Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг ”сортлох” гээд байдаг

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг ”сортлох” гээд байдаг

Ц.ОЮУНГЭРЭЛ: ЭРЭГТЭЙЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ “СОРТЛОХ” ГЭЭД БАЙДАГ

АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-УИХ дахь хоёр намын бүлэг сонгуулийн хуулийг пропорциональ нь уу, эсвэл мажоритар нь давамгайлах уу гэдэг  дээр  санал зөрөлдөөд байгаа. Намууд маргаанаа хагалуулахаар ард түмний дунд санал асуулга явуулах гэнэ. Ингэхэд энэ хэр зөв шийдэл вэ?

-Ард түмний шууд саналыг авч чухал асуудлыг шийдвэрлүүлэх нь ардчиллын нэг зарчим. Гэхдээ ардчилалын энэ зарчмыг улстөрчид ард түмэнд ашигтайгаар явуулж байна уу, эсвэл өөрсдөдөө ашигтайгаар авч хэрэгжүүлж байна уу гэдэг хоёр өөр асуудал. УИХ дахь хоёр намын бүлэг пропорциональ нь уу, эсвэл мажоритар нь давамгайлах уу гэдгийг ард түмний оролцоогүйгээр бүрэн шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл өөрсдийнхөө маргааныг ард түмнээр хагалуулж, өөрсдөдөө хэрэгтэй зүйл дээр ард түмнээ ашиглаж байгааг буруу л гэж  бодож байна. Хэрвээ ямар нэгэн асуудал, алдаа гарвал ард түмнээс асуусан шүү дээ гэдэг үгээр л ам таглах болно. Энэ санал асуулга зүгээр л улстөрчдийн жүжиг төдий, их мөнгөний гарз төдийхөн болоод өнгөрөх  вий л гэж эмзэглэж байна. Сонгуулийн хугацаа тулчихаад байхад сонгуультай адилхан хэмжээний зардал гаргаад сонгуулийн өмнөх сонгууль явуулаад байгаа шог л дүр зураг харагдаад байна. Парламентэд гэрийн даалгавраа хийх хугацаа хангалттай байсан шүү дээ. Өөрсдөө хийж чадаагүй гэрийн даалгаврынхаа бодлогыг ард түмнээр бодуулж дараа бүх буруугаа бусдад чихэх гэсэн нэг арга юм даа. Ард түмэнд хэрэгтэй зүйл дээр ард түмний санал асуулга явуулаагүй хэрнээ өөртөө хэрэгтэй зүйл дээр ард түмний нэрийг барьж байна. Хэрвээ ард түмэнд хэрэгтэй зүйл дээр ард түмний нэрийг барьсан бол энэ санал асуулга ардчиллынхаа үндсэн зарчимд нийцэх байсан юм.  

-Таныхаар ард түмэнд хэрэгтэй ямар асуудлаар ард түмний санал авч болох байсан гэж?

-Оюутолгой, Тавантолгойн асуудал байна. Энэ асуудлыг ард түмний санал асуулгаар шийдвэрлэж болно. Газрын баялаг ард түмний өмч гэдэг утгаараа. Мөн засаглалын асуудлаар олон нийтийн саналыг сонсч болох байлаа. Парламент сонгуулийн хуулийг яаран батлахгүй байх олон шалтгаан бий. Шинээр улс төрд орж ирж буй чадалтай хүмүүст боломж олгохгүй, байх, сонгуулийн хуулийн дүрмийг хэтэрхий эрт ил цагаан болох нь өөрсдөд нь ашиггүй учраас л ингэж уяж, удаад байгаа юм. Сонгуулийн хууль эрт батлагдаж, тоглоомын дүрэм нь илэрхий болчихвол өнөөгийн парламентийнханд сөргөөр нөлөөлөх учраас тэр. Тийм болохоор одоогоор нууц байлгаж байгаад л сонгуулийн өмнөхөн хуулиа баталж, тоглоомын дүрмийг зарлах гэж байгаа болов уу.  Сонгууль дөхсөн үед сонгуульд тоглох дүрэм нь тодорхой болговол шинэ залуу улстөрчдөд бэлтгэх хугацаа олдохгүй болно. Бусдыг бэлтгэлгүйгээр сонгуульд өрсөлдүүлэхийн тулд өнөөгийн парламент цаг хожих нэг арга хэрэглэж байна. Нэг ёсондоо сонгуулийн хууль хэр удаж гарна, тэр нь эрх барьж буй хүмүүст л ашигтай.  Энэ бол эрх барьж буй хүмүүсийн шатрын нүүдэл шүү дээ. Сонгуулийн хууль эрт гарах тусмаа ард түмэнд хэрэгтэй.

-Ард түмний санал асуулгын дүн ямар гарах бол.  Та юу гэж бодож байна?

-Санал асуулга ардчиллын мөн чанарыг алдагдуулах вий гэж эмзэглэж байгаа. Улстөрчид яаж ардчиллыг дампууруулдаг вэ гэхээр буруу цагт буруу нөхцөлд санал асуулга явуулах. Найр, наадам, хадлан тариалан, амралт зугаалгын цагаар ард түмний дунд санал асуулга явуулж байгаа нь ардчиллыг дампууруулж, үнэ цэнийг нь алдагдуулах явдал болно. Цөөн хүн санал асуулгад оролцоод ямар ч мэдээлэлгүйгээр таамгаар саналаа өгөх явдал гарахгүй гэх баталгаагүй. Тэгээд дараа асуудал бишидвэл улстөрчид гэрийнхээ даалгаврыг хийж чадаагүйн буруугаа ард түмэн рүү чихнэ. Тэгээд дараагийн асуудал нь “Ард түмнээс асуусан, хариу нь буруу гардаг юм билээ” гэх тайлбар. Ихэнх хүмүүс нь баярлаж наадаад, зарим нь газар тариалангийнхаа ажилд хамаг анхаарлаа хандуулаад, нэг хэсэг нь амарч зугаалаад, нөгөө нь ажлаар хөдөө гадаа яваад өгдөг энэ үеэр ард түмний дунд санал асуулга явуулах нь хэр оновчтой асуудал вэ гэдгийг уг нь улстөрчид бодолцох хэрэгтэй байсан юм. Үнэхээр ард түмний санал асуулга явуулья гэсэн юм бол, ардчиллын үнэт зарчимыг хүндэтгэж үзэх гэсэн бол ухуулга сурталчилгаа хийх хангалттай, таатай орчинг бүрдүүлэх байсан. Тийм цаг хугацааг ч бас хүлээх байсан болов уу.  Энэ санал асуулга  инээдмийн жүжиг төдийхөн болоод өнгөрнө гэдэгт итгэлтэй байна. Яг л нөгөө “Тамгагүй төр” жүжиг шиг.

-Хэрвээ ард түмний санал асуул­гаар пропорциональ нь давамгайлна гэвэл эмэгтэйчүүдэд илүү ашигтай биш үү. Харин мажоритар нь давамгайлна гэвэл ирэх сонгуульд багагүй суудал авах эмэгтэйчүүдийн мөрөөдөл будаа болно?

-Улс орны ардчиллын чанарыг ярих цаг болсон. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 20 жил өнгөрчээ. Тэгэхээр өнөөдөр ардчилсан Монгол гэдгээс илүү хэр чанартай ардчилалтай Монгол вэ гэдгийг ярьж, хэлэлцэх хэрэгтэй болсон юм шиг санагддаг.  Ардчиллын мөн чанар нь  хэвлэл мэдээлийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхээр хэмжигдэхээс гадна улс орны шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хэр байна вэ гэдгээр хэмжигддэг юм. Эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах, хууль батлах төвшинд олон байх тусмаа ардчилал  үнэт зүйлсээ хадгалж чаддаг. Олонхийн засаглалын ардчилсан хэмжүүр нь эмэгтэйчүүдийн оролцоог бататгах. Төлөвшиж амжаагүй ардчилалд эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо сул байдаг. Энэ үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн 180 орны 170 хавьцаа байна гэхээр харамсалтай байгаа биз. Эмэгтэйчүүдийн оролцоогоор Монгол Улс дэлхийд сүүлдэж яваа. Тэгэхээр ардчиллыг чанаржуулахын тулд л эмэгтэйчүүд квотын тухай яриад байгаа юм шүү дээ. 

Сонгуулийн систем нь пропор­циональ системээр явдаг оронд эмэгтэйчүүдийн төлөөлөл улс төр их байдаг.  Нэг үгээр хэлбэл пропорциональ систем нь эмэгтэйчүүдийн суудал хадгалах боломжийг олгодгоороо давуу талтай. Харин  мажоритари систем нь эмэгтэй нэр дэвших л квот олгодог учраас Монгол Улсын ардчиллыг төлөвшүүлэхэд энэ хувилбар хоцрогдчихоод байгаа  юм. Гэхдээ пропорциональ системд гэсэн сул тал бий. Хэдэн хүний ард нэг эмэгтэйн нэр жагсч байна гэдгийг бас бодолцох ёстой.  Өнгөрсөн 2008 оны УИХ-ын сонгуульд  Ардчилсан намаас 12 эмэгтэй нэр дэвшсэн. Харамсалтай нь суудал авч чадаагүй. Энэ  нөгөө сонгуулийнхаа тогтолцоотой холбоотой байсан.

-Яагаад сонгуулийн тогтолцоотой холбоотой гэж. Сонгуульд ялагдсан хүн бүхэн л ямар нэг тайлбар тавьдаг нь худлаа биш?

-Мажоритар систем маш их мөнгө, эрсдэл шаарддаг. Эмэгтэйчүүдэд сонгуульд цацах тэр хэмжээний мөнгө бий бил үү. Эмэгтэй улстөрч, эрэгтэй улстөрчөөс шал өөр. Бурхан хүртэл эмэгтэй, эрэгтэй хүний амьдрах амьдралыг хүртэл өөрөөр зурж өгсөн шүү дээ. Тэгвэл яагаад эмэгтэйчүүд, эрчүүдийн улс төрд гарч ирэх зам өөр байж болохгүй гэж. Эрэгтэй улстөрчид надад хэлдэг юм. Оюунгэрэл ээ, чи бидэнтэй адилхан боловсролтой, чадалтай байж заавал квот энэ тэр гээд байх шаардлага байгаа юм уу гэж. Тэгэхээр нь та нар яагаад тэгвэл хүүхэд гаргаж, хүүхдээ харж, өсгөж болдоггүй юм бэ гэсэн хариулт өгдөг. Эрэгтэйчүүд улс төрийн завсарлага авах шаардлага гардаггүй бол эмэгтэйчүүдэд гардаг. Хүүхэд төрүүлэх, хүүхдээ өсгөх, тэдэндээ анхаарал халамж тавих ар гэрийнхээ асуудлыг зохицуулах гээд эрчүүд шиг их мөнгөжиж чаддагүй юм. Бусад улс орны хувьд эмэгтэйчүүдийг улс төрд гаргах боломжийг олгодог. Финландад эмэгтэйчүүдийн оролцоо 50:50 хувьтай байна гэдэг бол Германд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь, Азийн олон оронд бас 30 хувь, Африкт гэсэн эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь гээд тогтоочихсон байдаг.

-Харин Монголд?

-Монголд эмэгтэйчүүдийн орол­цоо “тэг” байгаа. Манай эрчүүд  эмэгтэйчүүддээ квот олгох тийм ч дуртай биш шүү дээ.  Европ, Монгол эмэгтэй хоёулаа адилхан. Хоёулаа хүүхэд гаргадаг, хоёулаа хүүхдээ харж гэртээ суудаг гээд. Ер нь бол эрчүүд улс төрд орсон бол “тормоз” авах шаардлагагүй. Тэгвэл эмэгтэйчүүдийн бурханаас заяасан биологийнхоо хүний хувьд заавал “тормоз” авах шаардлага гардаг юм.

-Мажоритар систем маш их мөнгө шаарддаг гэлээ. Ирэх оны сонгууль ч их мөнгөний сонгууль болно гэсэн хардлага нийгэмд байгаа?

-Харин үүнээс чинь хамгаалах зүйл бол Ардчилсан намын санал болгоод байгаа хувилбар. Хэрвээ Ардчилсан нам санал болгоод байгаа хувилбарыг ард түмэн дэмжих юм бол мөнгөтэй, баячууд улс төрд гарч ирэхэд хаалт болно. Жирийн дундаж амьдралтай иргэдийн төлөөлөл улс төрд оролцох, төр барих шийдвэр гаргах боломжтой болж байгаа юм. Хэрвээ мажоритар системээр сонгууль явбал баячууд л сонгуульд ялна. Эсвэл баячуудын халаасанд багтсан , тэднээс хараат хүмүүс төрих барих явдал үргэлжилсээр байх юм. Нийгэмд баян ядуугийн ялгаа улам ихэссээр, дундаж давхрагынхан гэж байхгүй болно. Харин пропорциональ тогтолцоо бол дундаж давхрагынхныг төр барихыг баталгаажуулж өгч байгаа тогтолцоо. Манайд пропорциональ заавал хэрэгтэй. Дундаж давхрагынхан харьцангуй цөөн учраас. АНУ-д бол өөр. Дундаж давхрагын иргэд олон,  Барак Обомад 10 доллар халааснаасаа хандивлах 30 сая хүн байгаа. Мажоритари нь цөөн хэдэн хүнийг төрд гаргаж баяжих боломж өгдөг, бусдыг нь хавтгайруулсан халамжаар тэтгэх нь тэдэнд ашигтай. Тиймээс дундаж давхрагын төлөөлөл болсон чанартай эмэгтэйчүүдийг төрд гарах боломжийг л бүрдүүлэх ёстой юм.

-Улс төрд эмэгтэйчүүдийн тооноос илүү чанар чухал гэх хүмүүс бий. Мэдлэг боловсролтой чанартай эмэгтэйчүүд байхад л хангалттай гэж?

-Бараа бүтээгдэхүүн худалдаж авах, үйлдвэрлэхэд чанар хэрэгтэй нь үнэн. Харин улс төрийн шийдвэр гаргах тухайд бол чанар огт хэрэггүй. Тоо чухал. Тэнд хэдэн хүн кноп дарах вэ гэдэг чухал. Өнөөдөр УИХ-д гарын таван хуруунд хүрэхгүй эмэгтэй гишүүн байна. Уг нь нам намаас 10, 10 эмэгтэйчүүдийн төлөөлөл улс төрд гараад ирвэл асуудал арай өөр болно.  Дундаж давхрагын эрх ашиг нэгдүгээрт тавигдана. Одоо бол өөр шүү дээ. Баячууд мөнгөөр зодож улс төрд гарч ирчихээд, өөрсдөдөө зориулсан хууль үйлдвэрлэдэг. Нөгөө нэг хууль нь ажилгүйдлийг дэмжсэн, нийгмийн хэт хавтгайруулсан халамжаар тэтгэх. Иргэдийг ядуу байлгах, тэднийг халамжаар тэтгэх нь хэдэн цөөнх баячууд төр барих нөхцөл бүрддэг болохоор тэр.

-Танай холбооноос ирэх сонгуульд хэдэн хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн байр суурь баримталж байгаа вэ. Намынхаа уридлагуудтай энэ талаар ярилцсан уу?

-УИХ-д нэр дэвшигчдийн 25 хувь, орон нутагт 30 хувь нь эмэгтэйчүүд байх шаардлагатай гэсэн  үзэл бодлоо намынхаа удирдлагуудад хүргүүлсэн.  Яагаад ийм хувь, квот тавиад байна вэ гэхээр сайн муу, чанартай чанаргүй нь хамаагүй, хамгийн гол нь  шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо их байх хэрэгтэй байна. Эрчүүд эмэгтэйчүүдийг сортлох гээд байдаг л даа.  Уучлаарай, бид ямар нэгэн сортын бүтээгдэхүүн биш. Бид дундаж давхрагын эрх ашиг, олон нийтийн төлөөлөл болохын үүднээс л энэ саналыг тавиад байгаа юм шүү гэдгийг хэлмээр байна.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж