Өнгөрсөн даваа гаригт ажлаа хүлээж авсан Лондон хотын шинэ мэр Садик Хан нийтийн тээврийн автобусаар ажилдаа очжээ. Долоо хоногийн өмнө болсон Лондон хотын даргын сонгуульд ялалт байгуулсан түүнийг хотын танхимд ирэхэд дэмжигчид баяр хүргэхээр хүлээж байв.
Лондон хотод урьд хожид үзэгдээгүй их буюу 45.6 хувийн ирцтэй сонгуульд Хөдөлмөрийн намаас нэр дэвшсэн Садик Хан 57 хувь буюу 1,310,143 сонгогчийн саналаар сонгогдож, Лондоны хотын шинэ мэр болсон юм.
Харин түүний өрсөлдөгч Консерватив намын Зак Голдсмит 994,614 сонгогчийн санал авсан байжээ. Садик Ханы энэхүү ялалт Лондон хотын хуучин мэр Борис Жонсоны удирдлага дор Хотын танхимыг эзэлсэн Консервативчуудын ноёрхолд цэг тавьсан. Хөдөлмөрийн намын улстөрчид өнгөрсөн жил Лондон хотын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэх үед Садик Хан мэр болох тухай төсөөлөө ч үгүй юм.
Лондон хотын шинэ мэр хөгшин Европын эртний энэ хотод үзэн ядах хандлагыг өөрчилнө гэж итгэж байна.
Тэр үед намынхан нь Лондоны олимпын эрхийг авахад гол үүрэг гүйцэтгэсэн Тони Блейрийн Засгийн газарт ажиллаж байсан Баронесс Жоуэллд хамаг анхаарлаа хандуулж байв. Гэтэл хэний ч таамаглаагүй байсан Садик Хан хөшигний араас гарч ирсэн. Гэвч Садик Ханы намтарт бусад өрсөлдөгчдийн адил баян язгууртны удам угсаа байсангүй. Садик Хан бол Пакистанаас Их Британид очсон цагаачийн найман хүүхдийн дундах нь ажээ. Түүний эцэг автобусны жолооч байжээ.
Сонгуулийн кампанит ажлын үеэр "Автобусны жолоочийн хүү” гэдэг үг л хамгийн их хэрэглэгдсэн аж. Садик Хан 20 нас хүртлээ Лондон хотын өмнөд хэсгийн нэгэн байшинд аав ээж, ах дүү нарынхаа хамт амьдарчээ.
Садик Хан Эрнест Бевины коллежид суралцах үеэс улс төр сонирхон судлах болжээ. Тэр үед Хан 15 настай байв. Амжилтанд хүрэхэд хүнд арьсны өнгө, гарал үүсэл огт хамаагүй гэдгийг ойлгуулсан хүн бол түүний сургуулийн захирал, Исламын шашинт Наз Бохари байжээ. Оюутан байхдаа Хан хөлбөмбөг, бокс, крикет гээд сонирхдоггүй зүйл ховор байв. Гэвч Уимблдон, Челсигийн тоглолтыг ах нартайгаа үзэх үеэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчидтай байнга тулгардаг байсан тул дуртай тоглолтоо гэртээ үзэх нь аюулгүй болсон юм.
Математик, шинжлэх ухааны хичээлд байнга A үнэлгээ авдаг байсан Хан шүдний эмч болохоор төлөвлөж байсан ч багш нь түүнийг байнга маргалдаж байдаг гэсэн тул хуулийн чиглэлээр суралцахаар болжээ.
Лондоны Их сургуульд хуулийн чиглэлээр суралцсан Хан 1994 онд хүний эрхийн хуульч Луис Кристианы хуулийн фирмд ажилд орсон байна. Гуравхан жилийн дотор Хан ажил олгогчийнхоо хамтрагч болж чадсан бөгөөд хүний эрхийн дуулиант олон хэргийг амжилттай шийдвэрлэжээ.
2004 онд Хан хуулийн Law Gazette сэтгүүлд "Хуульч хүн хууль санаачилж, сая сая хүний амьдралыг сайжруулах боломжтой” хэмээн ярилцлага өгсний дараа хуулийн фирмээс гарчээ.
2005 онд Хан Хөдөлмөрийн намаас Түүтинг тойрогт өрсөлдөж, сонгогдон үндэсний цөөнхөөс сонгогдсон таван гишүүний нэг болсон юм. 2008 онд Хан Хөдөлмөрийн намын Гордон Брауны засгийн газарт Орон нутгийн өөрөө удирдлагын дэд сайд, мөн Зам тээврийн дэд сайдаар томилогдон ажилласан байна. Садик Хан Лондон хотын даргын сонгуульд ялалт байгуулсныхаа дараа “Энэ хотод үзэн ядалтыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн билээ. Лондон хотын Исламын шашинт цөөнхүүд ялгаварлан гадуурхалтын бай болох нь олонтаа. Харин Хан Исламын шашинт, догшин эрчүүдээс “Би Британи хүн. Надад бас Исламын шашинтан, Лондоны оршин суугч байх нь ч таалагддаг” гэж хэлдгээрээ ялгардаг. Исламын шашны хэт туйлшрагчдын дэлхийн өнцөг булан бүрт үйлдэж буй хүчирхийлэл, цуст халдлагаас болж Исламын шашинтнуудыг нэг нүдээр үзэхээ больсон энэ үед Лондон хотын шинэ мэр хөгшин Европын эртний энэ хотод үзэн ядах хандлагыг өөрчилнө гэж итгэж байна.
Н.ЭНХ