Иргэдийн амьдрал ийм л байна. Юун машин манатай. Ерөнхийдөө машины ченж нарын хувьд 11-ээс нэгдүгээр сарын хоорондох хугацаа бол “унтаа” цаг. Шинэ жилийг эс тооцвол олныг хамарсан баяр ёслол, арга хэмжээ төдийлөн болдоггүй. Түүнийг дагаад машин авах гэсэн иргэдийн цуваа хэсэгтээ саармагждаг. Гэтэл энэ жилийн хувьд тэр чигтээ машины наймаа “унтаа” байсан хэмээн худалдаа эрхлэгчид тодорхойлжээ. Хямралын “буян”-аар машины үнэ даруй 20 хувиар буурчихаад байхад худалдан авагч эрс цөөрснийг ченжүүд тодотгож байв. Бид энэ талаар “Да хүрээ” захаас дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
“ДА ХҮРЭЭ" ЗАХ (2016.05.10-ны өдөр. 14.00 цаг)
Энд эгнүүлэн тавьсан, эзэнгүй машинуудын цуваа уртаас уртаас үргэлжлэх аж. Эзэд нь харин хаа нэгтээ хөзөр наадан, хууч хөөрөх, эсвэл тамхи тариа эргүүлж, тавьсан машинаа тордож арчихаас өөр гойд хийх зүйл алга. Энэ хавьдаа л хамгийн эрэлттэйд тооцогдох нь Приус машины ченж н.Эрдэнэ. Тэрбээр жижиг тэрэг сонирхохоор ирсэн гэр бүлийн хүмүүст үйлчлэн, машин үйлдвэрлэсэн он, хүчин чадлыг тайлбарлах аж.
Зардлаа танаж, хэрэглээгээ хязгаарласэн иргэдийн гол сонголт нь эко машин болжээ. Приус маркийн машины үнэ жил дараалан буурсан нь “Да хүрээ” захын статистик мэдээн дээр тодхон харагдана.
Өнгөрсөн онд Приус-10 долоон сая, Приус-20 14 сая, Приус-30 19.5 сая төгрөгийн үнэтэй байжээ. Харин энэ жил даруй хоёр сая төгрөгөөр буурсан байна. Яг одоогийн байдлаар бол Приус-10 таван сая, Приус-20 нь 10-11 сая, Приус-30 загвар нь 13-15 сая төгрөгийн үнэтэй байна.
Хямралын “буян”-аар машины үнэ даруй 20 хувиар буурчихаад байхад худалдан авагч эрс цөөрснийг ченжүүд ярьж байна. Бид энэ талаар “Да хүрээ” захаас дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
Сүүлийн хоёр жилд машины үнэ 20 орчим хувиар буурсан хэмээн ченж н.Эрдэнэ өөрийн худалдан авалтаас дүгнэн хэлэв. Түүний ярьснаар үнэ хэдий буурсан ч үзэхээс цааш хэтрэхгүй байгаа аж. Өдөрт ядаж нэг машин зардаг байсан бол одоо сардаа хэдхэн машин борлуулдаг болжээ.
“ДА ХҮРЭЭ” ЗАХ: ИРГЭДИЙН ТҮЛХҮҮ АВДАГ МАШИН
- Приус – 6-20 сая төгрөг
- Марк-2 – 5.5-10 сая төгрөг
- Марк-X – 6.5-25 сая төгрөг
Шатахуун зарцуулалт багатай Приус машины худалдан авалт хүртэл тааруу болсон энэ үед том оврын, зэрэглэл өндөртэй машины ченжүүдийн хувьд бүр ч орлого тааруу болжээ. н.Оюунболд энд 10 жил машины ченж хийж буй. Ланд, Лексус, Тундраас эхлээд япон, америк машин худалдаалдаг түүний хувьд өдөрт машин тэрэгнийхээ тоос шороог арчиж, угааж зүлгэж цаг нөхцөөдөг болжээ. Хүчин чадал сайтай, үнэтэй машин сонирхогчдын хувьд хямралын үед зэрэглэл буурах дүр зураг харагдаж байгааг тэрбээр онцоллоо.
ЖИЙП АВТОМАШИНЫ ҮНЭ:
- Lexus 470 – 54-88 сая
- Tundra – 60-110 сая
- Land-200 – 28-150 сая
- Rav-4 – 85 сая /0 гүйлттэй/
- Rav-4 – 13-23 сая /өмнө нь явж байсан/
- Harrier – 11-29 сая
- Vangroad – 32 сая
Авто машины наймаа эрхлэгч н.Батболдын хувьд “Да хүрээ” захад дөрвөн жил ажиллаж байгаа нэгэн. Ганцхан жилийн дотор машины үнэ 10 саяар унаж байгааг тэр шогшрон ярилаа. Өнгөрсөн жил Lexus-470 машиныг 45 сая төгрөгөөр зарж байжээ. Харин энэ жил 35 саяд зарвал их юм болж байгаа гэлээ. Тэрбээр “Машин зарж чадвал тэр өдөр дашбалжинням давхацлаа л гэж бодно. Машинаа худалдах гэж хэдэн сараар хүлээнэ. Гэхдээ том машин бусдыгаа бодвол үнэтэй болохоор арай дээр. Жижиг оврын машины ченжүүд бүр хэцүүдэж байгаа” гэв.
Ийнхүү “Да хүрээ” захад цаг гаруй болсон ч машин үзэх иргэд тоотойхон хэвээр байгаа нь анзаарагдлаа. Харин машины сэлбэг, эд ангийн хэсгүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн арай ахиу харагдана. Ямартай ч ченж нарын нэрлэж буй үнэ унасан, “унтаа” цагаар “Да хүрээ” захын нэгэн өдөр ийм байдалтай өнгөрч байна.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ