Д.Энхжаргал: Санхүүгийн хямрал нь бодлогын гажиг алдаанаас үүдэлтэй

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Д.Энхжаргал: Санхүүгийн хямрал нь бодлогын гажиг алдаанаас үүдэлтэй

Бид салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг та бүхэнд хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор олон улсын банк санхүүгийн зөвлөх Д.Энхжаргалыг урилаа.

БОЛОВСРОЛ, ЧАДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭХ ОРОНДОО АВЧРАХ ХЭРЭГТЭЙ

Монгол Улс зах зээлд орсон өнгөрсөн 25 жилд ямар ололт амжилт, алдаа оноотой байв гэдгээ үнэлж дүгнэх цаг болжээ. Энэ цаг хугацааг хүнээр зүйрлэвэл эрүүл чийрэг, ид хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, мэдлэг боловсролтой, 25 настай нэгэн. Залуу хүн амьдралыг таньж мэдэх, хөдөлмөрлөж бүтээхдээ алдаа, онооноосоо сургамж авч хэрсүүжих ёстой атал амьдрал дээр тэс өөр байдалтай байна. Улс орны хувьд бас л нэг иймэрхүү дүр төрх харагдаж байна.

Манай улсын санхүүгийн салбар хэд, хэдэн удаа томоохон хямралд өртөж байсан. Төр засгаас банкны салбарыг тогтворжуулахад удаа дараагийн бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.

2016 он гарангуут банкны салбарын нийт системийн үзүүлэлтээс харахад ашигт ажиллагааны түвшин хасах руугаа орсон, сөрөг үзүүлэлттэй гарчээ. Энэ бол анхаарахгүй байхын аргагүй анхны дохио. Хүний өвчнийг эмчлэхийн тулд оношийг нь зөв тогтоож, эмчилгээг шуурхай хийдэг. Үүн шиг бид оношоо зөв тогтоож, урьдчилан сэргийлэх болон болзошгүй хямралыг гэтлэн давах дэс дараатай арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэлтэй байх шаардлагатай байна. Чанаргүй зээлүүдийн хувь хэмжээ өдрөөс өдөрт өсч байгууллага аж ахуйн нэгж, иргэд хоорондын өрийн сүлжээ аалзны тор шиг болж буй одоогийн нөхцөлд алсын хараатай ажиллаж, бүх түвшинд эрсдлээс хамгийн бага өртгөөр гарах оновчтой шийдлийг нарийвчлан тодорхойлж тогтоох хэрэгтэй.

Үүнийг чадвартай, чадавхтай, мэдлэгтэй хүмүүс, мэргэшсэн баг хийдэг. Тэгэхээр өнөөдрийн манайд тулгарч байгаа асуудлыг шийдэхэд мэдлэг чадвартай, оюунлаг, шинийг сэдэж санаачилж, ажил хэрэг болгоод амжилтад хүргэдэг хүмүүс чухал үүрэгтэй байж эдийн засаг, нийгмийн хөгжлийг бий болгоно. Эдийн засгийн хөгжилд хүний хүчин зүйл чухал. Хүн бол хамгийн чухал капитал. Монголын оюунлаг чадвартай залуус гадаадад нэр хүндтэй, том компани, группүүдэд олноороо ажиллаж амьдарч байна. Эдгээр хүмүүсийг эх орондоо ирж ажиллаж хөдөлмөрлөх таатай орчинг бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх цаг үе нь ирсэн.

Манай өмнөд хөршийн хөгжлийн үндэс нь гадаад улс орнуудад ажиллаж, амьдарч буй туршлагатай хүмүүсээ урьж авчран, салбар салбарт нь ажиллуулсан. Хятадын эдийн засгийн өсөлт 6-7 хувьтай дэлхийн хоёр дахь том эдийн засагтай болж АНУ-ын дараа орж байна. Ингэснээр дэлхийтэй өрсөлдөх чадвартай болсон. Хүний хүчин зүйл гэдгийн үр өгөөж энэ юм. Харин манайд эсрэгээрээ чадалтай, боловсролтой хүмүүсээ улс төр, намын харьяаллаар халж, сольсноор эдийн засгийн маш их нөөц боломжоо алдаж байна. Эдийн засгийн хямрал, уруудал үүнтэй бас холбоотой.

1860-аад оны үед Японоос Англи улс руу бодлогоор залуучуудыг явуулж сургасан. Үүний үр дүнд модон завьтай байсан Япон улс 20 гаруй жилийн дотор төмрөөр хамгийн сайн усан онгоцуудыг хийж, аж үйлдвэрийн салбар нь эрчимтэй хөгжсөн түүхтэй. Энэ мэтчилэн улс оронд оюунлаг, чадалтай залуус бусдыгаа манлайлж араасаа дагуулж явдаг жамтай.

ГАЗРЫН ДООРХ ЭРДЭС БАЯЛГАА БАЙНГА ӨСЧ БАЯЖДАГ ЭРДЭНЭС БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Блиц:

Олон улсын санхүүгийн зөвлөхөөр ажилладаг. Санхүү банкны 30 гаруй жилийн туршлагатай. Монголбанкны анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч. ОХУ-ын Эрхүү хотын Улс Ардын Аж ахуйн Дээд Сургуулийг ( хуучин нэрээр) санхүү банкны эдийн засагч мэргэжлээр төгссөнөөс хойш төв банкинд нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлж тасралтгүй 28 жил ажилласан. Олон улсын Хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банкинд зөвлөхөөр мөн саяхан Бээжин хотод байгуулагдсан Азийн Дэд Бүтэц Хөрөнгө Оруулалтын Банкийг байгуулахад санхүүгийн бодлогын ахлах зөвлөхөөр ажилладаг.

Монголын их дээд сургуулиудад санхүү банкны болон банкны ажилтнуудыг давтан сургахад лектор багш, АНУ-ын Вандербилдийн Их сургуульд Эдийн засгийн хөгжлийн онолоор мастер зэрэг хүртсэний зэрэгцээ Лондонгийн Их сургуулиудад докторант судлаачаар сурсан.

Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоог санаачлан үүсгэн байгуулж, Социнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Ази Номхон далайн бүсийг төлөөлсөн Дэд Ерөнхийлөгч, Британи-Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын зөвлөх, Их Британи дахь Монголын Худалдаа Бизнесийн Зөвлөлийн удирдах гишүүнийн сонгуульт ажлуудыг тус тус хийдэг.

Эдийн засагт санхүүгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог эн тэргүүнд нэвтрүүлэх ёстой. Зэсийн үнэ 5000 ам.доллар болж буурсан нь хамаг юмны буруу байсан гэх нь холгүй дүгнэлт гарч байна. Түүхий эдийн үнэ өсөх эсхүл буурах үед эрсдлийг тооцож байдаг тогтолцоо байгаагүйн сөрөг үр дагавар одоо гарч байгаа. Алт, зэсийн үнэ өндөр үед түүнээс олсон ашгаа тусгай санд хадгалаад, олон улсын санхүүгийн хэрэгсэлд байршуулан үнэ цэнийг өсгөдөг хуримтлалын тогтолцооны тухай ярьж байна. Үүнийг Тогтворжуулалтын сан гэдэг. “Санхүүгийн инженерчлэл” гэсэн ойлголт үүнээс урган гарч байгаа юм. Манайх ийм санг байгуулсан ч сонгогчдод таалагдахын тулд бэлэн мөнгө болгон тараасан нь том сургамж болон үлдлээ. Бусад орнууд үнийн өсөлт, бууралтаас урьдчилан сэргийлсэн санхүүгийн инженерчлэлийг эрчимтэй ашиглаж, тогтвортой хөгжлийг бий болгосон. Тухайлбал, Европт Норвеги, Африкт Ботсвана, Америкт Канад зэрэг улсуудыг дурьдахад хангалттай.

Санхүүгийн хэрэгслийг арилжаалдаг газар нь Хөрөнгийн бирж. Гэтэл манайд үүсмэл санхүүгийн хэрэгслүүдийг ашиглахгүйгээс асар их боломжийг алдаж байгаа. Бусад орон үүнийг хэрэгжүүлээд амжилттай хөгжиж байна. Эндээс туршлага авч ажиллах ёстойг удаа дараа яриад байхад төрийн удирдлагууд ойлгож ажил хэрэг болгодоггүй нь харамсалтай.

Ер нь бид уул уурхайгаа хөгжүүлж байж улс орноо хөгжүүлнэ гэж газар сайгүй яриад байдаг. Гэхдээ газрын доорх баялгаа газрын дээр гаргахдаа эрдэнэс болгох хэрэгтэй. Эрдэнэс болгож чадахгүй юм бол түүнийг ашиглаад хэрэггүй. Байгаль дэлхийгээ сэндийчиж, малчдын газрыг булааж, эргэн тойрны агаар, хөрсийг бохирдуулж, аялал жуулчлал хөгжүүлэх боломжийг устгаж байхад нэг л өдөр газрын доорх баялаг маань дуусна. Ирээдүй хойч үеийнхээ баялгийг одоо идэж уугаад хоосон авдар үлдээх бодлого явуулж байгаа нь буруу.

МӨНГӨНИЙ БОДЛОГО ГАНЦ ХҮНИЙ ХАРИУЦЛАГАД БАЙХ НЬ ЭРСДЭЛТЭЙ

Монголбанкны үе үеийн ерөнхийлөгчид байнга улс төрийн дарамтанд ажилладаг. Уг нь хуулиараа хараат бус боловч бодит байдалд өөр байдаг. Төв банкны мөнгөний бодлого “Ерөнхийлөгч” гэсэн ганц хүний хариуцлага дор байна гэсэн үг л дээ. Гурван сая хүний амь амьдралтай холбоотой санхүүг ганц хүнд хариуцуулан даатгах нь эрсдэлтэй, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц тогтолцоо. Бусад орнууд яаж шийддэг гэхээр Мөнгөний бодлогын зөвлөлийг бие даасан бүтэцтэй байхаар парламент нь баталж өгдөг. Зөвлөл нь аливаа асуудлыг хамтаараа, олонхийн саналаар шийддэг. Гишүүдийн хэлсэн үгийг тодорхой хугацааны дараа нийтэд хэвлэн мэдээлдэг. Манайх ийм зөвлөлтэй болох нь чухал байна.

Мөн хөгжлийн асуудал ярихад заавал санхүүгийн асуудал яригдана. Том крантаар урсдаг мөнгөний урсгал нь хэдхэн том компанид очдог. Гэтэл нийт хямраад байгаа жижиг аж ахуйн нэгжүүдэд хүртээмжтэй биш. Тухайлбал, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн зөвхөн дөрвөн хувь л тэдэнд очжээ. ЖДҮ, бичил бизнес нь хөдөлмөрийн зах зээл дээрх ажлын байрны 50 хувийг хангаж, ажилгүйдлийг бууруулах, ярууралд өртөх эрсдэлийг арилгах гол арга зам болж байгаа.

Нөгөө талаас дан ганц мөнгөөр ядууралтай тэмцэхгүй. Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд төр засгийн бодлого үгүйлэгдэж байна. Санхүүгийн боловсролын цагаан толгой зааж өгөөгүй байж шууд хувьцаа тараагаад эхлэхээр түүнийгээ үр өгөөжтэй удирдан, ашиг орлоготой болгож чадахгүй хоосон хоцорсон гашуун түүх бий. 1990-ээд оны үед цэнхэр, ягаан тасалбар тараах үед иргэд хувьцааны талаар анхан шатны мэдлэг, ойлголттой байсан бол Монголын бүх иргэд өнөөдөр өмчтэй, хөрөнгөтэй болсон байх байсан. Одоо бас л ямар ч бэлтгэлгүй байж 1072 хувьцааг тарааж өгөхөөр ярьж байгаа нь буруу юм. Олон хүн энэ хувьцаа гэж юу болох, яаж үр дүнтэй, өгөөжтэй болгох, яаж эргэлтэнд оруулах талаар мэдлэггүй байгаа.

ХӨГЖЛИЙН БАНК, БОНДЫН САНХҮҮЖИЛТИЙН ЭРЭМБЭ ДАРААЛЛЫГ ЗӨВ ТОГТООХ НЬ ЧУХАЛ

Хөгжлийн банк томоохон хэмжээний хөгжлийн хөтөлбөр, төслүүдийг санхүүжүүлэх эрэмбэ дарааллыг алсын хараатай урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулж санхүүжүүлэх нь зүйтэй. Мөн Хөгжлийн банк нь дан ганц хөрөнгө оруулалтын банкнаас гадна шинэ оновчтой бүтээлч санаа, инноваци бүхий төслүүдийг соронз шиг татдаг, түүнийг сонгон шалгаруулж үнэлж дүгнэж санхүүжүүлдэг байгууллага болж хөгжих, ийм чадавхийг бий болгох шаардлагатай. Төслийг банкны санхүүжилтийн шаардлагад нийцүүлж боловсруулах чадавхийг бий болгох, төслийн менежментийг олон улсын жишигт хүргэх нь ирээдүйн алдагдлаас хамгаалж чадна.

Манайд тэтгэврийн сан нь санхүүгийн идэвхтэй эргэлтэнд орохгүй байна. Ажил хийж орлого олж байгаа иргэдийн төлсөн шимтгэлийг өндөр өгөөжтэй санхүүгийн хөрөнгөд оруулбал хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлэх бололцоог бий болгохоос гадна иргэдэд хүртээмжтэй, хүндээ наалдацтай болно. Тэтгэврийн сангийн хөрөнгийн зохистой удирдлагын үр дүнд урт хугацааны үндэсний хуримтлал бий болдог. Бусад орнуудын тэтгэврийн сангууд нь асар их хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж, бодит эдийн засгийн үр өгөөжтэй салбаруудад эргүүлэн үржүүлж байдаг.

Тэтгэврийн, нийгмийн, эрүүл мэндийн даатгалд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг үр өгөөжтэй ашигтай менежменттэй болгох хэрэгтэй. Мэдээж үүнийг тусгай мэргэшсэн санхүүчид л гүйцэтгэнэ. Тиймээс инфляцид идэгдэхгүй, валютын ханшийн эрсдэлд орохгүй, тархаан байршуулах эрсдлийн бодлогоор өсгөх, тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулах хэрэгтэй. Учир нь эдийн засагт орж буй дөрвөн төгрөг тутмын нэгийг жижиг дунд үйлдвэрлэл бий болгодог.

 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮЧИЙГ АШИГЛААГҮЙГЭЭС ЭДИЙН ЗАСГИЙН НӨӨЦ БОЛОМЖОО АЛДАЖ БАЙНА

 

Саяхан Социнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн хурлыг Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо нь Улаанбаатар хотод зохион байгууллаа. Тус хурал дээр Азид хөдөлмөрийн зах зээл дээр эмэгтэйчүүдийг ижил тэнцүү оруулж чадаагүйгээс 40 тэрбум ам.долларыг алдсан гэсэн судалгааг Азийн хөгжлийн банкнаас хийсэн гэж мэдэгдсэн. Малайз, Индонез, Энэтхэг зэрэг улсад эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээл дээр 30-70 хувь болгож өсгөж чадвал жилд 2-4 хувийн эдийн засгийн өсөлтийг хангахаар байна.

Япон улс эмэгтэйчүүдийнхээ хүчийг ашиглаж, эдийн засгийн уналтаас гарах хөгжлөө өөд татахаас аргагүй гэж Ерөнхий сайд нь мэдэгдсэн. Канадын Ерөнхий сайд Засгийн газрынхаа 50 хувийг чадалтай, боловсролтой эмэгтэйчүүдээс бүрдүүлсэн. Тэгэхээр монголчууд бид дэлхий нийтийн жишиг хандлагыг анхаарч, шинэчлэлт өөрчлөлт хийж, боловсролтой чадвартай эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд ажиллуулах цаг нь болсон.

Лондон, Дубай, ХонКонг гээд олон улсын санхүүгийн төвүүд алгын чинээ газарт ажилладаг туршлагыг бид нэвтрүүлэх боломжтой. Тухайлбал, Дубайн олон улсын санхүүгийн төв шиг чөлөөт бүс байгуулах хэрэгтэй. Тэд энэхүү бүсдээ 50 жил татваргүй санхүүгийн бизнесийн үйл ажиллагааг явуулах эрх олгосон. Мөн чөлөөт бүсэд явуулах бизнесийг Английн хуулиар хэрэгжүүлэхийг зөвшөөрч чадсанаар одоо дэлхийн 400 гаруй банк санхүүгийн томчууд тэнд үйл ажиллагаа явуулж байна. Иймээс манай дотоодын банкууд хол явахгүй хажуугаасаа бага өртөгтэй хөрөнгө оруулалт бөөний зээл санхүүгийн үйлчилгээг авч чадах юм. Ингэснээр санхүүгийн үйлчилгээний нөгөө яриад байдаг зээлийн өндөр хүү шимтгэл хураамжийг бууруулах, зээлийн бага хүүтэй эх үүсвэрийг бий болгох боломжтой. Олон нийтэд ч хүртээмжтэй болно.

Х.МОНГОЛХАТАН

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж