УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсэн дээрх төсөлд 48 мандат орон нутагт, 28 мандат нийслэлд ногдохоор зааж өгсөн юм. Ингэснээр Говь-Алтай, Булган зэрэг аймгууд нэг мандаттай байхаар орж ирсэн бол хүн амын хувьд ойролцоо Хэнтий аймаг гурван мандаттай орж ирсэн нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн эсэргүүцэлтэй тулж байна. Тус бүлгийн гишүүд “Сонгуулийн ерөнхий хороо нэг намын захиалгаар ажиллаж, тойргийн мандатыг оруулж ирлээ. Зарчим барьж орж ирсэн бол асуудал иймдээ тулахгүй байсан” гэсэн асуудал хөндсөн.
УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэе.
Д.Лүндээжанцан: Хүний нүүр яаж харах юм бэ?
Төслийг эхэлж хараад би техникийн алдаа гарсан юм болов уу гэж бодтол санаатай оруулж ирсэн л гэж Сонгуулийн ерөнхий хороо хэлээд байна. Сонгуулийн ерөнхий хороо нь хараат бусаар үйл ажиллагаа явуулж хэний ч нөлөөнд автах ёсгүй байгаасай гэж бид хуулийг нь баталж байсан. Гэтэл хөндлөнгийн нөлөөнд орсон л байна даа. Хүн ам нь ялимгүй зөрүүтэй байхад нэг аймаг нь нэг мандаттай, нөгөө аймгийг нь гурван мандаттай байхаар оруулж ирдэг юм бэ. Ямаа, тэмээ шиг хоёр юм оруулсэн байна ш дээ нөхөд минь ээ. Бид яаж хүний нүүр харах юм бэ?. Үнэхээр ичиж байна. Монгол Улс Улаанбаатар улс биш ээ, 1.5 сая дөрвөлжин хавтгай газар нутагтай 21 аймагтай улс. Говьсүмбэрийг Дорноговьд нэгтгээд яваад ирсэн уламжлалтай, түүгээр барьж яагаад болоогүй юм. Улаанбаатар хотын мандатаас авч болно, яагаад энийг зохицуулаад ороод ирээгүй юм бэ.
Хоёрхон шалгуур бий, хүн амын тоо, засаг захиргааны нэгж, нутаг дэвсгэрийн хэмжээ. Сонгууль нь шударга болох юм байна гэдэг зүйл харагдуулахын тулд шударга юм оруулаад ирэх ёстой. Улс төрийн намууд соёл үзүүлэх ёстой. Ноён нуруу, зарчим л барьсан байхад болно. Гэтэл энэ төслөөр итгэл итгэл алга болчихлоо. Нуухыг нь авах гээд нүдийг сохолно гэгчээр гэдэс дотор луу нь орох юм шиг байна. Даргынхаа өрөөнд тойрог зураад сууж байдаг юм биш биз дээ.
Д.Оюунхорол: Суулт зарлах хэрэгтэй
Сонгууль бараг эхэлчихсэн байгаа цаг үед Монголын төр өөрөө шившигтэй байдалд орчихсон эвгүй байдал үүсгэж сонгууль зохион байгуулах гэж байгаад эрх баригчиддаа харамсаж байна. Тэр тусмаа Ардчилсан намынхан маш сайн бодох ёстой. Засаг захиргааны нэгж, хүн амын тоонд нь нийцүүлж мандатаа оруулж ирсэн юм шиг байгаа юм. Өнөөдөр Ардчилсан намын бүлэг хуралдаад өөр шийдвэр гаргасан гэж сонсогдож байгаа, гаргасан долоон саналыг нь сонсохоор ичиж байна. Танай намын бүлэг арай тийм санал хураалгахгүй байх гэж бодож байна. Саяын ярьсан алдаан дээр алдаа нэмсэн зүйлийг оруулж ирэх гэж байна.
Нэг намын бүлэг Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх, өөрсөндөө тааруулж тойрог гаргах, өөрсөндөө тааруулж тойрог бэлтгэж, тодорхой бус байдал үүсгэж сонгуулиа луйвардаж авах дээд тоог Монголын ард түмэн хүлээж авахгүй.
Дагуул гурван том хот Налайх, Багануур, Багахайнгайг гурван дүүргийн тойрог дотор оруулж талх болгоод хуваагаад тавьчихаж байгаа юм. 70 мянган иргэн үнэ цэнэгүй болчихсон юм уу. Ийм арчаагүй сонголт хийгээд. Улаанбаатар хотын дундаж нэг тойрогт 48 мянган хүнтэй байна гэсэн тооцоо Сонгуулийн ерөнхий хорооны хуваарь дотор харагдаж байгаа. Гэтэл бараг хоёр тойрог байхаар хэмжээний нийслэлийн дагуул хотуудаа жижигрүүлж оруулж ирэх асуудлыг оруулж ирж байгаад ичиж байна. Ийм санал арай орж ирэхгүй байх гэж бодож байна. Энэ санал нь хов живийн яриа байгаасай гэж бодож байна. Хэрвээ ийм санал оруулж ирдэг юм бол завсарлага авна гэж ярьж байгаа манай намын бүлэг. Улстөрийн суулт хийх хэрэгтэй. Төрийн ордон дотроо шударга бус зүйлтэй эвлэрэхгүй тэмцэж байх зүйлийг хийх ёстой.
Ардчилсан намын удирдлагуудад нийцүүлж, тойрог хуваарилах, нэг намын бүлгийн саналаар Сонгуулийн тухай хуулийг луйвардах боломжгүй. Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж байгаа арчаагүй байдлаасаа салах хэрэгтэй. Нөлөөнд автрахгүйгээр энэ хуулиа баталж гаргаасай. Үндэсний эв нэгдлийг ханах хэмжээнд сонгууль зохион байгуулах зарчим бариасай, ийм зарчмаар Сонгуулийн тухай хуулийг батлах хэрэгтэй байна.
Ё.Отгонбаяр: Ямар аймаг нь илүү эрхтэйг хараад ичиж байна
Хүний захиалга барьж орж ирчихээд ширэн нүүрлээд сууж байгаа хүмүүсээс асуулт асууж зовоогоод яах вэ гэж бодлоо. Жоржийн “1984” гэсэн ном байдаг. Тэр номонд “Бүх амьтан тэгш эрхтэй. Гахайнууд илүү тэгш эрхтэй” гэж заасан байдаг. Ээ хөөрхий, ардчилсан Монгол Улс маань ийм болчих гэж дээ. Ямар аймаг нь илүү тэгш эрхтэй, ямар аймаг нь тэгш эрхтэйг нь хараад ичиж сууна. Ганц л жишээ хэлчихье. Булган аймаг 61138 хүнтэй. Өмнөговь аймаг 60872 хүнтэй. Булган аймаг хүн амын тоогоороо илүү байгаа биз. Булган аймаг 16 сумтай, Өмнөговь аймаг 15 сумтай. Сонгогчдын тоогоороо Булган 39115, Өмнөговь 34067 сонгогчтой. Гэтэл Булган аймаг 1 мандаттай, Өмнөговь аймаг 2 мандаттай байна. Аль нь араас нь, аль нь өврөөс нь төрсөн юм бэ. Үүнийг ямар зарчим гэх вэ. Энэ бол зарчим нь захиалгаар явсан байна. СЕХ нэг Өмнөговийн иргэн, хоёр Булганы иргэнтэй тэнцэнэ, нэг Хэнтийн иргэн 3 Булганы иргэнтэй тэнцэнэ гэж шийдвэрээ гаргаад биччих. Цаашлаад Үндсэн хуулийн заалт зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрчих. Тэгээд ҮХЦ-д очвол ямар байна. Энэ бол гишүүдийн бус төлөөлж байгаа сонгогчдын эрхийн асуудал. Яахаараа Хэнтийгээс сонгогдсон гишүүн 14 мянган хүн, Булганаас сонгогдсон хүн 40 мянган хүн төлөөлж байдаг юм. Ямар шударга ёс гэж энэ вэ. Тойргийн доторх хуваарилалтуудыг үзэхээр хачин хачин зүйл их байна. Булган аймаг нэг мандаттай гээд хүч түрээд ороод иржээ. Гэтэл бусад аймгуудын тухайд аймгийн төв нь нэг тойрог болсон зүйл харагдаад байна. Энэ чинь одоо сумын депутат сонгох гээд байгаа юм уу, УИХ-ын гишүүн сонгох гээд байна уу. Ингэж Монголын төрийн үндсэн зарчим эвджээ. Сонгуулийн ерөнхий хорооныхон хүний захиалгаар сонгуулийнхаа хуулийг эвдээд байж болохгүй. Энэ байдал иргэд сонгогчид сонгуулиа өгөх үү, байх уу гэдэг эргэлзээг бий болгоно.
Б.Гарамгайбаатар: МАН Засаг барихдаа зүүн бүсийг хөгжүүлээгүй
Сонгуулийн ерөнхий хороо захиалга аваад хийдэг гэдгийг би анх удаа сонсож байна. МАН-ын туршлагатай гишүүд үүнийг ярьж байхыг бодоход өөрсдөө захиалаад хийлгэдэг байжээ гэж ойлголоо. Би анх удаа нэр дэвшиж орж ирсэн ядуу оюутан. Та бүхэн өөрсдөө бүс нутгийг хөгжүүлэх тухай мундаг ярьдаг. Монгол Улс бол нэг нутаг. Та бүхний ярьж хэлж, өөрсдийнхөө цээжийг балбадаг Чингис хааны нутаг. Монгол Улс нэг тойрог. Бүс нутгийн хөгжил яривал зүүн бүсийн хөгжил үеийн үед дорой явж ирсэн. Нүүдэл суудал нь үргэлжилж байгаа. 90 жил МАН засаг барихдаа зүүн бүсийг хөгжүүлэх бодлогыг бариагүй. Хэнтий аймгийн үе үеийн Засаг дарга нар бүгд баруун аймгаас очиж байсан. Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий гэсэн зүүн бүсийн аймгууд бүгдээрээ Сэцэн хааны нутгаас салж гарсан аймгууд байдаг. Өнөөдөр УИХ-д сууж байгаа гишүүдийн тоогоор баруун аймгийнхан дийлэнх нь. Яривал олон юм ярина шүү. Гэхдээ өнөөдөр олон зүйл ярихгүй.
Ц.Нямдорж: Тойргийг хувьчилж байна
Сүүлийн нэг жилийн хугацаанд УИХ-ын гишүүд өөртөө зориулж хууль гаргадаг, түүнийгээ баахан өмөөрдөг боллоо. Тойрог, мандатын тоог тогтоохдоо дарга нарын захиалгаар л ажилласан байна шүү дээ. Хэнтий аймаг 76 мянган хүн амтай байхад гурван тойрогтой болгоё гээд л оруулаад ирж байна. Энэ бол Б.Гарамгайбаатарын захиалга л явж байна. Чи худлаа гэж хэлэхгүй байлгүй. Та яаж ч тайлбарлаж чадахгүй. Төрийг хувьчилж байгаа юм байна. Сонгуулийн тойргийг хувьчилж байгаа юм байна. Өөрт нь санал өгөхгүй гэж үзсэн хэсгийг үсэргэж байна. Тэр даалгаврыг нь Сонгуулийн ерөнхий хороо биелүүлжээ. Та нар битгий худал хэл. Тойрог тогтоодог асуудлыг УИХ өөр дээрээ авах шаардлагагүй юм байна гэж би бодож байна. Цаашид Сонгуулийн ерөнхий хороо нь уг асуудлаа шийдээд явдаг хуулийн өөрчлөлт хийх хэрэг гарах юм байна. Ижил хүн амтай, сумтай хоёр аймгийн мандатын нэгийг нь 2 нөгөөх нь гурав болгоод оруулаад ирдэг юм. Энэ чинь л эгдүү хүргээд байна.Энэ чинь ариун явдал мөн үү. Ийм утгагүй байж болохгүй. Өөртөө зориулж төрийг хувьчилж болохгүй. Ардчилсан намын бүлгийн хурлаар гарсан саналаар бол жижиг гурван дүүргийг үсэргэх гэж байна. Налайх дүүрэг Сүхбаатар дүүрэг рүү үсрээд Багахангай Чингэлтэй рүү үсрээд Багануур Хан-Уул дүүрэг рүү үсрэх гэж байна уу яах гэж байна. Одоо байтлаа дүүрэг үсэргэдэг болох нь. Та нар ингэж төрөөр тоглодогоо болчьих. Адал, балмад балиар оролдлогоо больчих. Ил цагаандаа гарсан дээрэм тонуул явж байна. Сонгуулийн Ерөнхий хороо өөрийн толгойтой юм бол ямар юм аа хийж ийм балай юм оруулж ирж байгаа юм. 76 мянган хүн амтай аймаг хоёр суудалтай байх ёстой юм бол Сүхбаатар, Хэнтий хоёрт нь адилхан суудал хувиарлаач. Арай хэтэрч байгаа юм биш үү. Санал өгөх гэж байгаа гишүүд төр улсаа бодоод больчих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж:
Говь-Алтай аймаг 56209 хүн амтай. Тэдний 35735 нь сонгуулийн насны иргэн байдаг. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсад хоёрдугаарт ордог. Засаг захиргааны 90 гаруй нэгжтэй, зарим сум нь 360 км хүртэл алслагдсан, иргэд сонгогчид нь тархай амьдардаг, хөгжлийн хувьд хоцрогдсон бүс юм. Энд Ардчилсан сонгууль явагдах үеэс УИХ-д хоёр мандаттай байсан. Гэтэл одоо Говь-Алтай аймагт ганц мандат олгохоор тогтоолын төсөлд тусгасан байна. Манай аймгаас газар нутгийн хэмжээгээр бага, засаг захиргааны цөөхөн нэгжтэй аймгуудад 2-3 мандат олгох санал оруулж байгаа нь “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөөл, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн Үндсэн хуулийн заалтыг илт зөрчиж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн үзэл санаанд нийцүүлэн Говь-Алтай аймгаас УИХ-ын хоёр гишүүн сонгогдохоор тооцон, тойрог, мандатын тоог нэмэгдүүлэх нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
-Жагсаалтын 28 мандатыг тойрогт хуваах тал дээр Ардчилсан нам хот, хөдөөд тэнцүү хуваах саналтай байгаа. Харин МАН хотод найм, хөдөөд 20 мандат нэмэх санал гаргасан. Учир нь засаг захиргааны нэгж, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоонд нийцүүлж мандат олгох ёстой гэдэг зарчмаа барьж байгаа. Гэвч Говь-Алтай, Булган аймгуудад нэг мандат олгох саналыг тогтоолын төсөлд тусгажээ. Улаанбаатар хотод 3-4 хороонд нэг мандат оногдож байна. Энэ нь 20 мянган хүн тутамд нэг УИХ-ын гишүүн ажиллана гэсэн үг. Гэтэл 20 орчим сумтай, 60 мянга орчим хүн амтай аймагт нэг мандат олгож болохгүй. Хот, хөдөөгийн ялгаа асар их. Тиймээс шударга зарчмаар мандат хуваах ёстой.