”Дөрвийн дөрөв”-өөс болгоомжил

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

”Дөрвийн дөрөв”-өөс болгоомжил

Можраатор гэдэг нь МАН-нд, Порпор… гэдэг нь АН-д ашигтай юм гэнэ. Надаас асуувал намыгаа гаргаж ирэх саналыг нь л  дэмжинэ дээ хэмээн ярилцах хоёр эмээгийн яриагаар байрны урд талын нэгэн саравчны, нэгэн дүүргийн, нэгэн хотын, нэгэн улсын нэг өдрийн амьдрал эхэллээ. Үүнтэй нэгэн цаг хугацаанд давхцан Төрийн ордонд УИХ дахь бүлгийн хуралдаануудаар ч эмээ нарын ярианы сэдэв хөндөгдсөн байна. Өчигдрийн өнгийг тодорхойлох хүлээлттэй асуудал үндсэндээ энэ тухай байв. Сонгуулийн холимог тогтолцоог ямар орцтой байлгах тохиролцоог хийж чадаагүй нилээдгүй олон хоногийг үдсэн нөхдүүд ард түмнээс асууя гэх шийдэлд хүрсэн. Үүнийгээ намын удирдлагууд төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг тул та бүхнийхээ саналын дагуу шийдэцгээе гэж тайлбарласан.

Үнэхээр эрх мэдлээ гартаа байгаа мэдрэхийг хүссэн ард түмэн “МАН ард түмний саналыг сонсохоор боллоо”, “намууд дээрээ ард түмэн байдгийг санав”, “Ард түмнийг сонголоо” гэх мэдээнүүдийг баяр хөөрийн байдалтайгаар хүлээн авсан юм. Гэвч ард түмнээс асуух зүйл гэж бий, асуулгүй шийдээд явах зүйл ч гэж бий гэдгийг энэ удаад аль аль нь нэг их ойшоосонгүй хэсэг хугацааг өнгөрөөв. Намуудын маргааныг таслах төдийд ард түмний санал асуулга явуулах нь тийм ч зохистой зүйл биш. Тэгээд ч энэ мэт асуудлыг та нар бидний өмнөөс шийдчих гэж ард түмэн нь УИХ-ыг сонгож, Үндсэн хуулиараа эрх мэдлийг нь бий болгож баталгаажуулсан. Хэсэг хугацааг өнгөрөөв гэхийн учир нь өнөөх ажлын хэсгийн хуралдаан дээр энэ саналаасаа буцах санал гарсантай холбоотой.

Ард түмний санал асуулгыг зохион байгуулах ажлын хэсгийн өчигдөр үдээс өмнө хуралдсан хуралдаанд сонгуулийн тогтолцооны асуудлыг заавал ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх шаардлагагүй гэх санал гарч. Ингээд цааш нь сайтар боловсруулаагүй тул үдээс хойшхи хуралдаанд шилжиж. Ийм санал гаргахад ямар шалтгаан байж болох вэ. Үүнийг нь таамаглах гээд үзье. Улс төрийн намууд өөрсдийн хувилбарыг боломжтой бүхий л сувгаар сурталчилна. Тархи угаана. Сонгуулийг “амжилттай” будлиантуулсан хуучин командынхан энэ санал асуулгыг зохион байгуулна. Санал асуулгын хариу гарна. Олон хүн гайхна. Удалгүй санал өгсөн ард түмэн маань өөр өөрсдийн ажилдаа орцгооно. Энэ бүхэн дууссаны дараа улстөрч “алдаа гаргасан ч засварлах боломж энэ удаад алга. Хуулиар өөрчлөх боломжгүй юм байна” хэмээн шаналсан царайтай мэдэгдэл хийнэ.

Ингээд зургаан жилийн өмнө батлагдсанаас хойш анх удаа хэрэгжиж буй энэ хуулийн дөрөвдүгээр зүйлийн дөрөвдүгээр заалтыг уншиж өгнө. Тэр нь “Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт өөрчлөлт оруулах бол УИХ-аар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ” гэх заалт. Мөн хуулийн “Санал асуулгаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар таван жилийн дотор, санал асуулгаар шийдвэрлэгдээгүй асуудлаар Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд, гэхдээ уг санал асуулга явуулснаас хойш хоёр жилийн дотор дахин санал асуулга явуулахгүй” гэх заалт. Ингээд л энэ хуулийн дагуу ямар ч шийдвэр гарсан бараг л дархлагдана гэсэн үг. Таамаглал оносон эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ нь ч бас боломж шүү. Гагцхүү Ард түмний санал асуулгын хуулийн дөрвийн дөрөвдүгээр заалтнаас болгоомжлох учиртайг мартах вий.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж