Оффшор данстай холбоотой шуугиант үйл явдал, дуулиант нэрсийн жагсаалт газар авлаа. Гэвч энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн нийслэлчүүдийн аз жаргалтай амьдрал, Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн жанжин шугамыг тодорхойлох хариуцлагатай, нэн чухал шийдвэрийг маргааш НИТХ-аар гаргах гэж байна. Тэр нь “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төсөл цаашид үргэлжлэх эсэх, түүнээс үүдсэн утаан хөшиг үгүй болох эсэхийг шийдэх шийдвэр юм. Мөн “Сайн хашаа” хөтөлбөрийг эхлүүлэх асуудал ч багтаж байна.
Оффшор данс, оффшор бүс бол хашаагаа байраар сольж, сайхан амьдрах гэсэн жирийн иргэнд үнэндээ сонин биш. Татварын таатай орчныг хайж мөнгөө байршуулж байгаа хэдэн улс төрч, бизнесмэнүүд байгаа л биз. Тэдний асуудал тэндээ л шийдэгдэнэ. Харин нийслэлчүүдийн нүд цавчилгүй анхаарах асуудал нь маргаашийн шийдвэрээс үүдэлтэй гэр хорооллыг орон сууцжуулах ажил. Ард түмэнд оффшор тойрсон үнэн, худал нь мэдэгдэхгүй яриа биш аз жаргалтай, эрүүл, тайван амьдрал л хэрэгтэй. Хүлээлт үүсгэсэн шийдвэр тэгвэл аль тийш хазайх бол. Ямартай ч нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон түүний баг олон жил ургасан “хогийн ургамал”-ыг үндсээр нь устгаж, шинийг зоригтойгоор эхлүүлж чадсан. 2013 оноос хойш жил бүр зуу зуун айл өрх, будаг нь ханхалсан шинэ байрандаа орсоор байна. Зуу зуун айл мянга мянгаар тоологдох боломж ч байсан гэдгийг нуух юун. Харамсалтай нь хий улс төржилт, ашиг сонирхлын зөрчилтэй гацаалтаас үүдэж төлөвлөгөөт ажил удааширсан гэдгийг энд сануулъя. Гэхдээ л босч гүйхгүй ч мөлхөж урагшилсаар л байна.
Төсөв мөнгөний асуудал хүнд байдалд орсон нь үнэн. Гэхдээ ард түмэн, нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан ажлаа урагшуулахын төлөө тэмцсээр байгаа нь нүдний өмнө ил харагдаж байна. Бодит байдал л энэ. Одоо тэгвэл урагшаа гүйхгүй юм аа гэхэд ядаж босч алхмаар байна. Ажил хийж байгаа багийг босгож, алхуулмаар байна. Үүний тулд зөв бодол, зөв сэтгэлээр оновчтой шийдвэр гаргаж хамтдаа урагшлах цаг болжээ. Хэрвээ ингэж чадвал 2020 он буюу 4-5-хан жилийн дараа нийслэлийн гэр хороолол тэр чигтээ өнгө нэмсэн өндөр, өндөр барилгуудаар солигдох юм. Цаг хугацаа хоёр талыг хэрэлдэж дуусахыг хүлээхгүй шүү дээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлт төсөл хэрэгжсэнээр утаагүй, стресгүй, өвчингүй болно гээд гарах эерэг үр дагаврыг нь бүгдийг нь хангалттай тайлбарласан. Үүнд сөрөг зүйл нэг ч байхгүй. Харин нөгөө л увайгүй улс төржилт араасаа маргаан дагуулсаар.
Аливаа бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр хэрэгжих гол зангилаа нь эцсийн дүнд хөрөнгө, мөнгө байдаг. Тэр утгаараа нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хөрөнгө мөнгийг нь шийдээд өгчихвөл зургаан жилийн дотор гэр хороололд аж төрдөг айлуудыг бүгдийг нь орон сууцжуулж чадна” хэмээн ам гарсан удаатай.
НИТХ-аас гарах хүсэн хүлээсэн шийдвэр үүнтэй ижил ойлгоход тун энгийн зүйл. Товчхондоо, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийн хүрээнд ажиллаж байгаад санхүүжилтгүйгээс болж зогссон компаниудын үйл ажиллагааг сэргээх, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, түүнд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төсвөөс нийт санхүүжилтийн 30, арилжааны банкуудаас 70 хувийг гаргаж тухайн компаниудад зээл олгох зарчмаар явахаар болсон. Ингэснээр нийслэл, арилжааны банкууд хоорондын харилцааны үндсэн дээр дотоодын зах зээлд 14-15 хувьтай байгаа зээлийн хүү нэг оронтой тоонд шилжих боломжтой юм. Бага хүүтэй санхүүжилт олгосноор үйл ажиллагаа нь тасалдаад байгаа тэдгээр компаниуд хэвийн, тогтмол ажлаа үргэлжлүүлнэ.
Түүнээс гадна гэр хорооллын бүсд амьдарч буй иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэр хорооллыг инженерийн хэсэгчилсэн дэд бүтэцтэй хороолол болгон хөгжүүлэх “Сайн хашаа” хөтөлбөрийг боловсруулаад байгаа. Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр таван жилийн хугацаатай, сард 100 мянган төгрөгөөс ихгүй буюу хоёр оронтой тоонд багтсан төлбөр төлөхөөр 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломжтой юм байна. Хэрвээ 100 мянган төгрөгөөс дээш төлбөр төлөхөөр бол Засгийн газар төсвөөр дамжуулан, нийслэлийн захиргаа хамтарч, 50 хүртэлх хувийг төр болон хот хариуцна гэсэн хувилбараар эхний нэгээс хоёр жилд зээлийн төлбөрөөс чөлөөлөхөөр зохицуулжээ.
Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн гурав дахь том давалгааг эхлүүлэн, эхний ажлуудад багтаж чадаагүй хашаа байшинтай иргэд дахин төлөвлөлтөд хамрагдах боломжийг бүрдэж байгаа юм. Эхний ээлжинд нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд байгаа 69 мянга 200 өрхөд чиглэсэн бодлого явуулж, 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр болжээ. Харин дараагийн ээлжинд аймгийн төвүүдэд “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжих юм байна.
Тиймээс өөрөөс нь илүү нэр хүндтэй болж, илүү их ажил хийчих гэсэн өнцгөөс биш нийт ард түмэн, нийслэлчүүдийн эрх ашиг, элэг бүтэн амьдралын төлөө НИТХ-ын эрхэм төлөөлөгчид зөв шийдвэр гаргана гэж найдъя. Хэрвээ тэгж чадахгүй бол одоогийн гацаа, бий болоод байгаа маргаантай нөхцөл байдал яг энэ чигтээ хадгалагдах аюултай.
Эцэст нь хэлэхэд гэр хорооллын иргэдийг орон сууцтай болгох энэ асуудал нь улс төржсөн зүйл огт биш. Уул уурхайд хандаж ирсэн шиг ашиг сонирхлын үүднээс хэзээ ч хандаж болохгүй юм.
Х.ГАРЬД