УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар хэвлэлийн хурал хийлээ.
Тэд өнгөрсөн бямба гаригт нээлтээ хийсэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байна. Учир нь 6 тэрбум ам.долларыг олон улсын 14 банк санхүүгийн байгууллагаас авч байна. Энэ 6тэрбум долларыг авснаар Монгол Улсын 2021 оноос хүртэх байсан ашиг 17 жилээр хойшилж байна гэж үзэж байгаа юм байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ “Оюутолгой хөдөлгөөнд орлоо гэж ярих юм. Гэтэл өмнө нь ч хөдөлж байсан. Тухайлбал, 2014 онд 3,8 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ нь Монгол Улсын төсвийн 61 хувьтай тэнцэнэ. Гэхдээ улсын төсвийн дөнгөж, 6,5 хувийн ачааг үүрдэг. 2015 онд 3,3 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний алт зэс борлуулсан. Гэтэл улсын төсөвт 300 тэрбум төгрөг төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл улсын төвсийн 56 хувьтай тэнцэх хэмжээний борлуулалт хийчихээд, улсын төсвийн зургаан хувьтай тэнцэх хэмжээний татвар төлдөг гэсэн үг юм. Үүнээс харахад манай улсад нэмэр болж байгаа юм алга. Тиймээс өнгөрсөн бямба гаригт хийсэн нээлт бол монголчуудыг доромжилсон үйлдэл юм” гэлээ.
Т.ДАВААНЯМ