Дархлааны вакцин үнэгүй хийж эхэллээ 

Хуучирсан мэдээ: 2016.05.12-нд нийтлэгдсэн

Дархлааны вакцин үнэгүй хийж эхэллээ 

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН:

  • Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай дараах тогтоолын төслийг өчигдөр УИХ-д өргөн барилаа. Тэд хөдөөд 48, хотод 28 мандат хуваарилах саналыг боловсруулжээ.  Энэхүү асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм. 

  • Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдлаа. Тус байнгын хороогоор АТГ-ын даргыг томилох асуудал яригдаж магадгүй байсан байна. Гэвч Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй учраас Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа. Завсарлага авах болсон шалтгаанаа Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Ардчилсан намын бүлэг АТГ-ын даргыг томилох асуудлыг бүлгээр авч хэлэлцээгүй. Учир нь байнгын хорооны хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй байсан юм. Тиймээс судалж, танилцах үүднээс тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж байна” хэмээн тайлбарлажээ.

  • Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Эрүүл мэндийн сайдыг томилох асуудлыг өчигдөр хэлэлцлээ. Тус байнгын хорооны дарга Д.Батцогт хэлэхдээ “Ц.Лхагвасүрэнг “Шударга ёс” эвслээс өргөн барьсан. Гэвч эвсэл задарч одоогийн байдлаар дөрвөн гишүүнтэй болсон. Тус эвслийн гаргаж байсан санал юм. Нэгэнт ЭМС-ын сайдад Ц.Лхагвасүрэнг дэвшүүлэх асуудлыг Ерөнхий  сайд өргөн барьсан учраас хэлэлцэх ёстой” гэсэн байна. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй. Харин Г.Шийлэгдамбыг ЭМС-ын сайдаас чөлөөлөх асуудлыг дэмжжээ.

  • Панамын “Mossack Fonseca” хуулийн фирм олон сая хэрэглэгчдийнх нь оффшор дансны мэдээллийг нийтэд цацсан олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгийг шүүхэд өгөх болсноо мэдэгдлээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэг мягмар гаригийн шөнө /V.10/ Панамын хуулийн фирмийн нууцын зэрэгтэй мэдээллийг бүрэн эхээр нь цацсан билээ. Хуулийн фирмийн зүгээс олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэг хууль бус аргаар олж авсан мэдээллийг олон нийтэд цацсан хэрэгт буруутгаж байна.  Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэг компьютерийн хакераар дамжуулан Панамын хуулийн фирмийн мэдээллийг олж авсан байна.

  • Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн жагсаалтад Засгийн газар 511 дүгээр тогтоол гарган, өнгөрсөн оны сүүлээр өөрчлөлт оруулжээ. Мөн сонгон шалгаруулалтын талбайг 1.55 сая га байхаар шинэчилж баталсан байна. Гэхдээ энэ жилээс ОХУ, БНХАУ-тай залгаа хилийн бүсүүдэд түлхүү хайгуул хийхээр, энэ бүс дэх газарт хайгуул хийх тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгж, иргэдэд олгохоор болжээ. Цагаан сарын дараахан зогсоод байсан цахим бүртгэл ирэх долоо хоногоос сэргэж, зарлагдсан талбайд хайгуул хийх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг Ашигт малтмалын газар /АМГ/ цахимаар хүлээж авахад бэлэн болсон байна. Үүнээс гадна АМГ-аас сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох нэр бүхий найман талбайг өчигдөр зарлалаа. 

  • Улсын төсвөөс 943 сая 500 мянган төгрөг гарган 1986-1998 онуудад төрсөн 18-30 насны 600 мянга гаруй залуусд дархлаа сайжруулах вакцин үнэ төлбөргүй хийхээр болсон юм. Өнөөдрөөс орон даяар улаанбурхны халдварыг намжаах, дарах зорилготой вакцинжуулалт нэгэн зэрэг эхэлж, энэ сарын 25-ны өдөр хүртэл буюу 14 хоног үргэлжилнэ. Ингээд вакцин заавал хийлгэх шаардлагатай 18-30 насныхан харьяалал харгалзахгүй, өөрт хамгийн ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, албан байгууллагууд эсвэл их, дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд очиж вакцинаа хийлгэнэ.

  • Улсын нэгдсэн төсвийн дөрөвдүгээр  сарын гүйцэтгэлийн мэдээгээр төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 663.6 тэрбум төгрөгөөр тасарчээ. Өөрөөр хэлбэл, орлого нь  89.1 хувь, нийт зарлага 75.1 хувьтай гарч төсөв  663.6 тэрбум төгрөгийн алдагдал хүрээд байна.Орлогын төлөвлөгөө 10.9 хувиар буюу 202.1 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 хувиар буюу 20.7 тэрбум төгрөгөөр бага байна. Төсвийн орлогын 88.5 хувийг татвар, 11.5 хувийг татварын бус орлого бүрдүүлжээ.

  • Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 21 аймаг, нийслэлийн нийт 74.2 мянган хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн 16.8 мянган тонн ноосонд 18.6 тэрбум төгрөгийн урамшууллыг өнөөдрөөс олгож эхэллээ. 2011-2014 онуудад үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноосоо тушаасан, давхардсан тоогоор 330 гаруй мянган малчин  94.1 тэрбум төгрөгийн урамшууллыг төрөөс авсан байна.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж