгээ холбогдож, асуусад 2011 онд оффшор данс нээсэн, гэхдээ ашиглаагүй” гэдгээ хэлсэн гэв.
Мөн хэдийгээр Б.Чулуудай миний хүү боловч нас биед хүрсэн, өрх толгойлсон бие даасан бизнесмен. Би ажил төрөл, амьдрал ахуйд нь оролцоод байдаггүй гэв. Хотын дарга хүүхдээ “Бүх зүйлийн хуулийн дагуу хийх”-ийг захидаг талаараа ч ярьсан юм.
Дашрамд дурдахад, Панамын фирмээс алдагдсан гэх оффшор дансны дуулиан дэлхийг “сандрал”-д оруулаад байгаа бөгөөд Монголын нэр бүхий 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн бөгөөд тэрхүү жагсаалтад Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн нэр холбогдоод байгаа юм.
Б.БАТ