Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлээд байна. Парламентаар хэлэлцэж ч амжаагүй байгаа энэ бодлогын талаар гадаад харилцаа судлаачид, дипломатууд өөр өөрийн байр суурийг илэрхийлцгээж буй.
Ийм бодлоготой болох нь туйлын чухал гэсэн нэг хэсэг байхад ойрын хөршүүдээ “өдсөн” маягийн дэмий зүйл болсон гэх хүмүүс ч байна. Гадаад хэргийн сайд асан туршлагатай дипломатчид энэ бодлогыг эсэргүүцэн телевизийн дэлгэцээр сүрхий онол яриад байгаа боловч хэрэг дээрээ байнга төвийг сахих бодлого баримталснаас үүдэн гарах бэрхшээл, ерөөсөө төвөгшөөх ямар нэг шалтгааныг хэлэхгүй байгаа юм. Дээрх эрхмүүд энэ бодлогыг дотроо дэмжиж байгаа ч хэн нэгний эрх ашгийн үүднээс буруу зөрүү тайлбарлаад байж болох.
Монголчууд эрт дээр үеэс бусдын эрх ашгийг хүндэтгэн үзэж төвийг сахиж ирсэн уламжлалтайг бид бүгдээрээ мэдэж байгаа. Бүр энгийнээр илэрхийлбэл “Улааныг харж урвахгүй, шарыг харж шарвахгүй” гэсэн ардын философитой явсан улс. “Өөрийн байр суурь дээрээ тогтвортой сууж, бусдыг дагаж урваж шарвахгүй ээ” л гэсэн үг.
Төрийн бодлогодоо ч эртнээс бусад улс оронтой дайсагналцахгүй, эвийг эрхэмлэж, найрамдалт харилцаагаа хөгжүүлж, төв тогтвортой гадаад харилцааг явуулахыг эрхэмлэж ирсэн орон. Ардын засгийн анхны жилүүдэд эрдэмтэн Жамсрангийн Цэвээн “Манай улс гадаад харилцаандаа төвийг сахих бодлого баримтлах нь зүйтэй. Үлгэрлэвээс Швейцарь лугаа байвал зүгээр” хэмээн хэлсэн байдаг.
Монгол Улс 1960-аад оны эхээр байгуулагдсан Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд идэвхтэй явж ирсэн улсын нэг. Цэргийн эвсэлд үл нэгдэх зарчим дээр дэлхийн 118 улсыг нэгтгэсэн тэрхүү том байгууллагад дэлхийн хүн амын 56 хувь багтдаг бөгөөд Монгол Улс ардчилал ялмагц 1991 онд түүнд гишүүнээр элсч, Дээд хэмжээний уулзалтад нь 2003 оноос Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшнд оролцсоор ирсэн билээ.
Эвсэлд үл нэгдэх, өөрөөр хэлбэл аль нэг эвслийг дагалгүй төвийг сахих бодлоготой орнуудын эгнээнд Монгол Улс нэлээд хожим элссэн нь бас учиртай.
Энэ хөдөлгөөнийг Энэтхэгийн Жавхарлал Неру, Египетийн Гамаль Абдел Нассер, Индонезийн Ахмед Сукарно, Югославын Иосип Броз Тито зэрэг өнгөрсөн зууны дунд үеийн улс төрийн нэртэй зүтгэлтнүүд санаачлан байгуулсан байдаг. Тухайн цагт хүйтэн дайн оргилдоо хүрч, дэлхий ертөнцийн ихэнх нь АНУ, ОХУ гэсэн хоёр туйлд хуваагдаж байсан тул Монгол Улс хойд “их ах”-ыгаа дагаж байсан нь мэдээж. Харин энэ хоёр туйлыг дагасан эвслийн альд ч нэгдэхгүй төвийг сахисан орнууд энэ эвслийг байгуулж, гуравдагч ертөнц хэмээх төвийг сахисан хөдөлгөөн байгуулсан байдаг.
Ардчилал ялж, Монгол Улс бие даан хөгжих эрх чөлөөгөө олж авмагц эдгээр эвсэлд үл нэгдэх орнуудын эгнээнд тэр даруй элссэн нь мөнөөх уугуул, төвч үзэлтэй нь шууд холбоотой гэж хэлж болно.
Байнга төвийг сахих бодлого гэдэг нь монголчуудын унаган үзэл баримтлалтай нь ийнхүү шууд холботой бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны гуравдугаар сард Eagle телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Одоо хүйтэн дайны дараачийн нөхцөл байдал үүсч байна. Дэлхийн олон улс, биднийг тойрсон бүс нутгийн улсууд ч гадаад бодлого, стратеги, аюулгүй байдлынхаа бодлогыг шинээр томъёолж байна. Манай хөршүүд ч тэгж байна. Бүс нутгийн орнууд ч тэгж байгаа. Болзошгүй хүндэрэлтэй нөхцөл байдал үүсэхэд бид ямар байр суурьтай байх вэ гэдгээ урьдчилж томъёолж байгаа юм. Үүнээс Монгол Улс хоцорч болохгүй. Энэ дотроос хамгийн барьж авах боломжтой, уламжлалт олон тулгуурт энхийг сахисан бодлогын бодит үргэлжлэл болж гарч ирж байгаа бодлого бол төвийг сахих бодлого байгаа юм” хэмээн тов тодорхой хэлсэн билээ.
Тэгэхээр бүс нутаг, дэлхийн бусад орнуудаас монголчууд онцгойроод, цоо шинэ бодлого гаргаж ирж, “бусдыг өдөөд” байгаа зүйл огт байхгүй. Бусад улс орнууд ч хүйтэн дайны үеийг үүрд үдэж, ардчиллын давалгаа нөмөрсөн 1990, 2000-д оныг өнгөрөөгөөд одоо цоо шинэ нөхцөл байдалд баримтлах гадаад бодлогоо дор бүртээ тунхаглаж эхэлж байгаа байх нь. Энэ дунд Монгол Улсын баримтлах гадаад бодлогын тулгуур бол төвийг сахих бодлого байх юм гэдгийг л гаргаж ирж байгаа хэрэг. Төвийг сахисан орон өөрийн үгээ хэлэх, үйлдлээ тайлбарлах эрхтэй гэсэн нэг лут зарчим бий. НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд цэргээ илгээх, хүмүүнлэгийн бусад үйл ажиллагааг ч бид явуулсаар байж болно гэдгийг үүгээр нотолж байгаа юм.
Одоогийн байдлаар тууштай төвийг сахих бодлого бүхий 10 гаруй орон байдаг. Австри, Ватикан, Ирланд, Коста-Рика, Лихтенштейн, Мальт, Финланд, Швед, Швейцарь, бидэнтэй ижил системд байсан Туркменистан гээд “тохитой, тулхтай” орнууд энэ бодлогыг баримталж байна. Энэ бодлогын анхдагч нь Швейцарь бөгөөд бүр 1815 онд байнга төвийг сахих статусыг тунхаглан, тухайн цагийн том гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлснээс хойш 200 жилийн хугацаанд тус улсын нутаг дэвсгэрт дайн түрэмгийлэл гараагүй байдаг.
Туркменистан Улс 1995 онд энэ статусыг авч, нутаг дэвсгэр дээрээ олон улсын байгуулллагуудын төвийг байгуулан, тэр хэрээр хөрөнгө мөнгө ч татаж байна.
Монголд ч ялгаагүй төвийг сахих бодлогоо баталснаар Женев хот шиг олон улсын байгууллагуудын төв, салбар байгууллагуудыг байршуулан нэр хүндээ асар их өсгөж, тэр хэрээр тусгаар тогтнролоо улам бат найдвартай болгож болох юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд саяхан Улаанбаатарт болсон АСЕМ-ийн орнуудын Парламентын түншлэлийн уулзалт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “АСЕМ центр” гэсэн олон улсын төв байгуулах санал дэвшүүлсэн. Энэ нь тэдгээр олон улсын төвүүдийн эхлэл байж болох талтай.
Эдгээрээс үзэхэд төвийг сахих бодлогыгтөвөгшөөж үзэх ямар ч шалтгаан харагдахгүй л байгаа юм.
Д.ЦЭНГЭЛ
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН