УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон ч ирц бүрдэхгүй байна. Энэ өдрийн хуралдаанаар нийт 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс Монгол Улсын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл хойшилж мэдэхээр байгаа. Учир нь энэ асуудлыг өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч бүлгүүдийн төвшинд зөвшилцөлд хүрч чадаагүйгээс байнгын хороо хуралдаж чадаагүй. Өөрөөр хэлбэл, бүлгүүд нэгдсэн ойлголцолд хүрч, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх тогтоолын төслийг хэлэлцсэний дараа чуулганаар хэлэлцэгдэх болж буй.
Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсэн Монгол Улсын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд 48х28-аар буюу орон нутагт 48 мандат, нийслэлд 28 мандат ногдохоор заасан.
Г.ДАРЬ