–Тост, Тосонбумын нуруунд хайгуул хийж байсан компаниудад 8 тэрбум төгрөгийг олгоно-
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн жагсаалтад Засгийн газар 511 дүгээр тогтоол гарган, өнгөрсөн оны сүүлээр өөрчлөлт оруулжээ. Мөн сонгон шалгаруулалтын талбайг 1.55 сая га байхаар шинэчилж баталсан байна. Гэхдээ энэ жилээс ОХУ, БНХАУ-тай залгаа хилийн бүсүүдэд түлхүү хайгуул хийхээр, энэ бүс дэх газарт хайгуул хийх тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгж, иргэдэд олгохоор болжээ. Цагаан сарын дараахан зогсоод байсан цахим бүртгэл ирэх долоо хоногоос сэргэж, зарлагдсан талбайд хайгуул хийх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг Ашигт малтмалын газар /АМГ/ цахимаар хүлээж авахад бэлэн болсон байна. Үүнээс гадна АМГ-аас сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох нэр бүхий найман талбайг өнөөдөр зарлалаа. Энэ сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэдийн саналыг ирэх сарын 13-ны өдөр хүртэл АМГ хүлээн авах юм байна.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосонбумын нурууг улсын тусгай хамгаалтад авах УИХ-ын тогтоол гарсан. Дээрх газар нутгийг тойроод хайгуулын 13, ашиглалтын гурван тусгай зөвшөөрлын дагуу 12 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс улсын тусгай хамгаалалтанд багтах бүсэд 2007-2009 оны хооронд найман аж ахуйн нэгжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг байна. Дээрх аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалбал, өнгөрсөн хугацаанд хийсэн хайгуулын зардлыг нь улс нөхөн олгох эсвэл өөр газарт хайгуул хийх тусгай зөвшөөрлийг талбайн хэмжээгээр нь тооцож өгөх хуультай. АМГ-аас Тост, Тосонбумын нурууг тойрсон хайгуулын зөвшөөрөлтэй компаниудад найман тэрбум төгрөгийг буцааж өгөх тооцоог гаргажээ.
Одоогоор Тост, Тосонбумын нуруу орчимд “Өмнийн говийн элс”, “МАК”, “Монгол Алт”, “Өсөх зоос”,"Саусгоби коэл транс" зэрэг уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байгаа юм. Харин “Жавхлант орд” компани далд уурхай явуулах зөвшөөрлөө авчээ. Мөн олборлолт явуулах тусгай зөвшөөрөлтэй “Зөв Зэлмэн”, “Голд транс” зэрэг компаниуд байна.
Д.УЛАМБАЯР
Зураглаач: Н.БАТМӨНХ