Зарим тамирчид сэргээш хэрэглэсэнтэй холбогдуулан Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт болон сонгомол бөхийн төрөлд РИО- 2016 олимпийн эрх авсан тамирчдын жагсаалтыг өөрчлөн зарлалаа.
Сербид болон Европын олимпийн эрхийн төлөөх тэмцээн болон Казахстанд болсон Азийнх олимпийн эрхийн тэмцээнд оролцсон цөөн тамирчдаас мелдониум хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн тул Дэлхийн бөхийн холбоо ийм шийдвэрт хүрчээ.
Харамсалтай нь, Казахстаны Астанад болсон Ази тивийн сонгон шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс эмэгтэйчүүдийн 53 кг-д олимпийн эрх хүртсэн, Монголын шигшээ багийн тамирчин Э.Сумъяагийн нэр тэдгээр тамирчдын дунд багтжээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Э.Сумъяагийн олимпийн эрхийг хүчингүй болгож, Энэтхэгийн бөхөд шилжүүлсэн байна.
Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос тодруулан, эргэн мэдээлэх болно.
СЭРГЭЭШ ИЛЭРСЭН БУСАД БӨХЧҮҮДИЙН ТУХАЙД:
Чөлөөт бөх /Эрэгтэй/
65 кг: Польшийн тамирчин Магомедмурад Гаджиев, Украйны тамирчин Андрей Кватковскый нарын хариу сөрөг гарсан тул тэдний олимпийн эрхийг Гүржийн Зураби Якобишвили, Армений Дэвид Сафарян нарт шилжүүлэв. Гүржийн бөх аль эрт эрх олгох эхний тэмцээнээс Болгарын Борис Новачковыг хожиж эрхээ авсан байжээ. Новачков ч мөн сүүлийн эрх олгох тэмцээнд түрүүлж, РИО-г зорих боломжтой болсон тул энэ эрх явсаар эрх олгох сүүлийн тэмцээнд 65 кг-ын жинд 3-р байр эзэлсэн АНУ-ын бөх Франк Молинарад шилжлээ.
125 кг: Украйны тамирчин Аллен Засеев, Беларусын бөх Юсуп Жалилау нарын эрхийг хурааж, Киргизстан, Унгар улсын бөхчүүдэд олимп зорих эрхийг шилжүүллээ.
Чөлөөт бөх: /Эмэгтэй/
58 кг: Украйны бөх Оксана Хершэлийн шинжилгээний хариу сөрөг гарсан тул Молдавын бөх Мариана Чедиравад олимпийн эрх шилжлээ.
Сонгомол бөх:
85 кг: Киргизийн бөхийн эрх Энэтхэг рүү шилжжээ.
Б.ЭНХ