Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 26-29-ний өдрүүдэд Украйн улсад төрийн айлчлал хийлээ. Украйн улсын ерөнхийлөгч В.Януковичийн урилгаар хүрэлцэн очсон Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлалаа төрөлх сургуулиасаа эхлүүлсэн юм. Австри-Унгарын эзэнт гүрний үе тодруулбал, 1899 оноос түүх нь эхэлдэг эдүгээ Петр Сагайдачныгийн нэрэмжит Львовын Хуурай замын цэргийн академи болж өргөжсөн тус сургуулийг тэрбээр 1983-1988 онд цэрэг-улстөрийн сэтгүүлч мэргэжлээр суралцан төгсчээ. 200 гаруй жилийн түүхтэй эл сургуулийг өнгөрсөн хугацаанд гадаадын 26 орны мянга мянган сонсогч төгссөнөөс түүхэндээ анх удаа төрийн тэргүүнээр сонгогдсон цорын ганц эрхэм нь Монгол Улсын Ерөнхийлөгч байлаа.
Тэртээх 28 жилийн өмнөх намар суралцахаар ирж байсан шавилхан хүү мянга, мянган шавь нараас нь цойлон хожмоо төрийн тэргүүн болно чинээ санаагүй биз. Тиймдээ ч Хуурай замын цэргийн академийнхан төгсөгчөөрөө бахархахгүй байж чадсангүй. Тус сургуулийн ахмад багш В.П.Оношка “Тэр бол манай Ерөнхийлөгч” хэмээн омогшсон бол академийн захирал, дэслэгч генерал П.П.Ткачук “Бид сонсогчдоо ачаалал даах чадвартай, цагаа нарийн зохицуулж чаддаг, хувийн зохион байгуулалт сайтай болгож төгсгөдөг. Бид ирээдүйн манлайлагчдыг төгсгөдөг. Дэлхийн хаана ч аль ч салбарт тэд сургуулийнхаа нэрийн хуудас болж байдаг” гэсэн нь мөн л Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээсэн талархалын үг байлаа.
Социалист орнуудын бүрэлдэхүүнд багтаж байсан улсдаа 21 жилийн өмнө ардчиллыг эхлүүлэхийн төлөө туг нь болж, Ерөнхий сайдаар хоёр ч удаа томилогдон, ард түмнийхээ сонголтоор 2009 онд төрийн тэргүүнээр сонгогдсон шавийнхаа улстөрийн амьдралын түүхэн замналаар тус сургуулийнхан баримтат кино хийснээ энэ үеэр сонирхуулав. Гэр бүлийнх нь хүн мөн Львовын их сургуульд суралцаж, анхны хүүхдээ энэ хотод төрүүлсэн гээд хувийнх нь амьдрал ч кинонд түүх болж үлджээ.
Түүхт үйл явдлыг баяжуулж, Львовын Хуурай замын цэргийн академиас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Хүндэт доктор цол олгосон нь бас л анхдагч үйл явдлын нэг болж мөнхрөв. Учир нь 200 гаруй жилийн түүхтэй эл сургууль өнгөрсөн хугацаанд мянга мянган төгсөгч нарыг бэлтгэхдээ, Хүндэт доктор цолыг олгож байсан удаагүй аж. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч анхных нь Хүндэт доктор болж, Львовчуудын тэр дундаа Хуурай замын цэргийн академийн бахархал болов.
Хүндэт доктор цол хүртсэн эрхэм Ерөнхийлөгч “Би дэлхийд нэр хүндтэй хоёр том сургууль төгсч, мэргэжил боловсрол олсон азтай хувь тавилантай. Эхнийх нь Петр Сагайдачныгийн нэрэмжит Львовын Хуурай замын цэргийн академи. Энэ сургуулийг би баклаврын зэрэгтэй төгссөн. Хоёр дахь нь Харвардын их сургууль, энэ сургуульд би магистр хамгаалсан. Харин өнөөдөр өөрийн төрөлх сургуулиасаа Хүндэт доктор цол хүртлээ. Сургуулиа төгссөнөөс хойш 23 жил өнгөрч… Энэхүү эрхэм хүндтэй доктор цолыг авахын тулд 23 жил ажиллаж, Ерөнхийлөгчөөр хүртэл сонгогдсон байна. Монголчууд багшаа эцэг, эхтэйгээ адилтган зүйрлэж, хүндлэн хайрладаг. Би өнөөдөр багш нараа дурсан, тэдэнд талархаж байгаагаа дахин дахин илэрхийлмээр байна. Багш нарын минь өгсөн мэдлэг, суулгасан тэвчээр хатуужлын ачаар эзэмшсэн мэргэжилдээ амжилт гаргаж, хожим нь улс эх орноо өөрчилж, хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж, олсон амжилтаа бататгахын төлөө хүчин зүтгэж явна. Львовчуудын эрх чөлөөг эрхэмлэдэг, эх оронч сэтгэлгээтэй, хөдөлмөрч зан чанараас би энд өнгөрүүлсэн таван жилийн хугацаанд суралцсан. Львов бол миний мэргэжлийн төдийгүй амьдралын гараа болсон хот. Энд би, амьдарлынхаа түшиг тулгуур болсон гэргийтэйгээ танилцаж, энд бидний анхны хүүхэд мэндэлсэн. Тиймээс Львов бол зөвхөн миний төдийгүй манай гэр бүлийн хувьд онцгой газар юм. Манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжинө гэдэгт би итгэл дүүрэн байдаг. Монголын олон мянган сэхээтэн Украин улсад дээд боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллаж хөдөлмөрлөж, баялаг бүтээлцэж байна. Халхын голд бидний эрх чөлөөний төлөө тулалдсан олон цэрэг эрсийн дотор украинчууд олон байсан. Хожим нь энхийн бүтээн байгуулалтад ч украинчууд олноороо оролцсон байдаг. Би хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно” гэсэн юм.
Тус академи нь байлдааны урлаг, агаарын цэрэг, пуужингийн цэрэг, их буу болон арын албаны мэргэжилтэн гэсэн дөрвөн төрлөөр мэргэжилтнүүд бэлтгэж байгаагийн зэрэгцээ Олон улсын энхийг сахиулах аюулгүй ажиллагаанд илгээх дайчдаа мөн бэлтгэдэг ажээ.
Одоогоор дээрх сургуульд 903 сонсогч сурч байна. Дээрх сургуульд Монгол Улс 1990 оноос өмнө боловсон хүчнүүдээ бэлтгэж байсан түүхтэй. Энэ хугацаанд 120 гаруй монголчууд тус сургуульд суралцан мэргэжил эзэмшжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрөлх сургуулийнхаа үйл ажиллагаатай танилцсаны дараа Львовын түүх дурсгалын газруудтай танилцсан юм. Ерөнхийлөгчийн цуваа хотын гудамжаар давхихад львовчууд гар өргөн даллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг Львов хотод хүрэлцэн ирсэнд талархан, баяр хүргэсээр байв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус хотод хоёр хоног үдлээд зургадугаар сарын 28-нд Киев хотыг зорив.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Украйн улсад хийсэн төрийн айлчлалын хамгийн оргил хэсэг зургадугаар сарын 29-нд болж өнгөрөв. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Украйн улсын ерөнхийлөгч В.Януковичтой ганцаарчилсан уулзалт хийлээ. Ганцаарчилсан уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч уул уурхайн салбарт тэр дундаа цөмийн эрчим хүчний чиглэлээр тус улсад боловсон хүчин бэлтгэх хүсэлтээ илэрхийлсний зэрэгцээ байгалийн баялгийг боловсруулахад технологийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн байв. Энэ тухай хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэж, сэтгүүлчийн тавьсан асуултад дараах хариулт өгсөн юм.
-Монгол Улс Украйн улстай аль салбарт хамтран ажиллах сонирхолтой байна вэ?
-Ц.Элбэгдорж:-Монгол Улс байгалийн баялаг ихтэй бол Украйн улс байгалийн баялаг олборлох арвин туршлагатай. Энэхүү туршлага, технологийг Монгол Улс маш их сонирхож байна. Мөн Украйн улсын хувьд цөмийн энерги, хөдөө аж ахуйн салбарт ажиллах чиглэлээр асар их туршлага хуримтлуулсан орон. Тиймээс энэ чиглэлээр ажиллах сонирхол ч бас бий. Худалдаа, хөдөө аж ахуйн салбарт Монгол Улс Украйнтай хамтран ажиллах сонирхол байгаа. Энэ бүхэн өнөөдрийн байгуулсан баримт бичгүүдэд туссан.
-Монгол Улс нүүрсний асар их нөөцтэй гэж байна. Украйн улс Монголоос нүүрс импортлох сонирхол бий юу?
-В.Янукович: -Монгол Улсаас Украйн улс нүүрс импортоор авч боловсруулах тохиолдолд тээврийн асуудал хөндөгдөх болно. Яагаад гэвэл нүүрсийг Украйн улс руу тээвэрлэхийн тулд ОХУ аар дамжуулах учиртай. Тиймээс тээврийн зардлыг давхар судлах шаардлагатай болно.
Айлчлалын хүрээнд хоёр тал зургаан төрлийн баримт бичгийг үзэглэсэн юм. Баримт бичигт тусгаснаар Монгол Улс 30 оюутныг тус улсад сургах боломжтой боллоо. Анх айлчлал хийх тухай хоёр тал ярилцах үеэр Монголын талаас 20 оюутан сургахаар санал тавьсан ч, явцын дүнд таваар нэмэгдүүлсэн байна. Харин ганцаарчилсан уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ тоог дахин таваар нэмэгдүүлэх хүсэлт тавьсныг Украйн улсын ерөнхийлөгч хүлээн авч, жил тутамд 30 оюутан сургахаар болж шийдвэрлэв. Энэхүү шийдвэр гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс баталгаажиж буйгаараа онцлогтой. Одоогийн байдлаар тус улсад Монголын 200 гаруй оюутан суралцдагаас олонх нь Нисэхийн их сургуульд суралцаж буй аж.
Баримт бичигт тусгасан хоёр дахь хэлэлцээрийн хүрээнд Украйн улстай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд гамшиг тохиолдсон үед хоёр улсын Онцгой байдлын албаныхан харилцан бие биедээ тусална. Хил, гаалиар бараа таваар, техник хэрэгслийг нэвтрүүлэхэд татваргүй нэвтрүүлнэ. Монгол Улсын Онцгой байдлын албаны мэргэжилтнүүдийг тус улсад сургах зэрэг хэлэлцээрүүд айлчлалын үеэр баталгаажлаа.
Түүнчлэн Украйн улсын Гадаад хэргийн сайд ирэх наймдугаар сард Монгол Улсад айлчилж, хэлэлцээрийн дүнд тохирсон асуудлыг дэлгэрүүлэхээр болж тогтлоо. Нөгөөтэйгүүр, айлчлалын үеэр үзэглэсэн зургаан төрлийн баримт бичигт заасан ажлууд Монгол, Украйн улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 20 жилийн ойн угтал болж, хэрэгжихээр боллоо.
Монгол Улс, Украйн улсын эдийн засгийн хамтын ажиллагаа сайнгүй аж. Тодруулбал, Монгол Улс өнгөрсөн онд 2.4 сая ам.долларын барааг тус улсад экспортолжээ. Экспортолсон гол бараа бүтээгдэхүүнд хайлуур жоншны баяжмал орж байна. Харин Монгол Улс импортоор тус улсаас 41.9 сая ам.доллартай тэнцэх бараа, бүтээгдэхүүн авчээ. Үүнд төмөр замын зүтгүүр вагон, барилгын машин механизм, тамхи, хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэж болох гэнэ. Тиймээс айлчлалын хүрээнд хоёр тал эдийн засгийн харилцааг өргөжүүлэхээр болж, шийдвэрлэлээ. Айлчлалын төгсгөлд хоёр улсын бизнесмэнүүд оролцсон бизнес уулзалт зохион байгууллаа.
“Украин-Монголын бизнес форум”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Украин улсын ерөнхийлөгч В.Янукович нар оролцов.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж украины хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг монголд хөрөнгө оруулахыг урьсан бол ерөнхийлөгч В.Янукович, эдийн засгийн өсөлт нь тогтвортой байгаа Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлсэн.
Мөн форумын үеэр хоёр талын оролцогчид ганцаарчилсан уулзалт хийж, хэд хэдэн гэрээ байгууллаа. Тухайлбал, украины Крюковын галт тэрэг угсрах үйлдвэртэй Монгол Улсын “Жи И Эн Ти” компани ачааны вагон, сэлбэг хэрэгслийг Монголд борлуулах дилерийн гэрээ байгуулсан бол Украины Олон улсын биоэнэрги технологийн академи Монголын “Ирвэс интертрейд” ХХК-ийн хооронд, шинэ технологиор эрчим хүч гаргах “БЭЛКА” төхөөрөмжийг Монголд нийлүүлэх, угсрах төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү хоёр улсын уламжлалт харилцааг бататгах, шинэ шатанд гаргах зорилго тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн хатагтай Х.Болормаа нарын Украйн улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Одоо харин гэрээнд заасан ажлууд хэр үр дүнтэй хэрэгжихийг цаг хугацаа харуулах боллоо.
Баримт бичгүүдэд гарын үсэг зурав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Украйн улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр тал дараах баримт бичигт гарын үсэг зурлаа
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Украины Засгийн газар хоорондын комиссын журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Протоколд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Монгол, Украины Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Л.Болд, Украин Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжил, худалдааны сайд А.Клюев нар гарын үсэг зурав.
Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Украин улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Украин Улсын Соёлын сайд М.Кулиняк нар.
Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс Засгийн газар, Украин улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Украин улсын Боловсрол, шинжлэх ухаан, залуучууд, биеийн тамирын сайд Д.Табачник.
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Украин улсын Гадаад хэргийн яам хоорондын 2012-2013 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Украин Улсын Гадаад хэргийн сайд К.Грищенко нар гарын үсэг зурна.
Онцгой байдлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Украин улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээрт Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр, Украин Улсын Онцгой байдлын сайд В.Балога нар гарын үсэг зурлаа.
Монгол Улс, Украин улсын хооронд түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ Украин улсын Ерөнхийлөгч В.Янукович нар тус тус гарын үсэг зурлаа.