”Мандатаа шударга хуваах ёстой”

Хуучирсан мэдээ: 2016.05.12-нд нийтлэгдсэн

”Мандатаа шударга хуваах ёстой”

Цэцийн дүгнэлтээс улбаалж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орсноор жижиг 76 тойргоор УИХ-ын сонгууль явагдаж, 28 гишүүн жагсаалтаас биш, тойргоос сонгогдохоор болоод байгаа. Иймд жагсаалтын 28 мандатыг тойрогт хуваах тогтоолын төслийг СЕХ боловсруулж, өчигдөр /V.11/ УИХ-д өргөн барилаа.

Уг тогтоолын төсөлд аймагт болон дүүрэг тус бүрт хэдэн мандат хуваах талаар тодорхой тусгасан байна. Тухайлбал, 60800 хүн амтай Булган, 60900 хүн амтай Говь-Алтай аймагт тус бүр нэг мандат олгох, 46800 хүн амтай Өмнөговь, 56600 хүн амтай Сүхбаатар зэрэг аймагт хоёр мандат хуваах тогтоолыг төслийг СЕХ боловсруулжээ.

УИХ-ын гишүүд энэ талаар ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАШДОРЖ:

-Говь-Алтай аймаг 56209 хүн амтай. Тэдний 35735 нь сонгуулийн насны иргэн байдаг. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсад хоёрдугаарт ордог. Засаг захиргааны 90 гаруй нэгжтэй, зарим сум нь 360 км хүртэл алслагдсан, иргэд сонгогчид нь тархай амьдардаг, хөгжлийн хувьд хоцрогдсон бүс юм. Энд Ардчилсан сонгууль явагдах үеэс УИХ-д хоёр мандаттай байсан. Гэтэл одоо Говь-Алтай аймагт ганц мандат олгохоор тогтоолын төсөлд тусгасан байна. Манай аймгаас газар нутгийн хэмжээгээр бага, засаг захиргааны цөөхөн нэгжтэй аймгуудад 2-3 мандат олгох санал оруулж байгаа нь “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөөл, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн Үндсэн хуулийн заалтыг илт зөрчиж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн үзэл санаанд нийцүүлэн Говь-Алтай аймгаас УИХ-ын хоёр гишүүн сонгогдохоор тооцон, тойрог, мандатын тоог нэмэгдүүлэх нь зүйтэй.     

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ:

-Жагсаалтын 28 мандатыг тойрогт хуваах тал дээр Ардчилсан нам хот, хөдөөд тэнцүү хуваах саналтай байгаа. Харин МАН хотод найм, хөдөөд 20 мандат нэмэх санал гаргасан. Учир нь засаг захиргааны нэгж, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоонд нийцүүлж мандат олгох ёстой гэдэг зарчмаа барьж байгаа. Гэвч Говь-Алтай, Булган аймгуудад нэг мандат олгох саналыг тогтоолын төсөлд тусгажээ. Улаанбаатар хотод 3-4 хороонд нэг мандат оногдож байна. Энэ нь 20 мянган хүн тутамд нэг УИХ-ын гишүүн ажиллана гэсэн үг. Гэтэл 20 орчим сумтай, 60 мянга орчим хүн амтай аймагт нэг мандат олгож болохгүй. Хот, хөдөөгийн ялгаа асар их. Тиймээс шударга зарчмаар мандат хуваах ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж