“Рашаантын-18” тоот хашаа байшингаа тохилог дулаан орон сууцаар солиход нэг хүн ихэд дургүйцсэн нь С.Зоригтбаатарын дөрвөн настай зээ хүү. Амралтын өдрөөрөө ирж шороо ухаж, шалбааг туулан гүйж харайдаг хамгийн дуртай газар байсан болохоор тэр. Одоо хөвгүүн олон янзын тоглоом бүхий зориулалтын талбайд тоглох болсон. Өвөөгийн хашаанд тоглох сайхан ч олон жилийн хур хог, бохирдсон хөрс, гудамжны ноход гээд хүүхдэд сөргөөр нөлөөлөх зүйлс гэр хороололд даанч их. Гэвч энэ бүхэн ард хоцорчээ. Учир нь Рашаантын гудамжуудын суурь дээр орчин үеийн тохилог орон сууцны хороолол босч буй. “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсан эндэхийн XVIII гудамжинд амьдарч “Рашаантын 18” дуугаа бичиж, дуулж явсан цаг саяхан. Харин өнөөдөр Рашаант гудамжныхан орон сууцны хорооллын оршин суугчид болсон.
Тэдний төлөөлөл С.Зоригтбаатарынх гурван охин, нижгээд зээтэй. 17 жилийн өмнө хөдөө орон нутгаас шилжиж ирээд Сүхбаатар дүүргийн XI хороо, Рашаантын XVII гудамжны 18 тоот хашааг 650 мянган төгрөгөөр худалдан авч байж. Рашаантын 18-д амьдарч байсан гэдэг утгаар түүнийг онцолж сурвалжлага бэлдэж байгаагаа учирлаж гудамжных нь суурин дээр очиж үзэв. Тэр хавийн айлуудын ихэнх нь газраа чөлөөлөөд нүүжээ. Хөршүүд нь ч “Хангай” хотхонд байр авсан гэнэ. Сурвалжлагын маань эзнийх хуучин байшингаа палкаар барьсан учраас буулгаад зусландаа хоёр давхар байр барьжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард газраа чөлөөлж өгснөөс хойш хэдхэн сарын дотор тохилог орон сууцтай, зусландаа ч байшинтай боллоо. Рашаантын-18 тоот амьдралын маань зорилгыг биелүүлж өгсөн гээд С.Зоригтбаатар сэтгэл хангалуун байгаа гэж жигтэйхэн. “Улс орон хөгжиж байхад бид ч цаг үетэйгээ хамт урагшлах ёстой. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө дараагийн үе шатанд шилжих гэж байхад бид хэдий болтол усны гудамжиндаа шавар шавхайтайгаа зууралдаж амьдрах ёстой юм бэ” гэдэг асуултыг ч өөдөөс минь тавьж байв.
Тэрээр гэр хорооллын айлын газрыг орон сууцаар солино гэж анх сонсоод итгэдэггүй байснаа нуугаагүй юм. Гэхдээ нүдэн дээр нь бүрэн цутгамал, чанартай орон сууц барьж, айлууд орж эхэлсэн учраас газраа чөлөөлж өгөхөөр шийджээ. Улс орон бүтээн байгуулалт хийж байна, бидний насныхан тусалж, дэмжихгүй бол болохгүй гэж үзжээ. Түүнчлэн, хэдэн зуун айлын газрыг чөлөөлж орон сууц босгох нь байтугай өөрийнхөө эзэмшлийн газарт амбаар барихад өчнөөн асуудал, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Тэгэхээр ийм том хэмжээний бүтээн байгуулалт хийх явцад бэрхшээл гаралгүй яах вэ. Тиймээс жаахан хүлээцтэй хандах хэрэгтэй гэж газраа чөлөөлж буй иргэдэд хандан захиж байв.
Харин гэргий А.Борхүүхэн орон сууцанд орохыг хүсдэг байсан ч урьдчилгаа төлбөр төлөх ч боломжгүй байснаа дурсав. Хүүхдүүд бүгд тусдаа гарсан учраас ус түлээ бэлдэх ажил хоёр хөгшний нуруун дээр ирдэг байж л дээ. Харин одоо байранд ёстой жаргаж байна аа гээд тас тас инээх нь жаргалтай харагдана. Гэргий бас бяцхан тооцоо бодож үзүүлэв. Эцсийн хариу гарахад гэр хороололд зарлага өндөр байсныг нотолсон юм. Нүүрс, түлээнд өрхийн санхүүгийн дийлэнхийг зарцуулдаг байж. Өмнө нь цахилгааны төлбөр 55 мянга гардаг байсан бол одоо 13 мянган төгрөг л төлдөг болжээ. Дээр нь гэр хороололд усанд орно гэдэг асуудал бий. Гэрийн эзэд долоо хоногт нэг удаа гэрийнхээ ойр байрлах “Жим” төвд очиж 7600 төгрөг төлж усанд орно. Үүнийг дөрвөн долоо хоногтоо үржүүлээд үзэхээр бас ч чамгүй мөнгөөр усанд орох хэрэг гарах нь мэдээж. За тэгээд яриад, харьцуулаад байвал гарах өөрчлөлт мэдээж олон байгаа.
Одоо бол гэрийн эздийг сэтгэлийг зовоох нэг л зүйл бий. Тэр нь хашаанд нь ургаж байсан хоёр том мод. Биднийг хуучин хашааных нь туурин дээр очиход хоёр мод нь овоолсон шороо, буулгасан барилгын хог хаягдал дунд торойсоор л байсан. Гэхдээ мод байгаа газар сургууль барих зураг төсөл гарсан юм билээ. Тиймээс өглөө бүр цай, сүүнийхээ дээжийг өргөж хоёр модныхоо төлөө залбирдаг гэнэ лээ. Үнэндээ тэр хавьд байтугай, тус хороонд мод олж харах бараг боломжгүй юм шиг санагдсан. Тиймээс хоёр модыг үлдээгээд барилга барих арга байна уу гэж гэргий учирлан гуйсныг гүйцэтгэгч компани хүлээн авна гэдэгт найднам.
Харин гэрийн эзний мөрөөдөл дараагийн шатандаа орсон гэнэ лээ. Тэрээр одоо орон сууцтай болсон болохоор одоо хийж байгаа бизнесээ өргөжүүлнэ. Үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх ажлын байр бий болгох тухай сэтгэх болжээ. Байрных нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарчихсан учраас зээл авч, автын цахилгааны инженер мэргэжилтэй бага охин, хүргэн хоёртоо хөрөнгө оруулалт хийх аж. Хөрөнгө оруулах обьект нь бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг авто засварын төв байхыг ч тархиндаа “зурж” том зорилго өвөрлөн яваа гэсэн. Тэртээ хориод жилийн өмнө
Намхан ширээн дээр зассан тавганд
Намайг тэжээсэн боорцог байсан
Хатуу ч гэсэн сайхан ааруул
Хадгалж хадгалж чамдаа би өгсөн гэх мөрүүдийг төрүүлж байсан Рашаантын-18 гэхээргүй өөрчлөгджээ.
Дөнгөж сургуульд орсон дүү минь
Дөчийн хувин усаа зөөлөө
Нүглээс айдаг хөгшин ээж минь
Нүүрс үүрээд шөнөөр ирлээ гэх ор мөр ч тэнд үлдэхгүй нь.