Европын Холбоо Умард Солонгост хүнсний тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Европын Холбоо Умард Солонгост хүнсний тусламж үзүүлнэ

Европын Холбооноос хоол тэжээлийн дутагдалд ороод байгаа Умард Солонгосын 650,000 иргэдэд 14,5 сая ам.долларын өртөг бүхий хүнсний тусламжийг илгээхээр боллоо. Европын холбооны ажлын хэсэг өнгөрсөн зургадугаар сард Умард Солонгосын эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, хүнсний төвүүдэд очиж, нөхцөл байдалтай танилцсан юм. Энэ үеэр хоол тэжээлийн дутагдалд орж, хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүдэд ямар ч эмчилгээ хийгээд нэмэргүй болсон байсан нь тогтоож, улмаар архаг хоол тэжээлийн дутагдал нь Умард Солонгосын хэд хэдэн мужид хямралын түвшинд хүртлээ дэлгэрээд байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Энэ удаагийн тусламжийн хүнсийг хоол тэжээлийн дутагдалд орсон таваас доош насны хүүхдүүд, жирмэсэн эмэгтэйчүүд, хөхүүл ээжүүд, эмнэлгийн өвчтөнүүд болон өндөр настай хүмүүст зориулан хүргүүлэх ажээ.

Умардын зарим иргэд өлсөхийн эрхэнд өвсөөр хооллож байгаа ба тэдгээр иргэд өдөртөө ердөө 400 ккал хүрэхгүй илчлэгтэй хүнс хэрэглэж байгаа нь хоногт дунджаар авах ёстой калорийн тавны нэгд хүрэхтэй үгүйтэй үзүүлэлт юм. Дэлхийн хүнсний хөтөлбөр төслийн мэргэжилтнүүд энэ удаагийн тусламжийн хүнс хүргэлтэнд хяналт тавих аж. Европын холбооноос гадна АНУ мэргэжилтнүүдийнхээ багийг Умардад илгээгээд байгаа ч, хүнсний тусламж илгээх эсэхээ хараахан шийдээгүй байна. АНУ цөмийн зэвсгийг бууруулах тухай 2008 оны зургаан талт хэлэлцээрээс Умардууд татгалзсанаас хойш тус улсад үзүүлж байсан хүнсний тусламжаа зогсоожээ. Харин Өмнөд Солонгос хөрш Умардад 2007 оноос хойш ямар ч хүнсний тусламж үзүүлээгүй байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж