Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах болон холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.04.11/ хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж асуулт асуусан. Тэрбээр, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулсанаар 10-аад тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болно гэсэн асуудал яригдаж байсан. Энэ асуудлыг одоогийн байгаа төсөвт нь багтаан шийдэх бололцоо бий юу хэмээн лавласан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханы хариулснаар, дээрх хуулийг хэрэгжүүлэхэд 2.5 тэрбум төгрөг шаардагдана гэсэн тооцоо гараад байгаа бөгөөд энэ асуудлыг одоо байгаа төсөвтөө багтаан зохицуулах боломжтой гэлээ.
Гишүүдээс өөр асуулт гараагүй бөгөөд санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслүүдийг батлах нь зүйтэй хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж үзлээ
Үүний дараа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат ажлын хэсгийн танилцуулгыг хийлээ. Байнгын хорооны ажлын хэсэг 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хуралдаж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2-т заасны дагуу холбогдох саналуудыг боловсрууллаа хэмээн ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдсан.
Тухайлбал, “оролцогч” гэсэн ойлголтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шаттай нийцүүлэн томьёолж, холбогдох хэсгүүдэд өөрчлөлт оруулах, “сэжигтэн” нь энэ хуульд заасны дагуу баривчлагдсан, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан хүн байхаар тодорхойлж, хуулийн төслийн “яллагдагчаар татагдах хүн” гэсэн оролцогчийг сэжигтэн байхаар томьёолжээ.
Түүнчлэн “мөрдөн шалгах ажиллагаа” гэж шүүх, прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулах энэ хуульд заасан ажиллагааг гэж тодорхойлсон байна. Прокурорын байгууллагын дэргэдэх дэмжлэг үзүүлэх алба нь Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд байж мөрдөн шалгах тодорхой төрлийн ажиллагааг явуулдаг байх, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, Хууль сахиулах тухай хуульд заасны дагуу явуулсан эрэн сурвалжлах нууц ажиллагааны үр дүн болох баримт мэдээллийг нотлох баримтаар тооцож болох зэрэг саналуудыг төсөлд тусгахаар боловсруулсан байна. Мөн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон заалтуудыг нарийвчлан томьёолсноос гадна мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой заалтуудыг тодорхой болгож, мөрдөн шалгах, нууц ажиллагаанд тавих прокурорын хяналттай холбогдсон зүйл нэмжээ. Хяналтын шатны шүүх хэргийг прокурорт буцаахаар заасан байсныг анхан болон давж заалдах шатанд буцаадаг байхаар өөрчилжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан асууж тодруулсны дараа ажлын хэсгээс танилцуулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй хэмээн үзлээ. Мөн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн хуулийн төслийг эцэслэн батлах нь зүйтэй гэж үзсэн юм.
Хууль сахиулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат хийлээ.
Байнгын хорооны ажлын хэсэг 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хуралдаж Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох саналуудыг боловсруулжээ. Тухайлбал, хууль сахиулах ажиллагаанд хяналтын төхөөрөмж ашиглах, төхөөрөмжид тавигдах шаардлага, хэрэглэх журмыг Засгийн газар батлах, баримтжуулагдсан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх нотлох баримтад тооцох, цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоож, хүчирхийлэл үйлдсэн этгээдийн галт зэвсэг, хүчирхийлэл үйлдэхэд ашигласан зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг хураадаг байх, хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн талаархи мэдээллийг хүлээн авмагц таслан зогсоох арга хэмжээг даруй авдаг байх саналыг төсөлд тусгахаар боловсруулжээ.
Түүнчлэн хууль сахиулах тусгай ажиллагаа гүйцэтгэх эрх бүхий байгууллагад тагнуулын байгууллага, Авлигатай тэмцэх газрыг нэмж оруулах, прокурор эрэн сурвалжлах нууц ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн тодорхой болгох, зөрчлийн хэргийн ээдрээ, түвэгтэй байдлыг харгалзан зөрчлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх хугацааг шүүгчийн саналыг харгалзан тухайн шүүхийн Ерөнхий шүүгч нэг удаа сунгаж болох, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гарах шийдвэр хэлбэрийг тодорхой болгох, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь шүүхийн эцсийн шийдвэр байх зэрэг саналуудыг тусгасан хэмээн ажлын хэсгийн ахлагч танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан асуулт асууж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин саналаа илэрхийлсний дараа ажлын хэсгээс танилцуулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтов.
Мөн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж дуусгалаа.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар хийж эхэлсэн бөгөөд ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусаад байсан юм. Энэ өдрийн хуралдаанаар найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг мөн өдрийн хуралдаанаар хийлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор УИХ-ын гишүүн Л.Болдоор ахлуулан, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Ё.Отгонбаяр, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин нарыг оролцуулан байгуулсан бөгөөд ажлын дэд хэсэг хуулийн төсөл дээр ажиллан зарчмын зөрүүтэй 107, найруулгын 89 саналын томьёолол бэлтгэсэн хэмээн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулав. Иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд шийдвэр гүйцэтгэгч нарын авдаг 0.5-10 хувийн урамшуулал байхгүй болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны санхүүжилтийн асуудлыг улсын төсөвт тусгаж байхаар өөрчилсөн саналыг тусгажээ. Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цол байсныг албаны болгож өөрчилж, дэд комиссар цолыг хасахаар төсөлд тусган шийдвэр гүйцэтгэгч, тогтоол гүйцэтгэгчийн чиг үүргийг ялгаж, тусгаарлаж өгсөн байна. Хуулийн төсөлд шийдвэр гүйцэтгэх газрын дансанд орж ирсэн мөнгийг шийдвэр гүйцэтгэгч 14 хоногийн дотор төлбөр авагчид шилжүүлдэг байсныг даруй шилжүүлдэг байхаар өөрчлөх, Эрүүгийн хуульд нийцүүлэх үүднээс төслөөс өсвөр насны хоригдлоор ажил хийлгүүлэх заалтыг хасах, албан хаагчийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заалтыг Хууль сахиулах ажиллагааны тухай хуульд шилжүүлэх саналуудыг тусгажээ. Мөн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох асуудлыг хорих ангийн дарга прокурорт тавьж, прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэдэг байсныг дээрх асуудлаар хорих анги сар бүр прокурорыг оролцуулсан хурлаар хэлэлцүүлж, нэгдсэн шийдвэрт хүрсэн тохиолдолд прокурор холбогдох саналаа хурлын шийдвэрийн хамт шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлэхээр өөрчилсөн байна. Ингээд хуулийн төслийн талаарх ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан байнгын хорооны санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулалаар боллоо.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
Дараа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийн талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулав.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтад зааснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар заасан нь баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулах эсэх нь талаар тодорхойгүй байдал үүсэж, захиргааны зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, хэрэглэх үүднээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа аж.
Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дээрх зүйлд заасан баривчлах, торгох шийтгэлийн алийг нь оногдуулах болон баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхойлж өгөөгүйн улмаас хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг шийдвэрлэх боломжгүй болоод буй юм байна.
Иймд дээрх хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь 3 зүйлтэй бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгох, үндсэн шийтгэлийг давхардуулан оногдуулахаар заасан зөрчлийг арилгахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчийн томилох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэснээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 19.00 цагт өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.