Урт сахал, бүдүүн тамхи

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Урт сахал, бүдүүн тамхи

Миний сахал бол баяр баясгалан, өөдрөг үзлийн илэрхийлэл. Веласкес бид хоёрын сахал адилхан. Харин Ницшегийн сахалтай яг эсрэг юм байна. Миний төсөөллийн хүч шиг сахал маань дээш чиглэж ургадаг.

 

Сальвадор Дали

Нарийхан, урт хар сахалтай, бүхнийг гайхаж, тохуурхсан харцтай, хачин этгээд нэгэн… Нөгөөх нь урландаа дотуур өмдтэйгөө бүтээл туурвидаг, бүдүүн тамхи зуусан, өндөр хамартай испани эр. Тэднийг танихгүй, мэдэхгүй хүн ховор биз ээ.

Сальвадор Дали, Пабло Пикассо

Угаас ховор, содон, тэр тусмаа суут хүмүүс дахин давтагдашгүй төрдөг. Испанийн алдарт зураач Пабло Пикассо Мадридын уран зургийн сургуульд урлагийн боловсрол эзэмшсэн бол 1921 онд Сальвадор Дали Мадридын уран зургийн сургуулиа хаяж байжээ.

Энэ хоёр суут хүнийг онцолсны учир нь тэдний мэдрэмж, авьяас, сэтгэхүйгээрээ туурвисан, нүд сэтгэл алдрам бүтээлүүд Монголд ирснийх юм.


Сальвадор Дали зургийн сургуулиасаа явахдаа “Энэ сургуулийн аль ч проффесорт намайг шүүх чадвар алга. Тиймээс би гарлаа” хэмээн хэлсэн байдаг. Дали 1925 он хүртэл бие даан уран бүтээл туурвиж байгаад Мадридын “Далман” галерейд анхны үзэсгэлэнгээ гаргажээ. Үүнээс нэг их удалгүй Парист очихдоо тэр Пабло Писсасог зорьж очиж уулзсан байдаг.

Анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасныхаа дараахан өөрөөсөө 23 насаар ах Пикассотой уулзсан нь түүнийг сургуулийнхаа проффесоруудаас илүүд үзсэн хэрэг. Гэхдээ Испанийн алдарт хоёр зураач уран бүтээлийн урсгал, илэрхийллийн хувьд өөр хоорондоо эрс ялгаатай.

“Хэрвээ би зураач болоогүй байсан бол бухтай тулалдагч болох байсан” гэж ярьдаг Пабло Пикассогийн уран бүтээлд бух, далай тэнгисийн амьтад, түүний хайртай Эсмеральда ямаа /Шагналд авсан ишгэндээ тэр ийм нэг өгчээ/, шар шувуу зэрэг ан амьтад голлодог бол хөрөг зургууд нь хүүхдийн гэмээр энгийн хирнээ илэрхийллийн хувьд хүчтэй бүтээлүүд байдаг.   

Пабло Пикассо

Пабло Пикассо дэлхийн урлагийн түүхэнд кубизм /1907 онд Пабло Пикассо, Жорж Браз нарын бий болгосон, эргэн тойрон дахь бүх зүйлийг геометрийн дүрсээр илэрхийлж болохыг харуулсан урсгал/ урсгалын төлөөлөгч хэмээн үлдсэн зураач.

Харин Сальвадор Дали сюрреалист /Мөрөөдөл болон зүүд, бодит байдлын зайг нөхөх зорилгоос үүссэн урсгал/ бүтээлүүдээрээ алдар цуугаа үлдээсэн уран бүтээлч. Тэрээр “Миний нэр испаниар аврагч гэсэн үг бөгөөд технологийн дэвшил заналхийлж байгаа цаг үед урлагийг хоосролоос  аврахаар ирсэн” хэмээн хэлж байжээ.

Улаанбаатарт анх удаа дэлгэгдэж байгаа, болж өгвөл Улаанбаатарын хүн бүхэн үзчих хэрэгтэй “Сальвадор Дали ба Пабло Пикассо” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 29 хүртэл нэг сарын хугацаатай үргэлжилж байна. Энэ бол дэлхийн агуу, суут бүтээлийг маш хямдхан, хялбараар үзэх гайхалтай боломж юм.

Хоёр зураачийн алдартай бүтээлийн эх хувийг урлагийн бүтээлийн цуглуулгаараа дэлхийд эхний дөрөвт нэрлэгддэг Александр Шадрины гэр бүл Монголд авчирчээ. ОХУ-ын цуглуулагч Александр Шадрин болон түүний хүү Ярослав Шадрин нар дэлхийн 10 гаруй оронд Сальвадир Дали, Пабло Пикассо нарын бүтээлийг дэлгэн үзүүлсэн байна. Энэ удаа тэд Монголд уран зураг, баримал нийлсэн 200 орчим бүтээлийг сонгож авчирчээ. 200-гаас илүүг авчрах боломж байсан ч үзэсгэлэнг нээх Занабазарын музейн зай талбайгаас хамааран ийм тооны бүтээлтэй ирсэн хэмээж байлаа.

Философигүй зураг бол уншуургүй номтой адил.

Та Далигийн сюрреалист бүтээлүүд төсөөллийн хүч, сэтгэхүйн хувьд давтагдашгүй байдлыг шингээсэн болохыг энэ үзэсгэлэнгээс харж мэдэх болно. Түүний уран зургууд уншиж тайлах, ойлгож хүрэлцэхэд үзэгчээс нилээд ухаан нэхдэг. Тэр утгаараа ч Далиг хоосролоос аврахаас ирсэн “Аврагч” гэдгийг илтгэх мэт.  

Энэхүү үзэсгэлэнг толилуулж буй Александр Шадрин “Хоёр зураачийн зан ааш зарим талаар Мигель де Сервантесийн “Дон Кихот” зохиолын баатруудтай адилхан юм” гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Нээрэн л, Сальвадор Далиг Дон Кихоттой, Пабло Пикассог Санчотой адилтгаж болмоор…

Сальвадор Дали.

Сальвадор Дали.


Пабло Пикассо. “Малчин ба ямаа”. 1956 он, керамик

Пабло Пикассо. “Авиньоны хүүхнүүд”. 1970 он.


ҮЗЭСГЭЛЭНД ТАВИГДСАН БҮТЭЭЛЭЭС:

САЛЬВАДОР ДАЛИ (1904-1989)

  • Галан залаат бүсгүй /1980 он, хүрэл/
  • Далигийн бүжигч /1978-84, хүрэл/
  • Ньютоныг хүндэтгэхүй /1980 он, хүрэл чулуу/
  • Өнгөрөн одсон цаг хугацаа /1977 он, хүрэл/
  • Хүн загас /1976 он, цаас, өнгөт бар/
  • Алаг нүдэн цэцэг дундах хөрөг /1968 он, цаас, гравюра/
  • Цэцгэн бүсгүйчүүд /1970 он, цаас, өнгөт бар/

ПАБЛО ПИКАССО (1881-1973)

  • Бухтай тулалдагч ба бух /1959 он, керамик/
  • Эмэгтэй /1956 он, цагаан шавар, паалан/
  • Ургуулан дүрсэлсэн хөрөг /1969 он, хатуу цаас, бар/
  • Шар шувуу /1955 он, керамик/
  • Ямаан толгой хажуунаасаа /1950, керамик/
  • Малчин ба ямаа /1956, керамик/
  • Алган дахь загас /1953 он, керамик/

Б.БАДАМГАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж