Ливан-дайн эсвэл хууль

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Экс ерөнхий сайд Рафик Хари­рийг хөнөөсөн хэргийг мөр­дөхөөр Ливаны хэргээр 2005 онд байгуулагдсан тусгай шүүхийн комисс сэжигтнүүдийнхээ жагсаал­тыг гаргаж, шиитийн “Хезболлах” хөдөлгөөний дөрвөн идэвхтний нэртэй ялын төлөвлөгөөг Ливаны ерөнхий прокурорт гардуулсан байна. Ерөнхий прокурор Саид Мирза хүндхэн шийдлийн өмнө ирлээ. Тэрээр ямар нэгэн үйлдэл хийсэн ч  эсвэл зүгээр л баримтыг дараад дуугүй байсан ч иргэдийн сөргөлдөөнийг дэгдээж магадгүй.

Рафик Харирийн аллагын эзнийг тодруулахаар тусгай шүүх байгуулахыг НҮБ-д даалгасан юм. Учир нь энэ хэргээр оролдох сонирхол Ливанд өөрт нь байсангүй. Нэг хэсэгт нь нэртэй улстөрчийн үхэл ашигтай байсан бол нөгөө хэсэгт нь мэдээж сөргөөр нөлөөлсөн. Тийм учраас мөрдөн байцаалтыг энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилгүй гадаадынхан хийх хэрэгтэй гэсэн санал гарсан юм.

Гэвч гадаадын хүмүүс Ливаны үндэстэн, шашны буцлан буй тогоонд орж ирээд өөрсдөө айсан болов уу гэлтэй хэдэн жилийн турш ямар ч байр суурь илэрхийлээгүй юм. Энэ нь ч тусгай шүүхэд Ливаны ямар нэгэн намыг буруутгах шалтаг өгөөгүй амар байсан. 

Ливаны цагдаагийн ахмад Висам Эйд өөрийн санаачлагаар хэргийг мөрдөх санал гаргасны эцэст үр дүн гарч эхэлжээ. Тэрээр бие даан нарийн мөрдөн байцаалт явуулж аллагыг зохион байгуулан гүйцэтгэхэд “Хезболлах” хөдөлгөөний төв штабын идэвхтнүүд оролцсон болохыг олж тогтоолоо. Түүнээс гадна талийгаачийн амь насанд халдах оролдлого хийх гэж буйг мэдэж байсан хүмүүс  ч байсныг тогтоосон байна.

Америк мөнгөөр жил бүр сайн цалинжиж байсан тусгай комиссийн мөрдөн байцаагчид Эйдагийн баримт бичгийг аваад мөрийг нь алгадаж магтаад цааш нь мэдээлэлгүй хэргийг дарсан байв. Багаж төхөөрөмж, хөрөнгө мөнгөөр дутагдаагүй  гадаадын шилдэг мөрдөн байцаагчдын ажил урагшлахгүй байхад ливан ахмад тэднээс дээр ажиллана гэж яаж байх билээ! Тэгж болохгүй!

Гэтэл болдог л юм байна гэдэг нь 2008 оны нэгдүгээр сарын эхээр мөрдөн байцаах бригадын удирдлага солигдсоны дараа тодорхой боллоо. Бельгийн Серж Браммерцийн оронд ерөнхий прокуророор томилогдсон канад Дэниел Бельмар Эйда ихээхэн зүйл хийж алуурчныг олсныг ойлгосон байв. Ингээд тусгай комиссийн мөрдөн байцаагчид ахмадтай идэвхтэй хамтран ажиллах болжээ.

Гэтэл уг аллагыг зохион байгуулагчид үүний эсрэг байлаа. Тэд 2008 оны нэгдүгээр сарын 25-нд гадаадынхантай уулзахаар явж байсан ахмадын машиныг дэлбэлэв. Гэлээ ч Эйдагийн эхлүүлсэн ажлыг зогсоож чадсангүй. Тусгай комиссийн цуглуулсан баримтыг судлах тусгай шүүхийг 2009 онд байгуулсан юм.
“Хезболлах” болгоомжилж эхлэв. Шиитийн хэт даврагч бүлэглэлийг хэн ч яллаагүй ч толгойлогч шейх Хасан Насралла шууд сөрөг довтолгоонд орлоо. Эхлээд тэрээр жигүүрийн цохилт хийж Израилийн буруутгав. Баримт гэж “Моссадын туршуул”  нэгэн  нөхрийн хэргээ хүлээсэн бичлэг болон Израилийн нисгэгчгүй онгоцноос аллага болсон газрын зургийг авсан гэсэн бичлэгийг харуулав. Олон улсын комисс  уг бичлэгийг нь хэрэгт хавсаргасан ч албан ёсны  баталгаа болж чадахгүй гэж үзсэн юм.

Мөрдөн байцаалтыг үймүүлж чадаагүйгээ ойлгосон Насралла хуйвалдаан гэхээ болиод сурсан аргаараа айлгаж эхэлжээ. Тэрээр телевизийн илгээлт явуулж НҮБ-ын шүүхийг АНУ болон Израилийн гар хөл гэж хэлээд тэдний талынхнаас барих оролдлого хийсэн хэн нэгнийг мөчилж ална гэж заналхийлсан юм.
Ливанд ч гадна ч сэжигтнүүдийг баривчилбал иргэний дайн дэгдээх болов уу гэсэн асуудал гарч ирээд байна. Тэрээр дотолгооноо үргэлжлүүлэн Засгийн газраас өөрсдийн сайд нарыг татав. Ливан улс төрийн хямралд ороод хууль ёсны Засгийн газаргүй болсноор шүүх ажиллаж чадахгүйд хүрлээ.

Орон нутгийн улстөрчид  хагас жил хэлэлцээр хийж байж Засгийн газартай болов. Энэ нь дахиад л Насраллад ашигтай байдал үүсгэж Засгийн газрын олонх нь шийтийн хэт даврагч бүлгийнхэн болжээ. Орон нутгийн хуулиар Засгийн газрын гуравны хоёрын шийдвэрээр асуудал шийдэгдэх ёстой учраас шинэ Засгийн газар нь “Хезболлахын” бараг салбар нь болсон гэж болно.

Нэлээд их үг хаялцсаны дараа гарсан танхимын хөтөлбөр нь байдал ямар байгааг харуулсан юм. Эхлээд Засгийн газар Ливанд “эсэргүүцлийн хүчин” гэх хувийн армийг байлгахаар зөвшөөрөв. Дараа нь танхим  Харирийн аллагыг мөрдөж буй шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэхээс биш хүлээн авахгүй гэж шийдэв. Гэхдээ “Ливаны энх тайван, тогтвортой байдалд” шүүхийн шийдвэр нь нийцэж буй тохиолдолд” гэсэн тодотголтойгоор. Ингэхлээр Ливаны энэ Засгийн газар энэ хэргийг эцэслэн шийдэж чадахгүй гэдэг нь ойлгомжтой болов. Үүнд орон нутгийн үндэстэн, ястнуудын лидер Валид Жумблат  маш энгийнээр тайлбар хийжээ. Тэрээр “шударга шүүхийн төлөө тогтвортой байдлаа алдмааргүй байна” гэсэн юм.

Хэрэг явдал ингэж өрнөж байгаа ч Засгийн газартай болсныг далимдуулаад НҮБ-ын шүүх цаг алдалгүйгээр өөрсдийн  ялын  бичиг баримтаа тус орны  ерөнхий прокурор Саид Мирзад гардуулсан талаар дээр өгүүлсэн.  Бичиг баримтыг нууц гээд түүний дагуу сэжигтнүүдийг барьтал эсвэл цаг хугацаа нь болтол уг баримтын агуулгыг хэн ч мэдэх ёсгүй гэж байгаа.

Ливан жижиг орон хэдий ч сэтгүүлчид нь бас шургуу. Тэдний хөөцөлдсөнөөр эхний өдөрт нь нууц задарч, сэжигтнүүдийн жагсаалтад дөрвөн нэр байгаагийн хоёр нь олны танил хүн байсныг мэдээлжээ. “Хезболлахын байлдааны ажиллагааг” хариуцсан Мустафа Бедреддин гэгч  үнэн хэрэгтээ штабын дарга нь. Нөгөө нэг Салим Аяш нь “Хезболлах”  намын улс төрийн дээд удирдлагад ажилладаг. Үлдсэн хоёр нь болох Хасан Онейси ба Асад Сабра зүгээр л дайчид нь бололтой. Аллагыг гүйцэтгэгч нар байх.

Энэ мэдээ Ливаны хувьд жинхэнэ бөмбөг тэсэрсэнтэй адил болов. “Хезболлах”-ын сөрөг хүчин баримтыг ийнхүү дамжуулсныг  “түүхэн үйл явдал” гэж нэрлэн шударга шүүх ялна гэж баярласан бол шиитүүд уг мэдээг хүйтэн угтаж. материалтай танилцаад бодсон санаснаа хэлнэ гэсэн юм. Дотоод хэргийн яам сэжигтнүүдийг хайна гэж мэдэгдээд Бейрут хотноо аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, нэмэлт эргүүлийг гудамжинд гаргалаа.

Олон хүмүүс иргэний дайн гэж юу байдгийг сайн санаж байгаа учраас элдэв эсэргүүцэл жагсаал, цуглаан гаргах гэж яарахгүй байна. Улстөрчид болон энгийн хүмүүс хэрэг хэрхэн өрнөхийг харзнаж, ерөнхий прокурорын шийдвэрийг хүлээж байна. Хэрэв тэрээр шиитийн хэт даврагчдын удирлагыг бариулбал Насраллагийн амласнаар гараа тасдуулна. Тэднийг бариулахгүй гэвэл суннитуудын эсэргүүцэлтэй тулгарна. Ерөнхий прокурор ямар ч шийдвэр гаргасан ч Ливанд дахин иргэний дайн дэгдэж магадгүй болоод байна.

Шиитүүд тэднийг бариулаад Гаагийн шүүхэд илгээхгүй нь тодорхой. Улс төрийн аргаар тэдний хамгаалж чадахгүй боллоо гэхэд Бейрутийн гудамжнаа хэдэн арван мянган хүн “Израиль-Америкийн хуйвалдааны эсрэг” жагсах бөгөөд зэвсэгт тэмцэлд шилжиж ч магадгүй. Ийм байдал үүсч болзошгүй учир Гаагын шүүх хэрэгт холбоотой хүмүүсийг эчнээ шүүх төлөвлөгөөтэй байна. Эчнээ шүүх хурлаар өөр бусад хүмүүсийн нэр ч гарч ирэхийг үгүйсгэх аргагүй.

Ер нь Ливан нэлээд ээдрээтэй байдалд оржээ. Олон тооны шашны бүлгүүд “Хезболлах”-аа дэмжиж байна. Өнөөгийн Засгийн газрын тэргүүн Нажиб Микати энэ үүсээд байгаа нөхцөлд тайван амгалан ухаалаг байхыг иргэддээ уриалжээ.  Уриалахаас өөр зүйлийг тэрээр хийж чадахгүй бололтой.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж