Хотын аль ч гудамжаар явсан “Оффисын өрөө түрээслүүлнэ”, “Талбай зарна” гэсэн бичигтэй энд тэндгүй тааралдах. Томоохон худалдааны төв болох “Дүнжингарав”, “Гурван гал” зэрэг худалдааны төвүүдийн лангуунууд хоосорч, ихэнх нь түрээсэлнэ гэсэн томоос том зар хаджээ. Амралтын өдөр гэхэд худалдан авагч цөөхөн, уг нь өдийд оюутнуудын хонхны баяр гээд хөл хөдөлгөөн их, худалдан авалт сайн байдаг ч энэ жилийн хувьд эдийн засгийн хямралаас болсон уу, зарж байгаа барааных нь борлуулалт тун муу байгааг “Гурван гал” дэлгүүрийн худалдагч бүсгүй хуучлав. Ер нь өнгөрсөн оны намраас худалдан авалт буурсаар олон худалдаачид түрээсээ дийлэхгүй лангуугаа буцааж өгөхөд хүрсэн байна.
Тэндээс гараад Монгол улсын их сургуулийн хажууханд үйлчилгээ эрхэлдэг нэгэн жижигхэн цайны газар хоол идэхээр оров. Танхимын энд тэнд хоёр гуравхан хүн хоолож суусныг эс тооцвол бараг хүнгүй байх аж. Хэдийгээр цайны цагийн үе хэдий ч гадуур хооллох хүмүүс эрс багассан хэмээн зөөгч нь хэлж байв. Өдөртөө 300 мянган төгрөг өлхөн хийчихдэг байсан тус цайны газар өнөөдөр 100 мянган төгрөгийн орлоготой ажиллаж байгаагаа дуулгав. Зөөгчийн хэлснээр хүмүүс ихэнхдээ ширхэгийн бууз, хуушуур нь авах нь ихэссэн гэнэ. Өмнө нь ширхэгийн хоол хийдэггүй байсан тус цайны газар орлогоо бодоод хуушуур, бууз хийж эхэлсэн гэв. Мөн үйлчлүүлэгчид нэг хоол аваад дундаа хувааж иддэг болсон талаар цайны газрын тогооч хэлж байна. Тогооч бүсгүйг Болорчимэг гэдэг. Энэ цайны газарт 3 жил ажиллаж байгаа гэнэ. Худалдан авагчдын орлого буурсан нь үйлчилгээний газруудын орлогыг бууруулж, энэ нь ажилчнаа цомхотгоход хүргэж буйг нуусангүй. Ядаж байхад “үнэ нь өсөхгүй” гээд албаны хүмүүсийн яриад байсан махны үнэ ахиад магнаг болсон нь хоолныхоо үнийг нэмэхэд хэцүү, байх хэцүү төвөгтэй байдалд оруулж буй гэнэ.
Хоолныхоо үнийг нэмчихвэл хүн орж ирэхгүй. Гэтэл махны үнэ өсөөд байдаг. Хүнс, хөдөө аж ахуйн яам юу бодож байгааг чөтгөр бүү мэд гэж улстөржиж үзлээ.
Гудамжинд нүдний шил худалдаалдаг иргэн Ш.Цэцэгээ “Би багшийн дээдийн энэ орчимд дөрвөн жил нүдний шил зарж байна. Энэ жил худалдан авалт эрс багассан. Өмнөх жилүүдэд өдөрт 10 хүнд нүдний шил зардаг байсан бол одоо өдөрт 3-4 нүдний шил зарж байна. Энэ хавьд гар дээрээс худалдаа эрхэлдэг иргэд ч багассан” гэж ярилаа. Нүдний шил сонирхож байсан бүсгүй хөндлөнгөөс ярианд оролцож, цалин хөлс нь хаана ч хүрэхгүй байгааг ярив.
Мөн түргэн үйлчилгээний мухлаг ажлуулдаг О.Алтанцэцэг “Худалдан авалт муудаад, бид өрнөөс өрний хооронд амьдарч байна. Заримдаа зээлээ сар бүрийн 15-ндаа өгч чадахгүй үе ч гардаг. Өдрийн орлого 50 хувиар эрс буурсан нь бидэнд мэдрэгдэж байна” хэмээн учирлана.
Таксины жолооч нар хүртэл “халтуур” хийхээр такси авах хүн байхгүй, дэмий бинзенээрээ хохирох болсон гэж ярих юм. Үүнээс харахад иргэд мөнгөндөө хэмнэлттэй хандаж, илүү хэрэглээгээ багасгаж эхэлсэн бололтой. Энэ мэт хямралд хотынхон илүү өртөж байгаа нь олон зүйл дээр харагдана.
А.ЦЭЭСҮРЭН