Морьтой ч болоосой, гишүүд шиг

Хуучирсан мэдээ: 2016.05.12-нд нийтлэгдсэн

Морьтой ч болоосой, гишүүд шиг

Хүн тэжээвэл толгой цустана, мал тэжээвэл ам тосодно гэж энэ хэмээн Итгэлт баян Эрдэнийг зүхэн гасалдаг бол Түгжилд хутгалуулж, туусан адуугаа алдсан Төмөр “Хэдэн адсаганаас болж хүн алах нь ээ” гэж гардаг. Үнэндээ Төмөрийн адуу ч биш л дээ. Төмөр бол өнөө цагийн малын хулгайч гээд хэлчихвэл хол зөрөхгүй л болов уу. Монголын ард түмний амьдралаас урган гарсан энэ мэт айхавтар үг олон. Малаа дагасан монголчууд хэзээ ч өлсөж байсангүй. Хар буурин дээр хаягдсан Тэмүүжин ч найман шаргынхаа төлөө амиа өгөхөөс буцахгүй явсан нь гарцаагүй. Киноноос харвал хөрөнгө орлогын мэдүүлэгтээ малаа нуусан анхны биш ч урдуур зогсох хүн бол “Морьтой ч болоосой”-гийн Дондогийн ээж байсан болов уу.    

Монголчуудын гүйлгээ ухаан барагдашгүй. Нууна гэснээ нууж л орхидог улс. Тэгвэл албан тушаалтнуудын өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлгийн мал аж ахуйн хэсгийг харвал их сонин зураглал харагдана. Малчид малаа тоо толгойгоор нь үнэлж, тоолуулдаг бол өндөр албан тушаалтнууд хэдэн төгрөг хүрэхээр нь үнэлжээ. Гэхдээ тэдний үнэлгээ газар тэнгэр шиг. Нэг нь малаа хэдэн зуун мянгаар үнэлсэн байхад нөгөө нь хэдэн зуун саяар үнэлсэн байх жишээний.   

Монголчуудын гүйлгээ ухаан барагдашгүй. Нууна гэснээ нууж л орхидог улс. Тэгвэл албан тушаалтнуудын өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлгийн мал аж ахуйн хэсгийг харвал их сонин зураглал харагдана.

Сүүлийн хэдэн жилийн турш малынхаа “буянаар” Б.Бат-Эрдэнэ гишүүн тэргүүлж ирсэн. Мань хүнд 430 адуу, 60 үхэр, хурдан удмын 20 адуу, 400 ямаа, 3000 хонь бий. Тэрээр энэ бүх малаа 618 сая төгрөгөөр үнэлсэн байх юм. Гэтэл нэр нэгт УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ 400 адуугаа 810 саяар үнэлсэн байх жишээтэй. Аваргаас 50 адуу, 60 үхэр, 400 ямаа, 3000 хониор бага малтай хэр нь ээ 200 саяар илүү үнэлсэн байгаа биз. Үргэлжлүүлбэл МАН-ын дарга М.Энхболд хурдан удмын 60, “хурдан удамгүй” 300 адуугаа хамгийн өндрөөр буюу 900 саяар үнэлсэн байх жишээний. Гэтэл улсын айраг, түрүү олонтой алдарт уяач Б.Наранхүү 204 хурдан удмын адуугаар огт үнэлээгүй нь сонин. Үнэлэх боломжгүй гэж бодсоныг өөрөөс нь өөр хэн мэдэх билээ.

Арабчууд шонхорт мөнгө хайрладаггүй бол манайхан хурдан удмын адуунаас гадна жигүүртэй байтлаа нисдэггүй тахиаг “бэлгэшээдэг” болсон юм даг уу. УИХ-ын гишүүн Үхэр-8, Хонь-150, Тахиа 10, Адуу 210-тай бөгөөд тэднийгээ 220 сая 100 мянгаар үнэлсэн байна.  Хөрөнгө чинээгээрээ бусдаасаа дулимаг гэгддэг О.Баасанхүү гишүүн маань малд нүдтэй хүүхэд байсан бололтой, уналгын ганцтай Х.Баттулга, С.Оюун нарын хажууд 70 саяар үнэлсэн 100 үхэртэй гэжээ. Хараад байвал хамгийн үнэтэй адуу Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарт байна. Тэрээр дөрвөн адуугаа 100 саяар үнэлэв.

Ийм байдлаар малдаа хэр зэрэг “хайртайгаас” хамаарч үнэлэх үнэлгээ нь шийдэгдэнэ. Малд “хайргүй” бол бага, “хайртай” бол өндөр, бүр илэрхийлэх боломжгүй ч гэж үзэж байна.

Мэдээж АТГ-ынхан үүгээр нь тэднээс шалгалт авах ямар ч боломжгүй. Ухаан ч дутна. Харин үүний цаана татваргүй хөрөнгөө нуудаг болсон гэх яриа чих дэлсэх болов. Цэцийн гишүүн Д.Сугарын 100 саяын үнэтэй дөрвөн адуунаас хэдэн зуун саяын үнэтэй унага гарахыг хэн байг гэх юм. Эсвэл дөрвөн адууныхаа нэгийг 200 саяар зарчих ч юм бил үү, үгүй гэх газаргүй. Энд л нэг учир байгаа юм даа. Малаа дээдэлдэг монголчуудын түүнийгээ үнэлж, дээдлэх нь бусдаас огт өөр л дөө.

Хил дамнан данс нээлгэж, хэлэх хэлэхгүйгээрээ дуудуулах ч хэрэг алга. Малтай байхад л болох нь. Нэрт яруу найрагч З.Доржийн хэлсэн шиг “Хэл, хил, малтайгаа байхад хэн баян бэ, Монгол баян”. Үнэн. Харин өнөөдрийн байдлаар малаасаа хагацвал хэн эмгэнэлтэй вэ, албан тушаалтан эмгэнэлтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж