Хуучин компьютер худалдаж авч болохгүй 5 ноцтой шалтгаан

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Хуучин компьютер худалдаж авч болохгүй 5 ноцтой шалтгаан

Компьютер, принтер гээд электрон бараа худалдан авах шаардлага гарахад хэрэглэсэн хуучин бараа авах сонголт хэрэглэгчид илүү хямд үнээр авах боломжийг олгодог. “Хэвийн ажиллагаатай, гаднаа сэвгүй бол яагаад авч болохгүй гэж?” гэж та бодож байна уу. Өнөөдөр бага үнэ төлж байгаа ч ирээдүйн үнэ цэнэ нь ямар байхыг нэг бодоод үзээрэй.

Цахилгаан бараа бүхэн өөрийн ашиглах боломжит хугацаатай байдаг. Жишээ нь нөүтбүүкний хувьд хамгийн тохиромжтой хэрэглэх хугацаа 3 жил, хэвлэх төхөөрөмжийн хувьд 5 жил гэх мэт байдаг нь тухайн төхөөрөмжийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй, элэгдэлд ордогоос гадна үйлдвэрлэгчээс тухайн загварын дэмжлэг сайжруулалт, сэлбэг хэрэгслийн үйл ажиллагааг зогсоодогтой холбоотой.

Яагаад хуучин компьютер худалдаж авч болохгүй вэ ?

1.   Дотоод гэмтлийг мэдэх боломжгүй

Худалдан авах гэж буй компьютерийн дотоод эд ангиудад гарсан гэмтэл, хэрхэн засварласан гэдгийг мэргэжлийн бус хүн хараад мэдэх боломжгүй. Одоо ажиллаж байгаа хэдий ч түр хугацааны ажиллагаатай байдлаар засварласан байх боломжтой.

2.   Гэнэт унтардаг

Хуучин компьютеруудад хамгийн түгээмэл тохиолддог асуудал бол гэнэт хэвийн ажиллаж байгаад унтрах. Яагаад унтардаг вэ гэсэн асуулт хэрэглэгчдээс их ирдэг. Гол шалтгаан нь компьютерийн эх хавтан буюу mainboard олон жил ашиглагдаад муудсан байдаг. Тослог цаасан ороомог хэлбэрийн capacitor нь удаан ашиглагдахаар тослог чанараа алдаж, гаргах ёстой Voltage чадлаараа гаргах боломжгүй болсноос эх хавтан муудаж, гэнэт унтрах шалтгаан болдог байна. Эх хавтан бол нөүтбүүкний сэлбэгүүд дунд хамгийн үнэтэй сэлбэгт ордог тул засварын зардал өндөр гарах магадлалтай.

3.   Сэлбэг хэрэгсэл нь олдоц муутай

Ихэвчлэн үйлдвэрлэгчид нөүтбүүкнийхээ сэлбэг хэрэгслийн хангамжийг тодорхой хугацааны дараа бууруулдаг. Шинэ шинэ загваруудад илүү анхаарлаа хандуулдаг гэсэн үг. Үүнийг дагаад тухайн бүтээгдэхүүнийг борлуулагч албан ёсны нийлүүлэгчид дээрх сэлбэгний бэлэн байдал ч буурдаг. Сэлбэгийн олдоц багасах аюултай. Олдохдоо үнэтэй байх магадлалтай.

4.   Техник хангамж нь сүүлийн үеийн програмуудтай зохицож ажиллах чадваргүй

Авах барааныхаа насжилтанд анхаарлаа хандуулаарай. 2010-аад оны үеэд үйлдвэрлэгдсэн компьютерууд тухайн үеийнхээ програм хангамжийг хэвийн ажиллуулахад тестлэгдэн бүтээгдсэн байдаг. Тэгвэл өнөөдөр бидний хэрэглэж буй програмууд илүү хүчин чадлыг шаардаж байдаг. 2010 оны загварын нөүтбүүк дээр яагаад Windows 10 суулгаж хэвийн ажиллах боломжгүй вэ гэдгийн гол шалтгаан энэ.

5.   Баталгаа байхгүй

Мэдээж ямар ч баталгаа байхгүй. Цахилгаан бараа нь хэрэглэгчийн хувьд өндөр үнийн дүнтэй худалдан авалтанд тооцогддог ба хэрэглээний хугацаа мөн харьцангуй урт буюу 3-4 жил байдаг. Тэгэхээр энэ чухал худалдан авалтыг гарал үүсэл нь тодорхойгүй, гэмтэл эвдрэлийг нь мэдэхгүй, цаашид хэвийн ажиллагаан дээр баталгаа өгөх боломжгүй эх үүсвэрээс авах нь хэтэрхий эрсдэлтэй. Өнөөдрийн гаргаж буй хэмнэлт урт хугацаанд танд ямар зардал гаргаж болохыг тунгааж үзээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж