Риод ирээд хэрэггүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Риод ирээд хэрэггүй гэв

Бразилийн Рио Де Жанейро хотод  зуны олимпын наадам эхлэхэд гурван сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байхад тус улсын хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг Ривалдо олон улсын тамирчид болон аялагчдыг Риод битгий ир хэмээн хачирхалтай уриалга гаргажээ.

2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-ны үеэр Роналдо, Роналдиньо нарын хамт нийт 15 гоол оруулж, өрсөлдөгчдөө үхлийн цохилт хийж байсан Ривалдо “Энэ улс улам муухай болж байна” хэмээн анхааруулжээ.

Нийгмийн сүлжээгээр олон нийтэд хандан Ривалдо Риод хүчирхийлэл урьд хожид байгаагүй их гарах болсныг саяхан амиа алдсан 17 настай охины жишээгээр анхааруулсан юм.

Бразил улс олимпын наадам зохион байгуулахад бэлэн биш, Рио жуулчдын хувьд аюултай газар болоод буйг анхааруулсан нь эрх баригчдад таалагдаагүй байна. Рио Де Жанейро хотын аялал жуулчлал хариуцсан албаны хүн “Бидний өмнө тулгарч буй асуудлыг дэлхий нийт мэднэ. Гэсэн ч бид олимпын тамирчид, жуулчдыг хүлээж авахад бэлэн. Рио та бүхнийг гоо үзэсгэлэн, халуун сэтгэлээрээ гайхашруулах болно” гэсэн юм.

Аюулт Зика вирусын халдвар олон нийтийг түгшээж байгаа ч олимпыг зохион байгуулагч албаны хүмүүс эрэг хавиар ямар ч шумуул байхгүй гэж тайвшруулж байгаа юм. Шумуулаар халдварладаг энэхүү вирус нь ургийн тархины хөгжилд нөлөөлдөг учраас жирэмсэн эмэгтэйчүүдийг аялалаа хойшлуулахыг  анхааруулж байгаа билээ.

Хэвтэрт орсон эдийн засаг, авлигын дуулиан шуугианаас улс төрийн нөхцөл байдлаас илүү олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүд болон дэд бүтцийн бүтээн байгуулалт хугацаандаа бэлэн болох уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж