Оффшортой хамаатнууд

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Оффшортой хамаатнууд

Өчигдөр олон нийтэд ил болсон оффшор дансны мэдээлэл улс төрчид болоод бизнес эрхлэгчдийг сандралд орууллаа. Уг нь бол Монгол Улсын иргэн оффшор данс нээлгэх, эзэмшихийг хориглосон заалт байхгүй. Гэвч татвар төлөхгүйгээр хэн ч, хэдэн ч төгрөг хадгалах боломжтой энэ аргыг ард түмэн таашаасангүй. Тэр тусмаа улстөрчдийн ах дүүс оффшорт мөнгөө нуусан нь тэднийг хөдлөө чирж магадгүй байна. Сошиал ертөнцөд оффшортнуудыг хэн нь хэн болохыг уралдан бичиж байна.

Даваагийн Батбаяр: Тэрээр Ерөнхий сайдын Эрүүл мэнд спортын орон тооны бус зөвлөх.

Тэрээр “Японд барилдаж байхдаа 4,5 данс нээлгэсэн. Гадаадад данс нээлгэхийг оффор данс гэдэг юм бол надад оффшор данс бий. Гэхдээ 10 гаруй жилийн өмнөөс ашиглахаа больсон. Одоо тэр дансанд ямар ч мөнгө байхгүй” гэсэн юм.

Хүрлээгийн Анхбаяр: Оффшор бүсэд бүртгэлтэй “Hundred Tress” компанийн хувьцаа эзэмшигч. Түүнийг Карибийн тэнгисийн оффшор бүсээс 12 сая ам.доллар оруулж ирж, мөнгө угаасан хэргээр АТГ-т шалгаж байсан.

Янсанжавын Очирсүх: Оффшор бүсэд  бүртгэлтэй “Wisdom International Holdings” компанийн захирал. Тэрээр 1999-2000 онд Сангийн сайдаар ажиллаж байжээ.

Харьюугийн Бум-Эрдэнэ: Их Британий Виржинийн арлуудад бүртгэлтэй гурван компанид хувьцаа эзэмшдэг. Гэвч эдгээр компаниуд нь дампуурсан гэх статустай байгаа аж. Тэрээр одоо Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргын албан тушаал хашиж байна.

Борхүүгийн Дэлгэрсайхан: Виржинийн арлуудад бүртгэлтэй хоёр компанийн захирал. Нэг компани нь хаалгаа барьсан. Харин “Eiffel View universal holding” компани нь одоо үйл ажиллагаа явуулдаг. Тэрээр өмнө нь “Дорнын говь”, “Болдп Төмөр Ерөө гол” компаниудын захиралаар ажиллаж байсан. 

Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ: 2011 онд оффшор данстай холбогдсон. Тухайн үед “Thomas air” гэх компанийг үүсгэн байгуулж, өдгөө захиалгат нислэг, түргэн тусламжийн нислэг, нисэхийн сургууль, эрэл хайгууль, аврах үйл ажиллагаа зэрэг нислэгийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байна.  

Цэндсүрэнгийн Сэргэлэн: “Joy key development limited” компанийн хувьцаа эзэмшигч.  Тэрбээр Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйн төрсөн дүү гэсэн мэдээлэл сошиалаар түгж байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж