Анхаар: Хүчтэй цасан шуурга болно

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Анхаар: Хүчтэй цасан шуурга болно

-Цаг уурын мэдээллийг харвал энэ долоо хоногт салхины хурд 18-20 метр секунд хүрч, хүчтэй шуургатай өдрүүд үргэлжилсээр байх аж-

Урин дулаан цаг хаяанд ирж, улаанбаатарчууд нимгэн хувцсандаа орсон ч өнөөдрөөс хаврын тэнгэр аашаа хувиргаж эхэллээ. Цас, бороо холилдон, шуурга, шамарга болсон энэ өдрүүдэд мал аж ахуй, газар тариалангийн бүсийн нөхцөл байдлын талаар мэдээлэл бэлтгэлээ.

Цаг уурын мэдээллийг харвал энэ долоо хоногт салхины хурд 18-20 метр секунд хүрч, хүчтэй шуургатай өдрүүд үргэлжилсээр байх аж. Өнөөдөр л гэхэд Өмнөговь, Дундговь, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговь аймгийн хойд хэсгээр салхи 18-20 метр секунд хүрч ширүүсэх төлөвтэйг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өгч байна. Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүсч, хур тунадас унаж цаг агаар муудах төлөвтэй байна. Харин говийн нутгаар халуун, хуурай салхитай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг албаныхан анхаарууллаа.

12-ны өдөр – Алтайн салбар уулсаар салхи 18-20 метр секунд хүрнэ

13-ны өдөр – баруун, төвийн нутгаар хур тунадас

14-ны өдөр – зүүн хагаст хур тунадас, нойтон цас, говийн нутгаар шороон, болон цасан шуурга шуурах юм байна.

Цаг уурын тааламжгүй нөхцөл энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх төлөвтэйгөөс гадна зам, даваа гүвээг хааж болзошгүй хэмээн мэдээлж байна. Гэхдээ өнөөдөр 11.00 цагийн байдлаар аль нэг зам, даваа гүвээг хаагаагүй гэх мэдээллийг Авто тээврийн үндэсний төвөөс өглөө. Цас их хэмжээгээр орж буй ч тэр дороо хайлж, халтиргаа гулгаа бага байгаа учраас одоогоор зам хаах нөхцөл үүсээгүй гэлээ.

“Тариалалтыг өчигдөр эхлүүлжээ”

Өнгөрсөн өвлийн хувьд нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож 18 аймгийн 98 сум “цагаан зуд”-тай, 20 аймгийн 113 сум “цагаанаар зудархуу” өвөлжсөн. Улмаар  Увс, Завхан, Баянхонгор, Архангай, Дундговь, Сүхбаатар зэрэг аймгуудад хаваржилт хүндэрч, хүнд нөхцөл үүсэхээс сэрэмжлүүлж байв. Харин одоогийн байдлаар хаваржилт хүндэрч, хүнд байдалд орсон орон нутаг харьцангуй гайгүй гэх мэдээллийг салбарын яамнаас өглөө.

Хаврын тариалалтыг өчигдөр эхлүүлжээ. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан энэ сарын 10-наас 25-ны өдрүүдэд тариалалт хийнэ гэж тооцоолсон байна. Яамны зүгээс хаврын тариалалтад зүтгэх техник, тоног төхөөрөмжийг энэ жил хангалттай бэлтгэсэн гэв. Тухайлбал, хүчний трактор 2.880, үр тарианы үрлүүр 2.100, хөрс боловсруулах техник 4.810, төмс хүнсний ногооны үрлүүр 358-ыг ажиллуулахаар бэлтгэжээ.  

Энэ онд улсын хэмжээнд 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д буудай, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн таримал, 25.3 мянган га-д тосны болон сэлгээний бусад таримал тариалахаар төлөвлөсөн юм байна.

“Мал төллөлт 70 хувьтай”

Салбарын яамны өгсөн мэдээгээр одоогоор мал төллөлт 70 орчим хувьтай байгаа аж. Нийт эх малын 66.9 хувь буюу 15.9 сая эх мал төллөж 15.6 сая төл хүлээн авчээ. 43.6 мянган ботго, 235.5 мянган унага, 541.8 мянган тугал, 8.2 сая хурга, 6.9 сая ишиг бойжиж байгаа аж. Төл бойжилт 99 хувьтай байна.

Харин малын хоргодол өмнөх долоо хоногоос 46 мянгаар нэмэгдсэн байна. Нийт малын хоргодол 1025 мянгад хүрчээ. Ялангуяа Сүхбаатар, Увс, Завхан, Архангай, Баянхонгор аймагт малын хоргодол өндөр байгаа гэлээ. Үүнээс тэмээ 391, адуу 40.3 мянга, үхэр 100.8 мянга, хонь 375.4 мянга, ямаа 508.7 мянга буюу оны эхний нийт малын 1.8 хувийг эзэлсэн байна.

Ямартай ч одоогоор хаваржилт хүндэрсэн аймаг харьцангуй гайгүй ч малчид, тариаланчдыг цаг агаарын мэдээгээ цаг тухайд нь хүлээн авч, сонор сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагынхан сануулсаар байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж