Сибирийн ой хээрийн түймэр энэ долоо хоногоос улам газар авч байгаа талаар ОХУ-ын ойн албанаас мэдээлжээ.
Хэтэрхий хурдан тархаж буй ойн түймрийг цурманд оруулах боломжгүй байгаа тул ОХУ-ын алс дорнодын Амур районы гал сөнөөгчид хот, тосгодыг галаас хамгаалахад голлон анхаарч байгаа гэнэ.
42,000 га талбайд асч буй 24 түймрийг унтраахад трактор, бульдозероос авахуулаад ус шүршигч ашиглаж байгаа юм байна.
ОХУ-ын Онцгой байдлын яамнаас гал түймрийг унтраахад B-200, An-2 нисэх онгоц, Mi-8 нисдэг тэрэг дайчилж, гал түймрийн голомт руу илгээжээ.
18,800 га талбайд түймэр асч буй Буриад улсад гал сөнөөгчид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1500 га талбайн түймрийг унтрааж чадсан байна.
Буриадын ойн албаны мэргэжилтний мэдээлснээр асар өргөн нутаг дэвсгэрийг хамарсан гал түймэр иргэд шатамхай материалд анхаарал болгоомжгүй хандсанаас болж гарчээ. Гал түймэр одоо хөдөө аж ахуйн газрыг сүйтгэж, цахилгааны шугамыг дайрчээ.
Өвөр Байгалийн хязгаар районд л гэхэд 11,000 га талбайд түймэр асч байгаа тухай мэдээ байна. Гал түймрийг унтраахаад мянга гаруй гал сөнөөгч, 155 гал сөнөөх анги ажиллаж байгаа юм байна.
Н.ЭНХ