Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2016.05.11/ үдээс хойш хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлыг батлах явцад Үндэсний аудитын газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг сонсох байсныг Д.Дэмбэрэл гишүүн санал гаргаж, гишүүд дэмжсэнээр тайланг сонсохыг хойшлуулсан юм.

Ингээд хуралдаанаар эхлээд Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Аж үйлдвэрийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав. Тэрээр, Төсвийн тогтвортой байдлын хууль, төсвийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг танилцуулж байна гээд Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа 2015 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2016 оны нэгдсэн төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн шаардлагын зорилтот үзүүлэлтүүдийг баримталсан талаар хэлж байсан.

Төсвийн хүрээний мэдэгдэлд татварын орчныг тогтвортой хадгалан бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төсвийн хумих бодлогыг баримтлан зарлагын өсөлтийг хязгаарлах, төсвийн тогтвортой байдлыг бий болгох замаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, дунд хугацааны төсвийг алдагдалгүйгээр төлөвлөж төсвийн тогтвортой байдлын хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг чанд мөрдөх, төсвийн орлогыг бодитойгоор төлөвлөх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх, татварын орчныг тогтвортой байлгах замаар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлахтай холбогдуулан төсвийн зарлагад шинэчлэл хийх, Засгийн газрын өрийн хэмжээг тогтворжуулж дунд хугацаанд бууруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тооцжээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого болон зарлагын ДНБ-нд эзлэх хувь 2017-2019 онуудад 22.6, 21.4, 20.1 байхаар тооцож нэгдсэн төсвийн тэнвэржүүлсэн тэнцлийг алдагдалгүй байхаар боловсруулсан байна.

Мөн өнөөдрийн үнэ цэнээр тооцсон улсын өрийн нийт хэмжээг 2017-2019 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаараас хэтрүүлэхгүй байхаар тооцож төслийг боловсруулжээ. 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, энэ төсөөллөөр орлогыг хэрхэн төвлөрүүлэх, зарлага хүндрэх эсэх, хөрөнгө оруулалтын чиглэлийн талаар ямар чиглэл барьж боловсруулсан талаар  сонирхов. 

Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа олон улсын байгууллагуудын гаргаж байгаа үнийн төсөөлөл, макро эдийн засгийн төлөв, байдал зэрэг хүчин зүйлүүдийг үндэслэж хийсэн гээд ирэх оны төсвийн орлогыг 6.8 их наяд буюу энэ оныхоос 200-аад тэрбум төгрөгөөр буурахаар, зарлагын хувьд урсгал болон хөрөнгийн зардал тус бүр 1 их наяд орчим төгрөгөөр буурч 6.6 их наяд байхаар төлөвлөсөн. Түүнчлэн хөрөнгө оруулалтын хувьд үргэлжилж байгаа хөрөнгө оруулалтуудаа дуусгах чиглэл барьж, бусад шинээр хийгдэх бүтээн байгуулалтуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар буюу концессоор хөрөнгө оруулалт хийхээр тооцож төслийг хийсэн байгаа гэдгийг онцолж байсан.  

Мөн Д.Оюунхорол, М.Зоригт нарын гишүүд ирэх онуудад хийгдэх хөрөнгө оруулалтуудын талаар саналаа хэлсэний дараа санал хураах болоход гишүүдийн олонх Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Үүний дараа шинэчлэн баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслөөр мах, арьс шир, ноос ноолуурын чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчдэд татварын таатай орчин бий болгож, шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах боломжийг бүрдүүлнэ хэмээн тооцож байгаа юм байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл асуулт асууж үг хэлсэний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төсөл болон Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхөөр ирүүлсэнийг байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэнээр санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Австри Улсаас авах 40 сая еврогийн зээлийн тухайд зээл хүүгүй бөгөөд 18 жилийн хугацаатай. Мөн зээлийн үндсэн төлбөрөөс эхний 5 жил чөлөөлөгдөх юм байна.

Харин Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай байгуулах “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл нь жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, санхүүгийн зах зээл, дотоодын болон олон улсын худалдаа, аж үйлдвэрийн салбаруудыг хамрах бөгөөд нийт санхүүжилтийн хэмжээ 20 сая ам.доллар, 1.25 хувийн хүүтэй ба 25 жилийн хугацаатай, эхний 5 жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна  гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж