А.Ариунаа: Япон машин 1500 ам.доллараар хямдарна

Хуучирсан мэдээ: 2016.05.12-нд нийтлэгдсэн

А.Ариунаа: Япон машин 1500 ам.доллараар хямдарна

Монгол, Япон улс эдийн засгийн салбарт хамтран ажиллахаар, хэлэлцээр байгуулж буй. Хэлэлцээр албан ёсоор ирэх зургаадугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна. Ингэснээр Монгол, Япон улсын хооронд худалдагдах бараа бүтээгдэхүүнүүд гаалийн татвараас чөлөөлөгдөх юм. Энэ асуудалд тодорхой тайлбар авахаар Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал А.Ариунаатай ярилцлаа.


-Яриагаа шууд яг хэчнээн төрлийн, ямар салбарын бараа бүтээгдэхүүн ойролцоогоор хэдээс хэдэн төгрөгийн татвараас чөлөөгдөх вэ гэдгээс эхлэе.

-Монгол Улсын болон Япон Улсын Гадаад хэргийн яамд хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох ноот бичгийг энэ оны тавдугаар сарын 8-ны өдөр солилцсон тул энэхүү хэлэлцээр 30 хоногийн дараа буюу 2016 оны зургадугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хоёр талын худалдаанд хөнгөлөлттэй нөхцөл үйлчилж эхэлнэ гэсэн үг юм. Тухайлбал, монголын тал  5700 орчим төрлийн бараа, японы тал 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулна. Манай улсын хувьд японоос  орж ирж буй импортын 3423 төрлийн барааны гаалийн тарифыг, харин Япон Улс манай экспортын 8004 төрлийн барааны гаалийн татварыг хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус шууд чөлөөлнө.  Энэхүү хөнгөлөлт нь зөвхөн импортын гаалийн татварт хамаарна гэдгийг  онцгойлон хэлмээр байна.   Олон улсыг хэмжээнд нийт 97 бүлгийн 9700 төрлийн бараа байдаг. Иймд аливаа орон тухайн барааны нэр төрлөөс хамааруулан гаалийн татварыг өөр өөр ногдуулдаг.  

-Татвар нь тэглэгдэх бүтээгдэхүүний жагсаалтад автомашин багтсан байсан. Япон улсаас орж ирэх ямар машинууд яг хэдэн төгрөгийн татвараас чөлөөлөгдөх бол?

-Манай хоёр орны худалдаанд  автомашин томоохон хувь эзэлдэг.  Хэлэлцээрийн хүрээнд манай улс 0-3 жил ашигласан японы автомашиныг  импортлоход  үнийн дүнгээр ногдуулдаг 5 хувийн гаалийн тарифыг шууд тэглэнэ, 4-6 жил ашигласан автомашины импортын тарифыг 10 жилийн хугацаанд жил тутам 0.5 хувиар бууруулах замаар тэглэхээр тохирсон. Харин 7-9 жил ашигласан автомашины импортын гаалийн 5 хувийн тарифыг 10 жилийн дараа буюу 2026 оноос тэглэнэ. 10-аас дээш жил ашигласан автомашиныг японоос оруулж ирэхэд гаалийн импортын татвараас чөлөөлөхгүй байхаар тохирсон.

-Жишээн дээр тайлбарлая л даа. Иргэн Та эсхүл бизнес эрхлэгч 30 мянган ам.долларын  үнэ шинэ машин японоос оруулж ирэхэд тухайн барааны үнийн дүнгээс тооцож, гаалийн татвар 5 хувь буюу 1500 ам.долларыг төлнө. Тэгвэл энэ хэлэлцээр хэрэгжсэнээр 1500 ам.доллар нь улсын төсөвт бус, харин бизнес эрхлэгчийн орлого болж байна гэсэн үг. Улмаар манай зах зээлд  нийлүүлэх япон машины үнэ 1500 ам.доллараар хямдрах учиртай. Энэ утгаараа тус хэлэлцээрийг ашиг шимийг хүртэгч нь манай бизнес эрхлэгчид.   

-Эсрэгээрээ Монгол Улсаас Япон улс руу экспортод гардаг ямар ямар бүтээгдэхүүнүүд байна. Татвараас чөлөөлөхөөр монгол бизнесмэнүүдэд ямар ашигтай байх вэ?

-Манай улсын чацарганын төрлийн бүтээгдэхүүн, боловсруулсан арьс, ширэн эдлэл, ноолууран болон нэхмэл, сүлжмэл барааны экспорт нь японы зах зээл дээр өрсөлдөх бүрэн чадвартай бөгөөд ажлын байр нэмэгдүүлэх, эскпортын орлогыг өсгөх чухал салбар тул манай талаас японы зах зээлийг нээх зорилт тавьж ажилласан. Өнөөгийн байдлаар бизнес эрхлэгчид японы зах зээлд нэхмэл, сүлжмэл бараа экспортлоход  импортын гаалийн татварийг үнийн дүнгээс тооцоход  дунджаар 10-14 хувь байдаг. Тэгвэл энэ хэлэлцээр хэрэгжсэнээр 1200 орчим төрлийн нэхмэл, сүлжмэл барааны 10-14 хувийн татварыг тэглэсэн.  Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгч нь 30 мянган ам.долларын  нэхмэл, сүлжмэл бараа  японы зах зээлд экспортлолоо гэж бодоход тухайн барааны төрлөөс хамааруулан үнийн дүнгээс 3000-4200 ам.долларын гаалийн татвар төлөх байсан бол энэхүү хэлэлцээр хэрэгжсэнээр гаалийн татвар төлөхгүй.  Өөрөөр хэлбэл, гаалийн татварт төлөх 3000-4200 ам.доллар бизнес эрхлэгч таны халаасанд орлого болж үлдэнэ гэсэн үг. Гаалийн татварын хөнгөлөлт бараа бүрээр харилцан адилгүй гэдгийг сайн анхаарах хэрэгтэй.

-Гэхдээ татварын хөнгөлөлтөд хамрагдах бараа зөвхөн монголдоо үйлдвэрлэсэн байх ёстой гэсэн үү?

-Тийм. Иймд тухайн барааны үйлдвэрлэлийн технологийн дамжлагын 2 үе шатны боловсруулалтыг заавал монголд хийсэн байх учиртай.  Энэхүү гарал үүслийн гэрчилгээтэй бараа л хөнгөлөлт эдлэнэ. Тус гарал үүслийн гэрчилгээг МҮХАҮТ олгоно. Иймд манай хувийн хэвшлийнхэн МҮХАҮТ-тай нягт хамтран ажиллахыг зөвлөж байна. Ийм хэлэлцээ хийснээр бид үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, ажлыг байрыг бий болгохболомж нэмэгдэх юм.

-Хэлэлцээрийн хүрээнд дулааны аргаар боловсруулсан махыг Японы зах зээлд гаргах квотыг Монголын талд олгоно гэсэн. Хэчнээн аж ахуйн нэгжид олгох бол?

-Ямаа, хонины махыг японы зах зээлд экспортлоход импортын гаалийн татваргүй. Лаазалсан мах, хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн (үхрийн махнаас бусад)-ний 4,2 хувь тарифыг 10 жилийн хугацаанд бүрэн чөлөөлнө. Хагас боловсруулсан буюу лаазалсан үхрийн махан бүтээгдэхүүний тарифыг тодорхой тоон хязгаарт багтаан  экспортлох боломжтой. Японы зах зээл хэдийгээр 127 сая хүн амтай том зах зээл боловч  барааны чанарт ялангуяа ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуйн асуудлыг онцгойлон авч үздэг тул манай хувийн хэвшлийнхэн японы стандартын шаардлагыг хэрхэн хангах вэ гэдгээс хамтын ажиллагааг эхлүүлэх нь зөв болов уу.

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор Японоос Монгол руу, Монголоос Япон руу бараа бүтээгдэхүүнээ шуурхай тээвэрлэх боломжтой гэж талууд харж байна. Агаараас гадна өөр тээврийг хоёр улсын хооронд хөгжүүлэх боломж бий юу?

-Манай улсын хувьд далайд гарцгүй учраас хөрш орнуудтай транзит тээврийн хэлэлцээр  байгуулах нь маш чухал байдаг.  Иймд ГХЯ-наас энэ чиглэлийн яриа хэлэлцээнд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байна. Тухайлбал, 2015 оны долоодугаар сард ОХУ-ын Уфа хотноо гурван улсын төрийн тэргүүн нар уулзаж, Монголын “Талын зам” төсөл, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон Оросын “Евразийн эдийн засгийн холбоо”-ны бүтээн байгуулалтыг уялдуулан гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулахаар тохиролцож, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хөтөлбөрийг боловсруулахаар тохиролцсон.

Гурван талт “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөр боловсруулах ажлыг монголын талаас Гадаад хэргийн яам, оросын талаас Эдийн засгийн хөгжлийн яам, хятадын талаас Хөгжил шинэчлэлийн хороо тус тус ахлаж Хамтарсан ажлын хэсгийн уулзалтыг нийт таван удаа зохион байгуулж, “Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрийн төслийн талаар удаа дараа хэлэлцээд байна. Талууд энэхүү хөтөлбөрийн төслийг аль болох хурдан хугацаанд эцэслэн тохиролцохоор бэлтгэл ажлыг ханган шаргуу ажиллаж байна. Мөн “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээг амжиллтай дуусгасан. Талууд энэ оны эхний хагаст багтаан энэхүү хэлэлцээрт гарын үзэг зурахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж банйа.

Мөн Японы талаас тус улсыг бизнесийн хүрээнд зорих иргэдийн визэд хөнгөлөлт үзүүлнэ гэж байсан?

-Энэхүү хэлэлцээрийн хүрээнд монголын  бизнес эрхлэгчид, хувь хүн японд бизнесийн зорилгоор богино хугацаанд зорчих, компаний салбар, төлөөлөгчийн газар хооронд шилжин ажиллах, хөрөнгө оруулах, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээр зорчих бол 1, 3, 5 жилийн урт хугацааны виз олгож байхаар Японы тал үүрэг амлалт авсан.

-Японтой чөлөөт худалдаа хийхэд манай нийлүүлэх бараа, бүтээгдэхүүн хомс учраас асуудал үүсээд байгаа гэсэн. Үүнийг яаж зохицуулах вэ?

-Засгийн газрын үүрэг бол иргэд, хувийн хэвшлийхэндээ бизнес хийхэд таатай боломжийг бүрдүүлэхэд оршдог. Засгийн газар энэ үүргээ биелүүллээ гэж үзэж байна. Харин энэхүү хэлэлцээрийн гол ашиг шимийг хүртэгч нь манай бизнес эрхлэгчид. Иймд тус  хэлэлцээрийг бүрэн ашиглах боломжийг олгох үүднээс Хэрэгжүүлэх хэлэлцээр гэж байгуулсан байгаа. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх хэлэлцээрт хоёр талын хамтын ажиллагааны чиглэл, японы талаас техникийн туслалцаа авах, боловсон хүчин бэлтгэх, хамтарсан судалгаа, шинжилгээний ажил хийх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан.

Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэл, дэд бүтэц, барилга болон хот төлөвлөлт, шинжлэх ухаан, технологи, оюуны өмч, аялал жуулчлал, байгаль орчин, уул уурхай, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбооны технологи зэрэг салбарыг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болгосон.

Эцэст нь хоёрын улсын хооронд эдийн засгийн хэлэлцээр байгуулагдсанаар одоогийн нэг жилд эргэлдэх 300-500 сая ам.доллар хэд болж өсөх тооцоо гарсан бэ?  

-2010 онд хийсэн хөндлөнгийн байгууллагын судалгаагаар  Монгол Улс, Япон Улстай ЧХХ байгуулсан тохиолдолд хоёр орны гадаад худалдааны эргэлт эхний жилд 50-60 хувиар нэмэгдэх тооцоо гарсан.

Д.УЛАМБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж