Захирагчид шатахуунаа нэмүүлэхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Захирагчид шатахуунаа нэмүүлэхийг шаардав

Цагаан ордны засаг захиргааны зүтгүүлж байгаа шатахууны шинэ стандарт үр дүнтэй болно гэдэгт Америкийн захирагчид итгэлгүй байна.

Америкийн 15 мужийн захирагчид 2017-2025 онуудад мөрдөх шатахууны хэмнэлтийн стандартыг хэтэрхий түрэмгий гэж үзлээ. Тээврийн сайд Рей Лахуд ба Хүрээлэн буй орчныг хамгаалах сайд Лиза Жексоны нэрээр ирүүлсэн захидалдаа дотоод шаталтын хөдөлгүүрийн хэмнэлтийг нэмэгдүүлэхээр өнөөгийн хэрэглэж байгаа 100 км-т зарцуулах шатахууны үр ашгийн стандартыг дундаж есөн литрээс 4,5 литр  хүргэн бууруулж байгаа нь эрэлтийг зогсоон ажилгүйдлийг нэмэгдүүлнэ гэж сануулсан байна. Мөн шинэ стандарт нийгмийн зарим давхрагад зарлагын дарамт болно гэж тэд үзлээ. Бензинийн болон хибрид хөдөлгүүртэй машины эрэлтийг болон үйлдвэрлэлийн бууруулж, ажилгүйдлийг энэ шинэ стандарт нэмэгдүүлнэ  гэж тэд бичсэн байв.

“Бид энэ салбарт ухаалаг бодлого явуулахыг уриалж байна. Хэрэв шатахууны стандартууд хурдан шинэчлэгдээд байвал тэр нь машины үнийг нэмэгдүүлнэ. Шинэ машин авахаар төлөвлөсөн хэрэглэгч нар хуучин машинаа илүү ихээр ашигласны улмаас үйлдвэрлэлд ажлын байр хорогдоно” хэмээн тэдний захидалд өгүүлсэн байна.

The Detroit News сонинд ярилцлага өгөхдөө Мичиган мужийн захирал Рик Снайдер автомашины үйлдвэрлэлийн зардал өсөх учраас хямралаас дөнгөж өндийж байгаа автомашины үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн түгшүүрийг шинэ стандарт төрүүлж байна гэжээ. “Хатуу харгис шийдвэр гаргахаасаа өмнө бүх талаас нь нарийн цэгнэн үзэх ёстой хэмээн тэр хэлсэн байлаа.

Авто үйлдвэрлэгч нартай Цагаан ордонд хийсэн хаалттай хуралдаан дээр шатахуун хэрэглэх стандартыг цаашид улам чангаруулах боломжийг авч үзнэ гэдээ засаг захиргаа хэлжээ. 2010 оны арванхоёрдугаар сард Конгресс нэгэн хууль батлан авто үйлдвэрлэгч нарт өөрсдийн хөдөлгүүрийн шатахууны дундаж хэмнэлтийн мөрдөж байгаа хэмжээг суудлын  машин, пикап ба жиипүүдэд 27 миль/галлоноос (8,71 л/100 км) 35 миль/галлон (6,71 л/100 км) хүртэл нэмэгдүүлэх үүрэгтэй болгосон байв. Шинэ хууль 2012 оноос эхлэн 2016 он хүртэл бүхий л бензинийн болон дизелийн хөдөлгүүрт хамаатай болно.

Гэхдээ Вашингтон 2017 оноос шатахууны хэрэглээний стандартыг улам чангалахаа мэдэгдсэн юм. Компаниудад хөдөлгүүрийнхээ шатахуун зарцуулалтыг шинэ технологи ашиглан 56,2 миль/галлон (4,5 л/100 км) болгох үүрэг тулгах юм. Шатахууны стандартыг чангалсан баримтуудыг мөрдөж эхлэхээр болбол автомашины үнэ дунджаар 2500 доллараар өсөх тооцоотой. Харин авто үйлдвэрлэгчдийн эвслийн шинжээчид машины үнэ 6000 доллараар нэмэгдэнэ гэж тооцжээ.

“Пикапын хувьд 56 миль/галлон гэдэг стандартыг сайн ойлгох хэрэгтэй. Тэр нь хөдөө аж ахуйд үхэл гэсэн үг” хэмээн Огайо мужийн захирагч Жон Касич ярьж байна. Захидалд гарын үсгээ зурсан 15 мужийн тэргүүн нарын дотор хөдөө аж ахуй эрхэлдэг Огайо, Виржиниа, Айова, Алабама, Индиана, Миссисипи, Мичиган, Кентукки мужууд ба өөр долоон бүсийн дарга нар байгаа юм.

Цагаан ордон уг бичиг баримтыг есдүгээр сарын 30-ны наана  бэлэн болохоор ажиллаж байна. Одоо Вашингтон үндэсний болон гадаадын машин үйлдвэрлэгч нартай гэрээ хэлцэл хийж байна.

“Шатахууны хэмнэлтийг 14 жилээр урьдчилан төлөвлөж гаргах нь Обамагийн захиргааны хувьд том эрсдэл хийж байна гэсэн үг. Одоо миний охин гурван настай. 14 жилийн дараа тэр жолооны ард сууна. Харин ямар машинаар явах хүсэлтэй байхыг хэлэхэд бэрхтэй” хэмээн Автомашины дилерүүдийн үндэсний холбооны төлөөлөгч Бейли Вуд ярьлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж