Оюутны сургалтын зээлийг ирэх 7 хоногт олгоно

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Оюутны сургалтын зээлийг ирэх 7 хоногт олгоно

“Сайн оюутан” хөтөлбөрийг өнгөрсөн долоо хоногт Засгийн баталсан. Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Уг хөтөлбөрт оюутнууд хэрхэн хамрагдах, зээлийг яаж олгох тухай ерөнхий журмыг баталжээ. Хөтөлбөрийн хүрээнд оюутнуудад богино болон урт хугацаатай зээлийг олгох аж. Тэгвэл энэ долоо хоногт БСШУЯ арилжааны гурван банк, магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежиудтай гурвалсан гэрээ байгуулсанаар сургалтын төлбөрийн зээл олгож эхлэх юм байна.

Дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлэх аж. Энэ хүрээнд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээд боловсролын сургалтын төлбөр санхүүжүүлэхээр авсан иргэдийн зээлийн одоогийн хүүг таван хувь болгон бууруулах аж.

Энэ тохиолдолд зээлдэгчид дараах шаардлага тавигдана

a. Төлбөр төлсөн оюутны голч дүн 2,5-аас дээш байх

б. Оюутан нь дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан байх

в. Төлбөр төлсөн оюутан нь зээлдэгчийн гэр бүлийн гишүүн байх

г. Зээл авснаас хойш 14 хоногийн дотор сургалтын төлбөр төлснийг нотлох сургуулийн болон зээлдэгчийн дансны хуулга, бусад баримттай байх

2. Урт хугацааны зээлд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан хамрагдана. Нэгдүгээр дамжааны оюутнуудад элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-аас дээш байх, хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнууд 3,5-аас дээш голч дүнтэй байх шаардлага тавигдана.

Зээл нь их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан банк эрсдэлийн удирдлагын хүрээнд шийдвэрлэнэ. Жилийн хүү нь 5 хувь, барьцаагүй байх бөгөөд оюутан сургууль төгссөнөөс хойш 4 жил хүртлэх хугацаанд эргэн төлөх юм байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж